Өнгөрсөн жилийн намар ОХУ дотооддоо түлшний эрэлт ихэссэн, мөн энэ үед нефть үйлдвэрлэгч компаниуд засвар үйлчилгээ хийсэн зэргээс шалтгаалж, тус улс дизель түлшний экспортоо хоёр долоо хоног орчмын хугацаагаар зогсоосон. Хэдийгээр хойд хөрш Монгол Улсыг экспортын хоригтоо оруулаагүй ч татан авалт дээр асуудал үүссэнээр импортлогчид түлшээ хязгаарлалттай олгож, иргэд ШТС-ын гадаа өнжин, хонон дугаарлахад хүрсэн. Тэгвэл ОХУ өчигдөр /2024.08.15/ шатахууны экспортын хоригоо 2024 оны дуустал сунгасан байна.
Уг шийдвэр Монгол Улсад хэрхэн нөлөөлөх, шатахуун, дизелийн нөөц хэр байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газраас тодруулсан юм. Тус газраас ОХУ-ын шатахууны экспортын өмнөх хоригт Монгол багтаагүй, тиймээс ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэв. Мөн шатахуун болон дизель түлшний нөөц хангалттай байгаа аж. Улсын хэмжээнд шатахууны нийт үлдэгдэл 177 мянган тонн байгаа юм байна. Үүнээс АИ-92 шатахуун 42 мянган тонн, дизель түлш-124 мянган тонн, АИ-95 бензин 4.5 мянган тонн, ТС-1 шатахуун 6223 тонн, А-80 бензин 613 тонн байна.
Баруун бүсийн шатахууны нөөц 13 мянган тонн, хангайн бүс 6031 тонн, төвийн бүсэд 35 мянган тонн, зүүн бүс 8957 тонн шатахууны үлдэгдэл нөөцтэй байгаа ажээ.
Монгол Улс 2024 он гарсаар нийтдээ 1.7 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнээс А-80 автобензин 3.7 мянган тонн, АИ-92 автобензин 572.9 мянган тонн, АИ-95/98 автобензин 13.8 мянган тонн, дизель түлш нэг сая тонн, ТС-1 /онгоцны түлш/ 54.0 мянган тонныг импортолсон байна.
Удахгүй хичээл сургууль, ургац хураалт эхэлнэ. АМГТГ ургац хураах үед бензин, шатахууны хомсдол нүүрлэхгүй гэдэгт итгэлтэй байна.

3,595.11















































