Ардын хүүхэд наадамд түрүүлж болох ч допингтой байж болохгүй

Хуучирсан мэдээ: 2025.07.26-нд нийтлэгдсэн

Ардын хүүхэд наадамд түрүүлж болох ч допингтой байж болохгүй

Ардын хүүхэд наадамд түрүүлж болох ч допингтой байж болохгүй

"Үндэсний их баяр наадам" гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баярыг хэлнэ гэж хуулинд заажээ. Өөрөөр хэлбэл, эв нэгдэл, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх баяр аж. Бодит байдал дээрээ талцал, хуваагдал, өв соёлоо харлуулах шиг.

ЮУ БОЛООД ӨНГӨРСӨН БЭ?

Долдугаар сарын 12-ны орой ч улс орноороо сайхан наадаж, харуусал, гомдолтой үлдсэн хүн бараг байхгүй биз. Бөхийн залуу үеийнхэн хүч түрэн гарч ирж, хуучин мянганыхныг залгав. Долдугаар сарын 13-ны өдөр уяачдын наадам болж, улсын наадамд манлайлсан бөхчүүд бай шагналаа хүртэж, зарим нь малгайн тэмдэг, залаагаа солив. Долдугаар сарын 14-ны өдрөөс эхлэн допингийн шинжилгээний хариуд санаа зовсон хүмүүс мэр сэр гарч ирэн, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МОНАДА/-аас сураглав. Долдугаар сарын 21-ны өдөр үргэлжилсэн олон хоногийн амралт дуусч, монголчууд бөхийн шээсэндээ санаа тавьсан. МОНАДА-ийн ажлыг ч шавдуулж, хариу нэхлээ. Улмаар бөхчүүдийн шинжилгээний хариуны талаарх шуум сонсогдож эхлэв. Долдугаар сарын 24-ний өдөр МОНАДА албан ёсоор хэвлэлийн бага хурал зарлаж, допингийн зөрчил илэрсэн гэдгийг албан ёсоор зарлав. Ийнхүү хойно, урдаас нь мөшгисөөр байгаад хэн, хэн бэ гэдгийг мэдэв. Долдугаар сарын 25-ны өдөр гарьд цол хүртсэн Н.Өсөхбаяр өөрийгөө шинжилгээнд бүдэрсэн гэдгийг мэдэгдэв. Эндээс л уянгын халил эсвэл уур бухимдлаа илэрхийлэх монголчуудын цуваа тасарсангүй.

МОНАДА буруутай юу?

Муу л бол хойд захын хар овоохой гэгчээр допинг илэрвэл л МОНАДА руу чихдэг, тэднийг сэжиглэдэг үзэгдэл тогтжээ. Шүүмжлэл, алдаа оноо байгаа ч Ж.Хатанбаатарын үеэ бодвол энэ байгууллага харин ч нээлттэй, үйл ажиллагаа нь цэгцэрсэн гэлтэй. Тиймээс одоо шинжилгээний явцад нөлөөлдөг, хариуг өөрчилдөг, дээжийг сольдог, нуудаг гэх элдэв яриагаа зогсооё. В сорьцоо шинжлүүлэх эрх нь Н.Өсөхбаярт нээлттэй үлдсэн. Өнөө уддаг гэдэг Солонгосын лабораторийг Германыхаар сольсон. Гагцхүү МОНАДА-ийн хамгийн том алдаа нь хариугаа зарлахдаа хэт уддаг, хэн нэгэн нь дотроосоо мэдээллээ задруулдаг, ойлгомжгүй мэдээлэл хүргэдэг зэрэг нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна.

VERY LOW

Н.Өсөхбаярын дээжээс хориотой бодис “very low” буюу маш бага хэмжээгээр илэрчээ. Гэхдээ ямар төрлийн гэдэг нь тодорхой болоогүй. Нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй нь хэрэглэсэн л бол хэрэглэсэн. 2020 онд Н.Батсуурь аваргаас зүрхний эмийн найрлаганд ордог бодис “very low” хэмжээгээр илэрч  л байлаа. Гэхдээ олон зүйл ярьж, эсэргүүцээгүй. Буруугаа хүлээж, барилдах эрхээ хасуулсан мөн чимгээ хураалгасан. Одоо иргэдийн дунд Н.Өсөхбаяраас “very low” илэрсэн учир өршөөх хэрэгтэй, хүнтэй шүргэлцэх, тэврэлдэх төдийд л “very low” байдаг гэсэн уянгын халилтай, уран сайхны найруулгатай пост, сэтгэгдлүүд их явах аж. Олон улсын жишигтээ бол хэрэглэсэн л бол хэрэглэсэн. Гол нь ямар зорилгоор вэ гэдэг нь чухал. Эмчилгээний зорилготой байсан бол үүнийгээ наадамд барилдахаасаа өмнө МОНАДА-д хэлж тэмдэглүүлэх учиртай. Н.Батсууриас “very low” илрэхэд хүмүүс “Олон жил допингоо нууж байсан нь одоо баригдаж байна” гэсэн хандлагатай байсан бол одоо Н.Өсөхбаяраас илрэхэд  “Хэн нэгэн хорлосон байх, хүнтэй тэврэлдсэн байх” гэх зэргээр ярьж байгаа нь өнөөх л “double standart”. “Very low” гэдэг бол барилдах эрхийг нь хасахгүй өршөөх, гарьд цолтой нь хэвээр үлдээх шалтгаан болохгүй. Харин барилдах эрхийг нь богино хугацаанд хасах хэмжүүр.

НЭГ Л СТАНДАРТ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ

Улсын гарьд Н.Өсөхбаяр ирэх өдрүүдэд санаатай хэрэглээгүй гэдгээ нотолж чадвал нэг хүртэлх жилээр барилдах эрхээ хасуулна. Угтаа хоёр жилээс насан туршид нь хүртэл хасах дүрмийн заалт бий. Хуучин дүрмээрээ эхний удаад зөрчил гаргасан нь нотлогдож, буруугаа хүлээн зөвшөөрсөн бол хоёр “хүртэлх” жилээр эрхийг нь хасдаг байв. Н.Батсуурь аварга ч энэ үед нь уран нүүдэл хийн хэвлэлийн бага хурал зарлан наадамчин олноосоо бөхийн уучлалт гуйж байсан. Үр дүнд нь барилдах эрхээ 11 сараар хасуулсан түүхтэй. Улсын арслан Э.Оюунболдын хувьд хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй, шүүхээр давж заалдсан ч буруутай гэдэг нь нотлогдсоор байсан учир эхлээд хоёр жил дараа нь дахиж бүдрээд дөрвөн жилээр эрхээ хасуулсан юм. Сүүлд л гэхэд цэргийн арслан Г.Жамбалдорж допингийн шинжилгээнд бүдэрсэн ч түмэн олноосоо уучлалт гуйн, хаанаас, хэнээс, хэрхэн хориотой бодис авсан гэдгээ ярьсан учир 2024 онд хасуулсан эрхээ 2025 оны долдугаар сарын 13-ны өдөр сэргээж чадсан. Н.Өсөхбаярыг Г.Жамбалдоржтой харьцуулахад уучлалт гуйж, буруутайгаа хүлээн зөвшөөрлөө. Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.12.5-д зааснаар “Энэ дүрмийн 2.4.4-т заасан зөрчлийг гаргасан тохиолдолд эрх хасах хугацаа нь 2 (хоёр) жил байна. Тамирчны гаргасан алдааны зэрэглэлээс хамаарч уг хугацааг 1 (нэг) жил хүртэл хугацаагаар багасгаж болно” гэжээ. Шийтгэл нэг л стандартаар үйлчлэх ёстой.

ӨӨХ ШАТААГЧ ДОПИНГ МӨН ҮҮ?

Н.Өсөхбаяр өөрийн мэдэгдэлдээ өөх шатагчаас “very low” хэмжээтэй хориотой бодис илэрсэн гэжээ. Тэгвэл өөх шатагч допинг мөн үү? Зарим хүмүүс өөх шатаагчийг допинг биш гэх. Допинг буюу сэргээш нь хүч тамираа чадавхжуулахаар хэрэглэдэг эм, тариа юм. Спортод сэргээш хэрэглэхийг хориглодог бөгөөд сэргээшийг илрүүлэх цусны шинжилгээг байнга тамирчдаас авдаг. WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг жил бүр хориглосон эмийн жагсаалтаа шинэчилдэг. Энэхүү жагсаалт нь дотроо S0-S9 хүртэл ангилалтай. S0-S5 хүртэлх ангиллын бодисуудыг бүх цаг үед хэрэглэхийг хориглодог. Харин S6-S9 хүртэлх ангиллын бодисуудыг тэмцээний үед л хориглодог. Тэгэхээр Н.Өсөхбаярын хэрэглэсэн гээд байгаа өөх шатагчийн найрлагад эдгээр хориглосон ангиллын бодис агуулагдаж байгааг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн өөх шатаагчийн найрлагад S0-S9 хүртэлх ангиллын бодис багтсан бол тэрхүү өөх шатаагч нь допинг мөн.

ЦААШИД ЮУ БОЛОХ ВЭ?

Н.Өсөхбаяр өөрийгөө хорлогдсон гэж сэжиглэж байгаа учир шалгах, хянах ёстой газрууд нь шалгана. Гэхдээ нэг л зүйлийг баттай хэлж чадах нь тэрбээр эрхээ хасуулж, цолоо хураалгана. Гол нь хэдийгээр хугацаагаар хасуулах вэ гэдэг л байна. Өмнөх жишээнүүдээс харахад бараг л ирэх жилийн наадмын өмнөхөн шийдэгдэж таарах байх. Ерөнхийлөгчийн зарлигаар түүнд цол олгосон учир дахин Ерөнхийлөгчийн зарлигаар л түүний цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгоно.

Улсын Гарьд Н.Өсөхбаярт унасан бөхчүүд:

  • 4-ийн даваанд: Улсын харцага Г.Бадрах
  • 5-ын даваанд: Улсын гарьд Б.Гончигдамба
  • 6-ын даваанд: Улсын заан М.Лхагвагэрэл
  • 7-ын даваанд: Улсын заан Б.Пүрэвсайхан
  • 8-ын даваанд: Дархан аварга Н.Батсуурь

Харин энэ удаад Н.Өсөхбаяр гарьдад цолны даваанд унасан бөхчүүд дунд цол нэмэх бөх байхгүй, бүгд чимэг нэмж, дархан аварга Н.Батсуурийн үзүүрийн тоо нэгээр нэмэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж