Мана, гартаам, оюу зэрэг шилэн хоргонд байрлах эрдэнийн чулуун эдлэлүүд нь тун нарийн хийцтэй. Үнэт чулуун эдлэлээс гадна шүр, сувд, мана чулуугаар чимэглэсэн хаан, хатны өмсгөлүүд хүмүүсийн анхаарлыг ихэд татна.
Энэ мэт Монголын эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын эрдэнэсийн санд үе үеийн Богдуудын хурааж хуримтлуулсан эд баялаг, дотоод гадаадын зочид гийчид, элч төлөөлөгчдийн өргөн барьсан олон төрлийн чулуун эдлэлүүдээс олны хүртээл болгож буй нь энэ.
Өөрөөр хэлбэл, Богд хааны ордон музейн үзмэрт тэр бүр ил гаргаад байдаггүй, сан хөмрөгт хадгалагддаг чамин тансаг хийцтэй, үнэт, урлалын гайхамшигт эрдэнийн чулуун эдлэлүүд гэдгийг музейн тайлбарлагч тодотгов.
VIII Богд Жавзандамба хутагт, түүний хатан Дондогдуламын эдэлж, хэрэглэж байсан хаш, мана чулуун аяганы хийц болон хувцас хэрэглэлд эрдэнийн чулуу шигтгэсэн нь үнэхээр гайхамшигтай. Хаан, хатан хоёрын сувдан хээтэй хантаазны нэг хээг урлахад 22 мянган ширхэг жижиг сувдыг ашигласан байх аж.
Монгол чулуун дурсгал ихтэй орон. Тиймээс ч эрт үеэсээ чулуу, эрдэнийн чулууг өдөр тутмын аж байдал, ахуй амьдралдаа өргөн дэлгэр хэрэглэсээр ирсэн билээ. Монголчууд ихэвчлэн мана, гартаам, пийсүү, оюу зэрэг хатуу бөгөөд өнгөлөг чулуугаар гоёл чимэглэл хийдэг байжээ.
Мөн уламжлалт уран дархны алт, мөнгөн эдлэлийг байгалийн чулуутай хослуулан хосгүй үнэт бүтээл урласаар ирсэн түүхтэй талаар “Чулууны гайхамшиг’ үзэсгэлэн холбоотойгоор өчигдөр /2017.12.07/ зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн, судлаачид хэлж байлаа.
О.Мэндсайхан: VIII Богдын эрдэнэсийн сан дахь чулуун эдлэлийг судална
“Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт чулуун эдлэлүүд одоогоор судалгааны эргэлтэд ороогүй байгаа. Тийм учраас энэ удаагийн “Чулууны гайхамшиг” үзэсгэлэнгийнхээ хүрээнд шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачидтай ярилцахаар уг хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Цаашдаа Богд хааны музейн сан хөмрөг дэх үнэт чулуун эдлэлээр зурагт танилцуулгыг гаргах болно.
Үзэсгэлэнд дэлгэгдсэн зарим үзмэрээс танилцуулбал, уг ногоон хаш Аюушийг тэнгэрийг тэтгэсний зургадугаар онд Манжийн хаанаас хоёрдугаар Богдод бэлгээр ирүүлсэн тухай түүхэн эх сурвалжид дурдсан байдаг. Богд хааны хөрөнгийг 1924 онд хураан авч, гурван хэсэг газарт хуваан өгсөн. Харин манай музей нь 1926 оноос хойш музейн зориулалтаар ажиллаж эхэлсэн түүхтэй. Тухайн үед Богд хааны эрдэнэсийн санд хуримтлагдсан хөөрөгийн тухайд ширхгээр нь бус хайрцаг хайрцгаар нь тоолж байсан гэдэг. Үзэсгэлэнд дэлгэгдсэн хаш аягануудаас уг хүндэтгэлийн хайрцагтай, сийлбэртэй хаш аяга нь хааны хэрэглээнд байсан нь мадаггүй юм” хэмээн тус музейн захирал О.Мэндсайхан тайлбарлалаа.
“Цэцэг шиг өнгө өнгөөр алагладаг чулуу одоо юу ч үгүй алга болсон”
Хэлэлцүүлгийн үеэр “Говь нутагт бороо орсны дараа цэцэг шиг өнгө өнгөөр алаглан, солонгорч харагддаг үнэт чулуу одоо юу ч үгүй болсон” тухай геологич Б.Болд халаглан ярьж байв.
Тэрбээр Геологийн төв лабораторийн Чулууны цехийн зөвлөхөөр ажилладаг ажээ. “Би говийн аймгуудаар үнэт чулууны хайгуул, судалгааны ажлаар их явдаг. Манай орны үнэт чулууны олдоц 10 жилийн өмнөөс эхлэн дууссан гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд Хятад улсын иргэд нутгийн хүмүүсээр үнэт чулуу түүлгэж, өндөр үнээр худалдаж авах болсон. Өмнөговь, болон Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сум, Өвөрхангай аймгийн Богд сум, Баянхонгор аймгийн сумдаар мана чулууны орд газар ихтэй байсан. Байгалийн самар, жимс дараа жил нь дахин ургачихдаг бол хамгийн харамсалтай нь үнэт чулуу дахин нөхөгддөггүй түүхий эд. Ёндоо мана хэмээх хурууны өндөгний чинээ үнэт чулууг Хятадын наймаачид өнгө өнгөөр нь том, жижгээр нь ангилаад нэг килограммыг нь 25 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан бол одоо 60-70 мянган төгрөгөөр худалдаж авдаг болсон байна лээ. Эдгээр нөхөгдөшгүй байгалийн баялгаа хилээр гаргахгүйгээр хураан авч, улсын сан хөмрөгт тушаах хэрэгтэй” талаар санал бодлоо хуваалцсан юм.
А.Сүрэн
Гэрэл зургийг Э.Энхбат