Нийтийн тээвэр мөнгө угаах хэрэгсэл биш

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Нийтийн тээвэр мөнгө угаах хэрэгсэл биш

Нийтийн тээвэр аливаа улс орны хөгжлийн төвшинг тодорхойлдог, хамгийн эрэлттэй үйлчилгээ гэж ярихыг олонтаа сонсч байв. Харин нийслэл хотын маань хувьд нийтийн тээвэрт тав тухгүй, соёлгүй, бохир, жолооч, кондуктрын бүдүүлэг харилцаа, алдагдалтай ажилладаг гэх зэргээр сөрөг хандлага бий болсоор удлаа. Энэ байдлыг засах гэж төрөөс компаниудад татаас өгөх, парк шинэчлэлд тодорхой хэмжээний хөрөнгийг төсөвт тусгах зэргээр амь зогоож ирсэн. Харамсалтай нь, нийтийн тээврийн салбарыг зоосны нүхээр харж, зөвхөн мөнгө олох талбар мэтээр аашлах болж.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 24 компанийн 894 их багтаамжийн автобус, тролейбус үйлчилгээнд гардаг. Хувийн хэвшил давамгайлсан энэ салбараас төрийн өмчит гэх Автобус I, III Цахилгаан тээвэр гэх гуравхан компани бий. Нийтийн тээврийн салбарт үйлчилгээ эрхлэгч ихэнх компани тарифийн зөрүүнээс хамаарч алдагдалтай ажилладаг ч төрийн өмчит гэх компаниуд төрөөс олгох нөхөн олговрын багагүй хувийг авч, нийгмийн даатгалын сангийн өр зээлээ даруулсаар энэ салбарыг хөл дээрээ босох боломжийг  хомсдуулж байна. Хотын удирдлага шинээр томилогдсоноос хойш энэ салбарт дорвитой шинэчлэл, өөрчлөлт хийнэ гэж ярьж буй. Энэ ч утгаараа нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд үнэ төлбөргүй зорчих эрхтэй 98 мянган оюутан, 28 мянган өндөр настан, 25 мянган  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагдаагийн алба хаагч гээд үнэгүй зорчигчдын нөхөн олговорт нийслэлийн төсвөөс энэ онд 46 тэрбумыг төсөвлөжээ. Дээрх мөнгө бол зөвхөн нийтийн  тээврээр үнэгүй зорчигчдын нөхөн олговор. Үүнээс гадна энэ салбарын шинэчлэлд зориулж энэ онд гэхэд 28 тэрбум 800 сая төгрөгийг нийслэлийн төсөвт суулгаад байна. Үүнээс 25 тэрбумыг том, дунд оврын автобусны парк шинэчлэлд зориулах гэнэ. Харин үлдсэн дөрвөн  тэрбум  орчим төгрөгийг автобусны таван  эцсийн зогсоол тохижуулахад, таксины зориулалтын таван зогсоол байгуулахад 100 сая, цахилгаан тээврийн арван ширхэг дуобус, монбус угсарч үйлдвэрлэхэд 2.1 тэрбум, “Цахилгаан тээвэр” компанийн автобус, троллейбусны угаалгын цехийн барилга барихад 300 сая, цахилгаан суудлын таван автомашин угсрахад 100 сая төгрөгийг зарцуулахаар хуваарилжээ. Нэг ёсондоо төрийн өмчит “Цахилгаан тээвэр” компанид хөрөнгө оруулалтын дийлэнхийг зарцуулахаар болж. Тэр ч байтугай нөхөн олговор байдлаар 24 компанийн хуваан хүртдэг 46 тэрбум төгрөгийн дийлэнх хувь нь Цахилгаан тээвэрт очдог болохыг энэ  салбарынхан хэлж байна. Энэ мэт нийтийн тээвэрт зарцуулж буй мөнгөнөөс хамгийн сайн хүртэх “Цахилгаан тээвэр” компани монгол инженерүүдийн ур ухаанаар бүтээсэн гэх тролейбус үйлдвэрлэлээрээ хамгийн сайн PR хийдэг. Монгол хүн, эх орондоо автобус үйлдвэрлэж байна гэхээр сайшааж магтах нь захаас аваад бий болохоор арга ч үгүй байх. Гэвч үүний цаана төрийн мөнгийг угаах, монополь байдлаа ашиглан өрсөлдөөний хууль зөрчих, төрийн өмчит нэрийн дор хувийн компани байгуулан, төрийн мөнгөөр тэтгүүлж, ах дүүгээ шургалуулан, чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлж буйг энэ салбарынхан дэлгэж эхлэв.

“Цахилгаан тээвэр” ХХК-ийг ШӨХТГ-т шалгуулна

Хотын төвийн ачаалал ихтэй гол шугамуудад 30 гаруй тролейбус үйлчилгээнд гаргадаг “Цахилгаан тээвэр” компани нь Өрсөлдөөний хууль зөрчиж байгаа учир энэ салбарт ажиллагсад ШӨХТГ-т шалгуулахаар ханджээ. Тодруулбал, давхацсан чиглэлд үйлчилгээ үзүүлж буй аж ахуй нэгжүүдээс хямд үнээр зорчигч тээвэрлэж, шугамын орлого, үйлчилгээний соёлд сөргөөр нөлөөлөх, тролейбус нь автобустай адил багтаамжтай атлаа тээвэрлэх тарифаа 300 төгрөгөөр тогтоосон хэрнээ нөхөн олговроо 400 төгрөгөөр тооцож төсвөөс авдаг зэрэг шударга бус байдал газар авчээ. Харин тус компанийнхан тролейбус цахилгаанаар ажилладаг учир 200 төгрөгөөр үйлчилж байна гэх сурталчилгаа хийдэг аж. Үнэн хэрэгтээ нэг зорчигчоо 300 төгрөгөөр тээвэрлэнэ гэж тооцоолсон мөртлөө төрөөс 400 төгрөгөөр нөхөн олговор авдаг гэсэн үг. Энэ мэт нөхцөл байдал үүссэн учир ШӨХТГ-т шалгуулахаар хандаад байгаа гэнэ.

Д.Жаргалсайхан захирал охиндоо компани байгуулж, төсвөөс санхүүжүүлдэг

Монгол инженерүүдийн ур ухаанаар тролейбус үйлдвэрлэж нэвтрүүлсэн, цаашлаад өөр төрлийн цахилгаан дуобус, монбус, цахилгаан машин үйлдвэрлэнэ гэсээр нийслэлийн төсвөөс тэрбум тэрбумаар нь мөнгө суулгаж амжсан сүйхээтэй захирал Д.Жаргалсайхан хувийн компаниа төрийн өмчит компанийн дэргэд байгуулсан болохыг эх сурвалж хэлж байна. Тэрээр 2009 онд “Цахилгаан тээвэр” төрийн өмчит компанийн дэргэд “Аз сервис” компаниа тус компанийн дэд захирлаар ажиллаж байсан н.Лхагвасүрэнтэй хамтран үүсгэн байгуулж. Гэтэл “Аз сервис” компани нь төрийн өмч, эсвэл хувийн хэвшлийнх аль нь болох нь мэдэгдэхгүй явсаар таван жилийг ардаа орхисон байна. Өдгөө “Цахилгаан тээвэр”  ажилтнуудаа “Аз сервис”-т түрээсэлдэг үү? “Аз сервис” нь төрийн өмчит компанид харьяалагддаг уу гэх ойлгомжгүй байдал үүсчээ. Нэгэнт ийм тодорхойгүй нөхцөл байдал үүссэн учир нийслэлийн Аудитын газар шалгуулж байгаа аж. Энэ компанитай холбоотой ээдрээтэй асуудал ганц нэгээр дуусахгүй. Мөн л дэргэдээ тролейбус үйлдвэрлэдэг гэх “Эрдү” нэртэй компанийг байгуулж. Эх сурвалжуудын мэдээллээр Д.Жаргалсайхан захирал охиноороо энэ компанийг удирдуулдаг гэнэ. Тролейбус үйлдвэрлэдэг “Эрдү” компани “Цахилгаан тээвэр”-ийн хашаанд байрладаг болохыг бүгд мэднэ. Ийнхүү төрийн өмчит компаниийг удирдаж буй, цаашлаад нийтийн тээвэрт томоохон шинэчлэл хийхээр төлөвлөж буй Д.Жаргалсайхан захирал өөрийнхөө оролцоотой “Аз сервис”, “Эрдү” гэх компаниудын үйл ажиллагаа, ажилчид, орлого, зарлага нь холилдсон бантан болчихжээ.

Монгол стандарт буюу стандарт бус тээврийн хэрэгсэл

Цахилгаанаар ажиллах тролейбус, дуобус, монбус зэрэг үйлдвэрлэлийг нь дэмжиж  нийслэлийн төсвөөс гурван тэрбум гаруй, улсын төсвөөс дөрөв, нийтдээ долоон тэрбум орчим төгрөгийг “Цахилгаан тээвэр” компанид олгохоор болсон. Мэдээж бага мөнгө биш. Гэвч төсвийн хөрөнгөөр хаанахын стандартаар, ямархуу чанартай бүтээгдэхүүн гаргаж байна вэ гэдэг чухал. 2008 оноос эхэлж тролейбус үйлдвэрлэсэн туршлагатай гэх ч хуучин, хугацаа нь дуусаад акталсан автобусны кузов дээр цахилгаан мотор угсрах замаар олон сая төгрөгийн үнэтэй тролейбус үйлдвэрлэсэн тохиодол гарсныг салбарынхан нь шүүмжилдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарснаар өнгөрөгч оны арванхоёрдугаар сард үйлчилгээнд явж байсан тролейбусны ар хэсгээс гал гарч, шатсан тохиолдол гарсан. Тухайн үед цахилгааны ачаалал ихэссэнээс гал гарсан гэж тайлбарлаж байснаас харахад  30 жил ашиглаад дуусах шугам нь хэдийнэ элэгдэлд орсныг гэрчилнэ. Шугамын сүлжээ нь 1980-аад оны үед ашиглалтад орсон, 30 гаруй жил ашиглагдаад  дууссан, одоо шинэчлэх ёстой юм байна. Энэ нь нэг талаас шугамыг шинэчлэн солиход их хэмжээний хөрөнгө шаардагдах, нөгөө талаар нийтийн тээвэр иргэдийн амь насанд заналхийлж байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй нь.

Аливаа улсын нийтийн тээврийн хэрэгсэл хамгийн аюулгүй байх ёстой. Гэтэл өөрсдөө үйлдвэрлэн, өөрсдөө хэрэглэж буй “Цахилгаан тээвэр”-ийн тролейбусанд  амь насаа даатгаад зорчих баталгаа байна уу. Тус компанийнхан өөрсдөө “Монгол стандарт”-аар үйлдвэрлэсэн гэх үгээр ам тагладаг. Стандарчилал, хэмжил зүйн төвөөс “Монгол стандарт” гэгчийг өөрсдийн үйлдвэрлэдэг тролейбусандаа зориулж гаргасан гэх нь ч бий. Тэгэхээр тролейбус үйлдвэрлэнэ гэж нэг ёсондоо монголчилдог бололтой. Гэтэл олон хүний амь нас, эрүүл мэндийг хариуцдаг нийтийн тээвэрт олон улсын стандарт мөрдөгдөх ёстойг “Цахилгаан тээвэр”-ийнхэн мэддэггүй юү, мэдсэн ч нүдэн балай явдаг уу. Ямартай ч монгол стандарт гэх стандарт бус стандарт  бий болжээ.

Бүр цаашлаад нийслэлийн төсөвт суусан 25 тэрбум төгрөгөөр 250 сая төгрөгийн үнэтэй автобус үйлдвэрлэхээр ярьж яваа сурагтай. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч н.Гантөмөрөөс тодруулахад “Парк шинэчлэлд зориулж орчин үеийн, сайн чанарын автобус оруулж ирэхээр ярьж байгаа. Гэхдээ одоогоор тодорхой болоогүй” гэх хариулт өгч байсан. Тэгэхээр “Цахилгаан тээвэр“-ийн захирал Д.Жаргалсайхан 25 тэрбумаас давуу эрхээ ашиглан төсвийн мөнгөнөөс их хувь хүртэхээр санаархал байгааг үгүйсгэх аргагүй.

Нийтийн тээвэр гэдэг мөнгө угаах, төсвийн мөнгийг шударга бусаар хуваарилах хэрэгсэл биш л байлтай.

С.ОТГОНСҮРЭН
 
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж