Урин дулаантай зэрэгцэж зам засварын ажил эхэлдэг. Зунаас өмнө зуслангийн бүс, нийслэлийн гол болон туслах замуудыг засч, шинэчлэхээр ажлууд одоо эд өрнөж буй. Үүнтэй зэрэгцэн иргэдийн хэлдгээр “хашлага сольдог бизнес” ч мөн эхэлсэн. Тэгвэл шинэчлээд удаагүй замын хашалагуудыг энэ жил дахин сольж байгаа эсэхийг сурвалжиллаа.
Жилийн жилд яг энэ үед шүүмжлэл, асуудал дагуулдаг асуудлын нэг бол бордюр буюу замын хашлага солих ажил. Яг солих шаардлага байсан уу эсвэл зүгээр л хэн нэгний мөнгө олох арга уу, сонгуулийн суулиа юу гэдэгт иргэд эргэлзэж, дуугүй суудаггүй. Яг солих шаардлагатай, элэгдэж, хорогдсон, дэгэн догон явган хүний зам, замын хашлагаа солихгүй атлаа жилийн өмнө сольсон шинээрээ шахуу замын хавтанг хуулж, дахин шинээр сольдог гэж хотынхон ундууцдаг.
Тэгвэл энэ жилийн бордюр солих ажлын тухайд бүгдийг биш зөвхөн шаардлагатайг л засч байгаагаар онцлог аж.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЭРЧИМЖИХЭЭС ӨМНӨ ЗУСЛАНГИЙН ЗАМУУДЫГ ЗАСЧ ДУУСГАНА

Иргэдийн зүгээс нийслэлийн замуудад тэр дундаа зуслангийн чиглэлийн замуудад нүхэн эвдрэл их гарч, түүнийг огт засдаггүйг шүүмжилдэг. Тэгвэл энэ жил зуслангийн чиглэлийн замуудад гарсан эвдрэлийг бүрэн засна гэдгийг нийслэлээс мэдээлсэн. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зуслангийн замын нүхэн эвдрэл болон зуслангийн бүсийн бусад замын хөдөлгөөн эрчимжихээс өмнө бусад замуудыг үе шаттай засна гэдгийг албаныхан хэлэв.
Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэлэхдээ, нийслэлийн гол болон туслам замуудын засвар арчлалтын ажил Шаргаморьтын зуслангийн замаас эхлээд явж байгаа. Эхний ээлжинд зуслангийн чиглэлийн эвдрэлтэй замууд, Гоодой, Шадивлан, Яргайтын зуслан, Их тамирын ам зэрэг зуслангийн бүсүүдийн замыг хөдөлгөөн ихсэхээс өмнө засварлахаар төлөвлөсөн. Хотын гол болон туслах замуудын шинэчлэлтийн хүрээнд авто замын ажлууд мөн эхэлсэн. Энэ жил мөн Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг төлөвлөгөөний дагуу засч шинэчилнэ.
Зам хаах мэдээллийг тухай бүрд иргэдэд хүргээд явж байгаа.
"ЗАМ ЗАСВАРЫН БҮХ АЖИЛ ЭХЭЛСЭН, ТЭДГЭЭРЭЭС ШААРДЛАГАТАЙ ХЭСЭГТ Л ХАШЛАГА СОЛЬЖ БАЙГАА"
Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Зам засвар, шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар төлөвлөсөн бүх байршилд зам засварын ажил үргэлжилж байна.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр, энэ онд нийслэлийн 10 байршилд шинээр зам засварын ажил хийхээр төлөвлөсөн бол үлдсэн 31 нь он дамжин хэрэгжиж байна. Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Ажилчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө гэх хотын төвийн гол замуудыг шинэчлэх учраас замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар зам засварын ажлыг хийж байгаа.
Гол замуудад суурь болон хийц эвдэрсэн асуудал их байгаа учраас суурийг хүчитгэж байна. Хашлагын хувьд эвдэрч гэмтсэн, хугарсан хэсэгт л зам засварын хүрээнд солино.
Мөн зарим байршилд буюу 25 дугаар эмийн сангаас “Гранд плаза” дэлгүүрийн уулзвар хүртэлх байршилд зам засварын ажлын явцад гардаг чийгийг гадагшлуулахын тулд 48 цаг хүлээх шаардлагатай байдаг. Иймд иргэдийг хүлээцтэй байхыг уриалж байна.
Энхтайваны өргөн чөлөөний авто замд 2008 оноос хойш их засвар хийгээгүй тул энэ жил бүрэн шинэчилнэ.
Энэ онд хийх зам засвар ажлууд нь Улаанбаатар хотын төв магистрал замууд учир бүрэн хаахгүй.
Харин 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, өглөө 07:00 цагт хөдөлгөөний бүрэн нээх зохицуулалт хийн ажиллаж байгаа гэсэн юм.
ИРГЭД: ЖИЛ БҮР ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ХАШЛАГА СОЛЬЖ БАЙГААГ ГАЙХДАГ

Харин иргэдийн хувьд албаныхнаас эрс ялгаатай мэдээлэл өгөв. Тухайлбал, Монгол кино үйлдвэр, Бөхийн өргөө, 25 дугаар эмийн сан зэрэг хэсэгт явган хүний замуудыг хуулж, хашлагыг сольж байгааг иргэд гайхаж байлаа. Учир нь өнгөрсөн жилүүдэд тус хэсгүүдийн хашлагыг мөн хуулж байж.
Хугарч, хагарч эвдрээгүй байхад нийтээр нь хашлага, явган хүний замыг сольж байгаа нь төсвийн үргүй зардал гэдгийг шүүмжлэв.
Замын ажил хийж байгаа хүмүүсээс зарим иргэн хуучин бордюрыг дахин ашиглах уу гэхэд "Зарим хэсгийн хашлагуудыг хэрэглэх боломжгүй. Хэрэглэх боломжтойг нь дүүрэгт нь хүлээлгэн өгч, шаардлагатай хэсгүүдийг солино" гэж хариулсан гэдгийг мөн хэлж байлаа. Ямартай ч хүмүүсийн дургүйцлийг багагүй хүргэдэг хашлага солих ажил энэ зун мөн үргэлжлэх нь. Гэхдээ нийтээр биш зөвхөн шаардлагатай хэсэгт гэдэг нь сайн хэрэг. Тэгэхгүй бол өнгөрсөн жил шиг 35 тэрбум төгрөг төлөвлөсөн гэвэл утгагүй. Энэ онд зөвхөн зам засвар шинэчлэлтэд л төсөв тусгасан байгаа аж.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил