Төв талбайд "Огцрох амархан" жагсаал өнөөдөр /2025.05.14/ болж байна. Иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан ийнхүү жагсч буй. Жагсаалд зорин ирж байгаа иргэдийн олонх нь залуус байна. Жагсаал өнөөдөр 20:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд нэмэгдэж ирсээр байгаа юм.
Жагсагчдын зүгээс "Орлогоо нотлох амаргүй. Огцрох амархан", "Бэрх"-ийн үеэлүүдийг тэжээхэд бэрх боллоо", "Ерөнхий сайд: Орлогоо нотол" гэсэн уриа лоозонгууд барьжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцруулах үндэслэлүүд нь:
1. Инфляци, үнийн өсөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэж чадаагүй.
2. Ажилгүйдэл, ядуурал буураагүй.
3. Түүхэнд байгаагүй өндөр төсөв баталсан ч төсвийн зарцуулалт ил тод бус
4. Хамтарсан Засгийн газар байгуулснаар сөрөг хүчний үүрэг алдагдсан.
5. Ардчиллын индексээр Сонгуулийн автократ ангилалд шилжсэн.
6. Хэвлэлийн эрх чөлөө хумигдсан
7. УИХ-ын гишүүн Ж.Баярмаад Ерөнхий сайдын гаргасан зохисгүй хандлага нь эмэгтэйчүүдийн эрх, парламентын соёлд ноцтойгоор халдсан
8. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээний эх үүсвэр тодорхойгүй зэргийг нэрлэжээ.
Мөн иргэн Г.Доржтүвдэнгээс УИХ-д хаяглан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөл гаргасан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд "Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлд зааснаар “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэснийг тус тус үндэслэн УИХ-д хандан ЕС Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөл санаачилж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хариуцлагатай, шударга, ардчилсан засаглал явуулах амлалтаа биелүүлээгүй, иргэдийн амьжиргаа доройтсон, хүний эрхийн суурь зарчмуудыг үл хүндэтгэсэн бодит нөхцөл байдал үүсээд байна. Ерөнхий сайдыг огцруулах энэхүү шаардлага нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах үндэслэлтэй гэж үзэж байна" гэжээ.





3,575.80






















































Холбоотой мэдээ