Найр наадмын цаг өндөрлөх дөхөж байна. Тийнхүү бидэнд жил бүр тулгардаг хамгийн том асуудал болох агаарын бохирдол болон замын түгжрэл гэх асуудлуудтайгаа дахин нүүрэлдэх цаг хаяанд ирлээ. Жил бүр л энэ асуудлууд давтагдсаар байдаг боловч бид дахиж өвөл болохгүй мэт л зунжин найрласаар. Улаанбаатар хотын захиргаа болон Их Британи улсын “Skyral” компани хамтран хотын агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулах зорилго бүхий инновацын төслийг хэрэгжүүлж эхэллээ. “Skyral” компанийн төлөөлөгчийн онцолсноор, Монгол улс энэ төрлийн дижитал шийдлийг нэвтрүүлж буй дэлхийн цөөн орнуудын нэг болж буй аж.
Энэ оны долдугаар сарын 17-нд гарын үсэг зурсан тус хамтын ажиллагааны хүрээнд 1.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий туршилтын төсөл хэрэгжинэ.
Энэхүү төслийн гол зорилго нь нийслэлийн авто замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанд суурилсан “Digital Twin” гэх технологи ашиглан загварчлах явдал юм. Тийнхүү түгжрэлийн эх үүсвэрийг тодорхойлон, түүнд зориулсан ухаалаг шийдэл боловсруулах юм байна. Уг шийдэл нь замын хөдөлгөөнөөс гадна агаарын бохирдлоос сэргийлэхэд ч давхар ач холбогдолтой гэж үзжээ. “Төслийг хэрэгжүүлснээр, иргэдийн эрүүл мэндэд үзүүлж буй хор нөлөөг бууруулна гэж тооцоолж байна” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал дурдсан байна.
Skyral-ийн тооцоолсноор, 2025–2030 оны хооронд Улаанбаатар хотын замын түгжрэл, агаарын бохирдол болон замын хөдөлгөөний ослоос шалтгаалсан эдийн засгийн хохирлыг жилд 240–520 сая ам.доллараар бууруулах боломжтой. Энэ нь зөвхөн хэмнэлт бус харин иргэдийн эрүүл мэнд, замын хөдөлгөөний хүртээмж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн нэн чухал төсөл болно.
Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын хөгжлийн бодлогод тусгагдсан “20 минутын хот” үзэл баримтлалд нийцэж байгаа юм. Төслийн хүрээнд иргэд хотын аль ч бүсэд амьдарч байсан 20 минутын дотор эмнэлэг, сургууль, ажил, худалдан авалт зэрэг анхан шатны үйлчилгээг авах боломжтой болно гэж үзэж байгаа аж.
М.НАМУУН
3,595.38






















































Холбоотой мэдээ