Д.Чойжамц: Эв нэгдэл чухал

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

Д.Чойжамц: Эв нэгдэл чухал

Монголын төрт ёсны эртний уламжлалт хамгийн том баярын нэг болох цагаан сар хаяанд ирлээ. Энэ үеэр монголчууд үндэсний хувцсаараа гоёж, идээ будаагаар элбэг дэлбэг байж ирэх жилийн өнгөө тодорхойлдог. Мөн тухайн жилийн өнгө төрх хэр байхыг хамгийн ихээр сонирхдог. 

Тэгвэл айлчлан ирж буй арвандолдугаар жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн өнгө төлөв ямар байхыг Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн  хийдийн тэргүүн, хамба лам Чойжамцаас асуусан юм.

-Монголчууд цагаан сар, наадам гэсэн эртний уламжлалт хоёр том баяртай. Энэ үеэр монголчууд өөрсдийгөө монгол хүн гэж мэдэрдэг. Үндэсний хувцсаа өмсчихсөн, идээ будаагаар хангалуун байхыг харсан монгол хүн уламжлалаараа, төрт бахархдаг. Удаан уулзаагүй ах дүүсээрээ цуглаж, үгийн сайхныг хэлэлцэж ирэх жилээ угтдаг. Жилийн өнгө төрх гэдэг тухайн хүнээс өөрөөс нь ихээр шалтгаалдаг зүйл. Хүн гэдэг сайн үйлийг хийж, зөв явбал гай түйтгэр төдий чинээ холддог. Шинийн нэгнээс эхлэн амьдрал, ахуйд хөгжил дэвшил, сайн сайхан ирнэ гэж билэгдэж боддог учиртай. Сайн сайхан зүйл хийж, эрдэм боловсрол, ажил хөдөлмөрийн сууриа зөв тавьснаар тухайн жилийн өнгө төдий чинээ өнгөлөг өөдрөг байх болно. Ер нь бол жил бүрийн өнгө өөр байдаг. Жилийн өнгө гэдэг магадлал учраас зурхайд буусанчлан яг тийм болно гэхээсээ илүү хувь хүнээс шалтгаалдаг зүйл.

Өнгөрсөн жил монголчууд бидний амьдрал ахуй, улс орны хөгжилд ахиц дэвшил гарсан жил боллоо. Энэ бүхэн “Тийн ялгуусан” хэмээх Усан могой жилд ч мөн үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Харин зундаа бага зэргийн гандуу, өвөл, хавартаа жаахан салхи шуургатай байхаар зурхайд буусан нь харагдсан.

Харин ихэс дээдэс эвтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол монголын ард иргэдэд төдийгүй, өөрсдөд нь “эвгүй” жил болно доо. Тиймээс эв нэгдэлтэй, шунаг мунхагийг тэвчих нь чухал.

Б.БИЛЭГ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж