М.Энхболдын тавиланг Л.Оюун-Эрдэнэ тойрсонгүй!

Хуучирсан мэдээ: 2025.05.15-нд нийтлэгдсэн

М.Энхболдын тавиланг Л.Оюун-Эрдэнэ тойрсонгүй!

М.Энхболдын тавиланг Л.Оюун-Эрдэнэ тойрсонгүй!

-Жаран тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг удирдах ёсзүйн эрхгүй. Тиймээс сайн дураараа УИХ-ын даргын бүрэн эрхээсээ түдгэлзэж, ажлаа өг!

Долоон жилийн өмнө Л.Оюун-Эрдэнэ ийм шаардлагыг УИХ-ын дарга асан М.Энхболдод тавьж байлаа. Тэгэхэд тэрбээр УИХ-ын сул гишүүн, “Монголчууд одоо л манан бүлэглэлээс салах эсвэл хэзээ ч үгүй гэсэн сонголтын өмнө зогсож байна” гэж зүй ёсны шаардлага тавьж байсан нь цагаан дээр хараар бичигдэн үлджээ. Тэгвэл өдгөө Монголын төрийн эрх  МАНЖ бүлэглэлийн гарт шилжин очсон, монголчууд мөнөөх адил хоёр сонголтын өмнө гудамжиндаа гарлаа.

Тэр үеийн тэмцэгч Л. Оюун-Эрдэнэ өдгөө нам, төрийн тамгыг хамтад нь атгасан Монголын улс төрд номер гуравдугаарх болжээ. Тэрбээр М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахад оройлон оролцсоныхоо дараа У.Хүрэлсүхийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдож байсан юм. “Би ямар ч албан тушаалд очихгүй” гэж мэдэгдэж явсан ч гүйцэтгэх засаглалын гал тогоог хоёр жил хариуцсан бол Засгийн газрын тэргүүнээр дөрвөн жил тогтвортой ажиллаж байна.

Тогтвортой төр гэдэг нь төрийн тогтолцоо, институци тогтвортой байх тухай юм. Монгол Улс Үндсэн хуульдаа ардчилсан, парламентын засаглалтай байна гэж суулгаж өгсөн. Товчхондоо, Монгол ардчилсан, парламентын засаглалтай байх нь төрийн тогтвортой байдал гэж хэлж болно.

Түүнээс хэн нэгэн эрх мэдэлд хэт тогтвортой байх нь ардчиллаас автократ засаглал руу гулсах эрсдэлтэй. Монгол Улс одоогоор автократ засаглалын томоос том анхааруулгатай яваа. Тэр үүднээс дүрээ солих шаардлага өнөөдөр М.Энхболдыг огцруулж асан үеийнх шиг нийгмийн нэг захиалга болсон байна.

Үнэндээ “Улстөрч, живх хоёрыг ижил шалтгаанаар тогтмол сольж байх ёстой" гэх Марк Твэйний үгийг парламентын гишүүдэд сануулахад буруудахгүй мэт. Таван намаас бүрдсэн парламент нь эрх ашиг, хөрөнгө мөнгөнд нүд, чих, амаа боолгуулж, гүйцэтгэх засаглалынхаа хормой дор орсон ийм олон гишүүнтэй, сөрөг хүчин томтой ч, ийм сул дорой УИХ урьд өмнө байсангүй.

Парламентын танхимаас Засгийн газраас хариуцлага нэхдэг хүн улам цөөрсөөр сүүлдээ гүйцэтгэх засаглалынхаа боол нь болж хувирсан байна.

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. УИХ-ын үндсэн гол үүргийн нэг нь гүйцэтгэх засаглалынхаа үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага тооцох юм. УИХ нь энэүү үүргээ умартсан бол үүнийг сануулж, шахах эрх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бас бий. Гээд харамсалтай нь Монголд хууль эрх мэдэлтэй дарга нарт нэг өөр, энгийн иргэдэд тэс өөр үйлчилдэг  болоод удсан. Байр суурь, үзэл бодол, үнэт зүйл өөр нэгнээ нийгэм даяар ялладаг “Монгол ялна” ажиллагаанд Монгол үндсэндээ дампуурч дууслаа.

Тэртээх 2018 онд М.Энхболдын хаанчлалыг эсэргүүцэн тэмцэхдээ “Бүх баримт нь тодорхой, олон нийтийн анхааралд байгаа асуудлыг Өмнөд Солонгос эсвэл Японд чимээгүй хаавал ард иргэд нь цаг ч тэсэхгүй эсэргүүцлээ илэрхийлэх байсан” гэх үгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өдгөө мартсан бол эл үгийг эргэн сануулъя. Тэрбээр мөн “Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй” гэж асан байр суурийг нь бас  “нэхэн дурсая”.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү, бэр хоёрын тансаглал Монголын нийгмийн трэнд сэдэв болж байна. Тэр тусмаа авлигатай тэмцэгчээс ард иргэд нь хөрөнгө орлогоо нотлохыг шаардаж суугаа мэдээж зүй ёсных юм. Энгийн иргэн Л.Оюун-Эрдэнийн хүү хэрхэн тансаглах нь хэнд ч хамаагүй асуудал. Улсын төсвийг захиран зарцуулах эрхтэй, Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүний хүүгийн тансаглал "хүний нялх хүүхдийн асуудал" огт биш юм. Энгийн иргэдийн амьдралаас тасарсан  эл тансаглалын цаана авлига, хулгай байх магадлал машид өндөр. Иймээс иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс улстөрчийн ёс зүй, хувь хүний ёс суртахууныг нэхээд байгаа юм.

Урьд өмнө нь Ардын намын ахмад гишүүн Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрт 2.5 тэрбумын шахаа хийсэн хүүгээ өмөөрөхдөө “Аав хүний ёсоор ярьж өгсөн нь үнэн” гэх улаан цагаандаа гарсан увайгүй хариулт өгөөд болчихдог байлаа.  Хамгийн сайхан нь энэ удаад иргэд хэржүүжсэн байна. Нэн ялангуяа төрөөс үл хамааралтай амьдрахыг хүсдэг, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, чөлөөт эдийн засгийг дэмждэг залуус талбай дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж байна. Яг М.Энхболдыг албан тушаалаасаа буухыг шаардаж асан Л.Оюун-Эрдэнэ шиг.

Овоо босгоогүй бол шагшрах шаазгай байхгүй, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн тансаглал ордны эрх мэдлийн төлөөх ил далд зөрчил тэмцлийн нэг хэсэг болох нь нэн ойлгомжтой.  МАН дотор шинэ нэкстийн төлөөх тэмцэл хурцадсан, МАНай дайсан МАНайд л бий.

Л.Оюун-Эрдэнийн дайсан Л.Оюун-Эрдэнийн  тун ойрхон суугаа. Нөхөд гэдэг ноход боллоо гэдэг чинь зөвхөн дууны үг төдий биш юм. Зураг түүх өгүүлдэг, нэгэнтээ М.Энхболдын дайсан түүний дэргэд нь инээмсэглэн сууж байсны адил.

Үндсэндээ, Л.Оюун-Эрдэнэд эцэг хүний ёсоор хүүгээ өмөөрөх үг тайлбар байхгүй ч биз. Сайн хүү эцгийн нэрийг өндөрт өргөдөг бол муу хүү чихийг нь халууцуулдаг нь сургаал үг. Гэвчиг үр хүүхэд эцгийн гэмийг үүрэх ёсгүй ч үр хүүхдийнхээ өмнөөс эцэг, эх хариуцлага хүлээх нь нийгмийн нэг ёс зүй юм.

Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдож, өндөр сэнтийгээсээ хөөгдөж буусан М.Энхболдын зовлонг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр туулж байна. Экс спикер М.Энхболд түүний шаардлага, тэмцлийн үр дүнд УИХ-ын даргаас огцорч байв. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ажлаа өгөх шаардлагыг ард иргэд тавьж байна.

М.Энхболд шиг албан тушаалтайгаа зууралдаж, сандал суудлаасаа чирэгдэж буувал түүний ирээдүйн улс төрд цэг тавигдана. Шинэ үеийн улстөрч гэж өөрийгөө тодорхойлдог тэрбээр шинэ соёлыг харуулж, эцэг хүний ёсоор уучлалт гуйгаад албан тушаалаа өгч чадвал тэр хүүдээ жинхэнэ эр, хайртай аав нь болж үлдэнэ. Улс төрд зөв, шинэ жишиг тогтооно. Хожмын улс төрд нь ч нэмэртэй.

Жич: Анх Ерөнхий сайд болох үеэс чинь ингэж анхааруулсан: Улс төрд хол явъя гэвэл ураг төрлөөсөө хол бай. Ураг төрөлтэйгөө явъя гэвэл улс төрөөс хол бай гэж!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
9
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж