Хойд туйлын мөс хайлахад их гурвалын өрсөлдөөн ширүүснэ

Хойд туйлын мөс хайлахад их гурвалын өрсөлдөөн ширүүснэ

Хойд туйлын мөс хайлахад их гурвалын өрсөлдөөн ширүүснэ

"Та өөр улсыг өөртөө нэгтгэж болохгүй." Данийн ерөнхий сайд Метте Фредериксен саяхан Гренландын шинэ болон хуучин ерөнхий сайд нартай хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр энэ үгийг хэлжээ. Энэхүү тодорхой мессежийг тэр ОХУ-ын ерөнхийлөгч Путинд бус Гренландыг АНУ-д нэгтгэнэ гэж заналхийлсэн Трампад зориулсан.

Шинэ ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен ч "Гренландын ирээдүйг АНУ бус бид өөрсдөө тодорхойлох ёстой" гэж тодорхой хэлжээ. Дани улсын мэдэлд байдаг Гренланд улс дотоод бодлогынхоо шийдвэрийг өөрсдөө гаргадаг. Арлын иргэдийн дийлэнх нь ирээдүйд Даниас тусгаар тогтнохыг хүсдэг. Тэд АНУ-ын нэг хэсэг байхыг ч мөн адил хүсэхгүй байна.

Өргөн уудам боловч ашиглагдаагүй ашигт малтмалын нөөц нь Гренландыг сонирхох гол шалтгаан. Гэхдээ юу юунаас илүү Гренландыг стратегийн байршлыг үнэлэхийн аргагүй. Далайн мөс хайлсны үр дүнд Арктикаар дамжин өнгөрөх тээврийн замууд жилийн турш илүү урт хугацаанд, найдвартай байдаг болсон. АНУ, Канадын эрэг дагуух баруун хойд гарц болон Оросын Арктикийн эрэг дагуух зүүн хойд хэсэг зуны улиралд ихэвчлэн мөсгүй байдаг. Энэ нь арилжааны тээвэрлэлтийн боломжийг ихээхэн нэмэгдүүлдэг.

Чингэлэгт хөлөг онгоц Азиас Европ руу зүүн хойд гарцаар дамжин өнгөрөх нь Суэцийн суваг, эсвэл Африкийг тойрсон уламжлалт маршруттай харьцуулахад гурав дахин богино байх юм. Үүнийн нэгэн адил баруун хойд гарц нь АНУ-ын зүүн эрэг ба Аляскийн хоорондох хамгийн богино замыг санал болгодог.

Богино маршрут дээр нэмэх нь газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын асар их нөөц гэхээр бүс нутаг бүхэлдээ үл хөдлөх хөрөнгийн аварга том наймаа болж хувирах нь дамжиггүй.

АРКТИКИЙН ХӨРӨНГӨ

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс гуравдугаар сарын 28-нд Гренландад айлчилсан.

Айлчлалын өмнөх өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Путин Мурманск хотод болсон Арктикийн олон улсын зургаа дахь форумд оролцон үг хэлэхдээ геополитикийн өрсөлдөөн нэмэгдэж байгааг анхааруулжээ. Нэгэн цагт тэрбээр "Орос улс Арктикт хэзээ ч хэнийг ч заналхийлж байгаагүй" гэж мэдэгдэж байсан ч форумын үеэр энэ санаатайгаа зөрчилдсөн мэдэгдэл хийсэн юм. Тодруулбал, "Арктик дахь зэвсэгт хүчний байлдааны хүчин чадлыг нэмэгдүүлж, цэргийн дэд бүтцийн байгууламжуудаа шинэчилж байгаа" гэж Путин онцлон тэмдэглэжээ.

Орос улс Хятадтай тэнгисийн цэргийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Бээжинд Арктикт нэвтрэх эрх, хувь эзэмшүүлэх боломжийг олгосон нь мөн санаа зовоосон асуудал болсон.

2024 оны дөрөвдүгээр сард хоёр улсын тэнгисийн цэргийн хүчнийхэн задгай тэнгист эрэн хайх, аврах ажиллагааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Мөн сардаа Хятад улс Номхон далай, Хойд мөсөн далайн хойд хэсэгт явуулсан Оросын хамгийн том тэнгисийн цэргийн сургуулилалт "Ocean-2024"-д оролцжээ. Энэхүү сургуулилалт нь хүйтэн дайнаас хойш Оросын хийсэн хамгийн том хэмжээний тэнгисийн цэргийн сургуулилалт болсон. Харин дараа сард нь хоёр улсын эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд Хойд туйлд анхны хамтарсан эргүүлээ хийжээ.

Үүн дээр үндэслэн Ж.Д.Вэнс "Арал тийм ч аюулгүй газар биш тул АНУ-тай гэрээ байгуулах хэрэгтэй" гэж Гренланд, Дани улсуудыг уриалсан.

Орос, Хятадын хамтын ажиллагааны үр дүнд Арктикт цэргийн хүч нэмэгдэж байгаа нь барууныхны анхаарлыг төдийлөн татсангүй. Харин Арктикийн нутаг дэвсгэрийнхээ аюулгүй байдалд санаа зовсон Канад улс л Хойд Америкийн сансар судлалын командлалын байгууламжуудаа 3.2 тэрбум фунт стерлингээр шинэчлэхээ зарлажээ. Тус байгууламжид Канад улс АНУ-тай хамтран ажилладаг. Мөн Арктикийн хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд шумбагч онгоц, мөс зүсэгч хөлөг онгоц, сөнөөгч онгоцтой болж, зэвсэгт хүчнийхээ оролцоог нэмэгдүүлэхэд 228 сая фунт стерлинг зарцуулах болжээ.

ШПИЦБЕРГЕН

Юун түрүүнд, Шпицбергений бүлэг арал нь Хойд мөсөн далайн 76-гаас 80 дугаар параллелийн хооронд байрладаг олон улсын онцгой эрхтэй бүс юм. 1920 оны гэрээгээр бүлэг арал Норвегийн бүрэн эрхэд хамаарах болсон юм. Гэхдээ уг гэрээнд оролцогч талууд, тухайлбал, ОХУ энд байгалийн баялаг ашиглах, эрэг хавийн усыг ашиглах эрхтэй юм.

Норвеги улс Арктикт, ялангуяа Шпицберген архипелагт хамгаалалтын хүчээ нэмэгдүүлсэн. Энэ нь архипелагт 1920 оны гэрээнд заагдсан "Норвегийн цэргийн баазуудыг байрлуулах ёсгүй" гэсэн заалтыг зөрчиж байна гэж ОХУ буруутгажээ.

Шпицберген архипелагаас Оросын зүүн хойд гарцын дагуух далайн тээврийн хөдөлгөөнийг хянах боломжтой. Хэрэв Гренланд, Шпицберген хоёрын хооронд дамжин өнгөрөх Арктикийн тээврийн төв зам нээгдвэл бүс нутгийн стратегийн ач холбогдол улам нэмэгдэнэ. НАТО-ийн хувьд Шпицберген нь Орос, Хятадын тэнгисийн цэргийн үйл ажиллагааг хянаж, сөрөн зогсох чухал бүс юм.

Дээрхийг харвал Норвегийн хяналтад байдаг Шпицберген болон Данийн автономит нутаг Гренланд нь Хойд туйлын гол байршилууд. Хайлж буй мөс тээврийн шинэ замыг нээсэн, байгалийн баялаг арвин зэрэг хүчин зүйлээс шалтгаалаад АНУ, ОХУ, Хятад гэсэн дэлхийн их гурвалын өрсөлдөөний цэг болжээ.

ЭХ СУРВАЛЖ: CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

зочин 2025-04-11 66.181.166.196

Одоохондоо их гурвал гэж л байна, удахгүй орос нь сугараад үлдэнэ, орос хэдий их гүрэн ч АНУ, хятадтай мөнх өрсөлдөөд байх бяд яалт ч үгүй дутна, орос хятадын харилцаа ч үргэлж ийм байхгүй л болов уу, тэгэхээр нэг л өдөр орос АНУ юу, хятад уу гэсэн сонголтонд тулна, сонголт нь АНУ л байх болов уу, бид ч бас дагаад АНУ, өөр сонголт байхгүй

Avatar

Нэргүй 2025-04-11 202.126.90.15

Хойд туйлын мөс хайлаад дуусвал,,,Монгол улсад минь ямар нөлөө үзүүлэх юм болдоо,,,,,

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.161.243

Жомбого Трамп.

Avatar

Нэргүй 2025-04-11 109.70.100.66

чи өөрөө жомбого

Avatar

Зочин 2025-04-11 202.131.230.163

хойт мөсөн далайн дор ямар их нефть байдаг гээч. одоо Орос орон БНХАУ-тай хамтарч судалгаа хийвэл манайд байгаа Дачинтамсаг шууд л гараад явчихна. манай Тамсагийн тос түүнтэй зүйрлэхэд зүгээр л нүд шиг л юм. бас тос байгаа юм чинь байгалийн хийн далай л гэсэн үг. Энэ судалгаанд Монгол улс оролцох талаар бодох хэрэгтйн бна.

Avatar

Нэргүй 2025-04-11 185.220.100.247

Америк яагаад Оросыг налж гитадыг дарах гээд байгаа учрыг ойлгосон биз нөөваар уяахуяа тролл шаахайнуудаа, ккк

Avatar

Нэргүй 2025-04-11 202.21.106.29

архипелаг биш ольтрог

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж