АТГ-аас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын хүмүүсийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр баривчилснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл уг хэрэгт сэжиглэгдэн хоригдсон хүмүүсийн ар гэрийнхэн хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцон н.Тулгын ээж М.Эрхэмхүүгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Хүү чинь хоригдоод багагүй хугацаа өнгөрлөө. Хүүтэйгээ уулзсан уу, холбогдсон хэргийнхээ талаар юу гэж тайлбарлаж байна?
– Миний хүүг АТГ-аас баривчилан хорьсноос хойш 57 хоног өнгөрлөө. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгө завшсан гээд нэг л өдөр бариад явчихсан. Хүүд минь ямарч буруу байхгүй шүү дээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцсон хүн болохоос шийдвэр гаргах эрх мэдэлтэн байгаагүй. Тэр “Нүүрс” хөтөлбөр чинь Засгийн газрын шийдвэрээр хэрэгжсэн. Хүүтэйгээ хоригдсоноос нь хойш хоёр удаа уулзлаа. “Би ямар ч буруу байхгүй. Надад итгээрэй ээжээ” гэдэг. Хүүгийн маань өмгөөлөгчийн хэлснээр улс төрийн явуулгаар хилс хэрэгт л хамруулах гээд байгаа бололтой юм. Данс, тооцоог нь нягтлаад мөнгө дутаагүй гэдгийг нь тогтоосон гэсэн. Гэтэл “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө угаасан гээд зарлаад байх юм.
-Хүү чинь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхд ажилд яагаад оролцсон юм бол?
-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Тэргүүн шадар байх үеэс хамтран ажилласан. “Нүүрс” хөтөлбөр эмзэг бүлгийн олон өрхөд тус дэм болсон гэж боддог. Гэр хороололд түлэх нүүрсгүй өвөлждөг айл олон байсан шүү дээ. Харин ч энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ өнгөрсөн өвөл нүүрсний үнэ өсөөгүй, хямдарсан гэдгийг гэр хорооллынхон мэдэж байгаа байх. Миний хүү энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гар бие оролцсоноороо олон өрхөд буян болсон гэж бодож байгаа.
-Хүүгийн чинь бие тааруу байгаа гэв үү?
-Миний хүү нурууны гэмтэлтэй. Тэр нь өвдөхөөр нь хөл нь мэдээгүй болчихдог юм. Хоригдсоноос нь хойш нуруу нь өвдөөд хөлөө даахгүй чирээд явж байна. Нуруу, хөл нь өвддөг хүнийг заавал хориг шаардлагатай юм уу, гадуур байцааж болохгүй юу гэсэн хүсэлтийг өмгөөлөгчөөр нь дамжуулж мөрдөн байцаагчид нь тавьсан. Гэтэл урдаас “танай хүүхэд жүжиглээд” байна гэсэн байна лээ. Миний хүү оргон зайлаад зугатаад явчихгүй нь тодорхой шүү дээ. Хүү маань өвдөхөөсөө гадна сэтгэл санаагаар аймаар унасан. Янз бүрээр нь дарамтлаад зодсон гэсэн. Камерт нь гар утастай хүн оруулаад утсаар яриад дарамталсан сураг байна. Хүүг минь хилсээр яллах гэж янз бүрээр оролдож байх шиг. Хилс хэрэг хүлээхгүйн тулд хүү маань өлсгөлөн зарлана гэдгээ хэлсэн. Хүний төлөө ажил хийсэн биш хэрэгтэн болчихно гэж хэн санах билээ. Үнэхээр хүү маань мөнгө төгрөг идсэн бол өр зээл тавьж байр авах уу. Найман хувийн зээлээр орон гэртэй болсон. Би хүүгээ тийм муухай юм хийхгүй гэдэгт эх хүнийхээ хувьд итгэж байна. Тиймээс Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав хандаж гомдол гаргах бодолтой байгаа. Миний хүү мөнгө завших хүн биш ээ.
М.ЯЛАЛТ