Шатахууны үнийг Ерөнхий сайд тогтоодоггүй

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг Ерөнхий сайд тогтоодоггүй

Шатахууны үнийг Ерөнхий сайд тогтоодоггүй

Хагас жилийн хугацаанд импортлогчид шатахууныхаа үнийг гурван ч удаа нэмлээ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногт шатахууны 20-30 төгрөгөөр нэмжээ. Шатахууны үнийн нэмэгдэл цаашлаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөдөг.

Цалингийн нэмэгдэл, шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж эхэллээ. Иргэд бухимдалтай, мөнөөх л муу л бол захын хар овоохой гэгчээр Засгийн газрыг шүүмжилж эхлэв. Гэтэл үнэндээ Засгийн газар нь шатахууны үнийг тогтвортой байлгах гэж онцгой албан татварыг нь тэглэж, бүхий л боломжоо ашиглаж буй. Засгийн газраас валютын ханш болон дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлттэй уялдсан татварын бодлогыг хэрэгжүүлснээр шатахууны хангамж тогтвортой байгаа.

Шатахууны хувьд Монгол Улс гадаад зах зээлээс, ялангуяа Оросоос шууд хамааралтай хэвээр байгааг тоон баримтаас харж болно.

Өнгөрсөн онд импортлосон шатахууны хэмжээг тооцвол 94.5 хувийг нь ОХУ, 3.4 хувийг БНСУ, 1.8 хувийг БНХАУ, үлдсэн 0.3 хувийг бусад улсуудаас импортложээ. Энэхүү статистикаас харахад Монгол Улс Москвагаас шатахууны хувьд бүрэн хамааралтай гэсэн үг.

Ерөөс шатахууны үнийн асуудал Монгол Улсын зовлон байсаар л байгаа.  Дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барих хүртэл шатахууны үнийн нэмэгдэл олон нийтийн бухимдал, шүүмжлэл дагуулах нь тодорхой. Учир нь дэлхийн зах зээлд нефтийн үнэ хэрхэн өсөх дээр нь дотоодын зах зээлд долларын ханш яаж өөрчлөгдөх нь шатахууны үнийг өсгөх шалтгаан болж ирсэн.

Тухайлбал, Ойрх Дорнодын бүс нутгийн орнуудын геополиткийн зөрчилдөөн, валютын ханшийн өөрчлөлт, АНУ-ын газрын тосны олборлолтын хэмжээний өөрчлөлт, Ираны цөмий хөтөлбөрийн эсрэг АНУ-аас авч хэрэгжүүлж буй  хориг арга хэмжээ зэрэг олон талын нөлөөллөөр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2018 онд тогтмол өссөнөөр брент төрлийн газрын тосны сарын дундаж үнэ 2018 оны нэгдүгээр сард 69.02 ам.доллар байсан бол 2018 оны наймдугаар сард 73 ам.доллар болж 5.8 хувиар өссөн байна.  Энэхүү 5.8 хувийн өсөлт Монголд 20-30 төгрөгийн нэмэгдэл болж дотоодын зах зээлд зарагдаж буй шатахууны үнэд шингэсэн гэсэн үг.

ОХУ нь дэлхийн зах зээлийн газрын тосны үнийн хандлагаас үүсээд буй дотоодын шатахууны үнийн өсөлтөөс сэргийлж өнгөрсөн наймдугаар сараас эхлэн газрын тосны бүтээгдэхүүний экспортын татварыг 30-90 хүртэл хувиар нэмэгдүүлэх эрхийг ОХУ-ын Төрийн Думаас нь  Засгийн газартаа олгоод байгаа. Мөн онцгой албан татвар (ОАТ)-ын хувь хэмжээг бүтээгдэхүүний төрөл, экологийн ангилалаас хамааруулан 2019 оны 01 дүгээр сараас нэмэгдүүлэхээр тогтсон зэрэг гол импортлогч улсаас өгч буй мэдээллийг харвал Монгол Улс цаашдаа өөрийн үндэсний үйлдвэртэй болохоос өөр гарцгүй.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын зүгээс шатахууны үнийг яавал тогтвортой байлгах вэ гэдэг дээр бодлогын хувьд байнгын зохицуулалт хийсээр ирсэн билээ. Эдийн засгийн олон олон шалтгааны улмаас үе, үеийн засгийн газар шатахууны үнэд бодлогоор оролцохоос өөр аргагүй болдог. Гэхдээ мэдээж, үнийг хүчээр барих ч юм уу, төгрөг үйлдвэрлэж импортлогчдод тараах нь түр хугацааны гал намжаах арга болохоос эдийн засгийн хувьд зөв хөшүүрэг биш.  Үнийг яаж суурь үнэд нөлөөлөхгүй барьж болох хувилбараа өргөтгөсөн ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа тухай Сангийн сайд хэлсэн, үүнийг нь харах л үлдэж байна.

Монгол Улс ОХУ-ын “Роснефть” компанитай урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн. 2014 оны  тавдугаар сард ОХУ, Монгол улсын аж ахуйн нэгжүүд хооронд байгуулсан худалдааны гэрээнд бүтээгдэхүүний үнийг Сингапурын олон улсын бирж дээрх шатахууны үнэд суурилсан томъёоллоор сар бүр тооцдог болсон нь дэлхийн зах зээл дээрх өрсөлдөхүйц үнээр бүтээгдэхүүн худалдан авах боломжийг бүрдүүлсэн байдаг. Уг гэрээний хугацаа дуусах дөхсөнтэй холбоотойгоор 2017, 2018 онуудад хоёр улсын Засгийн газар хоорондын төвшинд болон Роснефть компанийн удирдлагуудтай хийсэн удаа дараагийн уулзалтуудаар “Бүтээгдэхүүн нийлүүлэх үндсэн гэрээ”-нд заасан үнэ тооцох томъёололд өөрчлөлт оруулж, 2018 оны  тавдугаар сарын 1-ний өдрөөс бүс нутаг, бүтээгдэхүүний төрлөөс хамааран шатахууны үнийг 20-40 ам.доллараар бууруулахаар тохиролцжээ.

Түүнээс Ерөнхий сайд нефть импортлоод, зараад, үнийг нь нэмээд байгаа асуудал огтхон ч биш. Түүний нэг амбиц бол үндэсний газрын тосны үйлдвэр барьж, ашиглалтад оруулах. Ингэснээр Монгол Улс үнийн хувьд, үндэсний аюулгүй байдлын хувьд ч хамгаалалттай болох юм.

Ж.ЭРХЭС

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж