Ж.Д.Вэнсийн Гренланд дахь айлчлалыг "хүндлэлгүй" гэв

Хуучирсан мэдээ: 2025.03.29-нд нийтлэгдсэн

Ж.Д.Вэнсийн Гренланд дахь айлчлалыг "хүндлэлгүй" гэв

Ж.Д.Вэнсийн Гренланд дахь айлчлалыг "хүндлэлгүй" гэв

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс тэргүүтэй төлөөлөгчид Гренландад айлчилж байна. Энэ үеэр тэр Гренландыг Хятад, Оросын халдлагад өртөмтгий болгосон гэж Данийг буруутгажээ. Харин оронд нь арлыг 300 гаруй жил эзэмшиж ирсэн Данитай харилцаагаа таслахыг гренландчуудад уриалаад, хагас автономит газар нутгаа хамгаалахын тулд хангалттай хөрөнгө оруулалт хийгээгүй гэж шүүмжилсэн байна.

АНУ арлыг хүчээр авахгүй гэж Ж.Д.Вэнс итгүүлэхийг оролджээ. Тэрбээр "Бид энэ нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангахын тулд Дональд Трамп маягийн гэрээ хэлцэл хийж чадна гэж бодож байна. АНУ бол тэдний бүрэн эрхт байдал, аюулгүй байдлыг нь хүндэтгэдэг дэлхий дээрх цорын ганц үндэстэн. Тиймээс тэднийг АНУ-тай түншлэхийг сонгосон гэдэгт найдаж байна. Тэдний аюулгүй байдал бол бидний аюулгүй байдал. Бүс нутагт Америкийн цэргийн оролцоог нэмэгдүүлэх төлөвлөгөөг гаргах гэж яарахгүй байгаа ч тэнгисийн цэргийн хөлөг онгоц, цэргийн мөс зүсэгч хөлөг онгоц зэрэг илүү их нөөц хөрөнгө оруулалт хийх болно.

Харин миний Данид хэлэх захиас их энгийн. Танайх Гренландын ард түмэнд ач тус болоогүй. Танайх Гренландын ард түмэнд дутуу хөрөнгө оруулсан. Энэ гайхалтай, үзэсгэлэнтэй газрын аюулгүй байдалд хангалттай хөрөнгө оруулалт хийгээгүй" гэв.

Гренландыг АНУ-д нэгтгэнэ гэсэн Трампийн санааг ард иргэдийн дийлэнх нь эсэргүүцэж байгаа нь нэгдүгээр сард явуулсан санал асуулгаар тодорхой болсон. Энэ удаагийн айлчлалыг ч иргэд таатай хүлээж авсангүй. Тодруулбал, Гренландын ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен "АНУ-ын айлчлал нь хүндлэлгүй байдлыг харуулж байна" гэжээ.

Данийн хаан Фредерик ч АНУ-ын төлөвлөгөөг няцаасан аж. Тэрбээр "Бид өөрчлөгдсөн бодит байдал дунд амьдарч байна. Миний Гренландыг хайрлах хайр, Гренландын ард түмэнтэй харилцах харилцаа минь бүрэн бүтэн гэдэгт эргэлзэх хэрэггүй" гэжээ.

Гренландын айлчлалыг Ж.Д.Вэнсийн эхнэр Уша нохой чарганы уралдаан үзэх соёлын аялал гэж анх зарласан. Гэвч хяналт шалгалт, аюулгүй байдлын асуудал, олон нийтийн эсэргүүцлийн жагсаал зэрэг эрсдэлийг харгалзан үзээд айлчлалын баг Гренландад хэдхэн цаг л саатжээ.

Дашрамд дурдахад, айлчлалын бүрэлдэхүүнд Ж.Д.Вэнс болон түүний эхнэрээс гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц, Эрчим хүчний сайд Крис Райт нар багтсан байна.

Харин энэ үеэр Трамп "Бүх дэлхийн энх тайвныг баталгаажуулахын тулд АНУ-д Гренланд хэрэгтэй. Гренландын усан зам Хятад, Оросын хөлөг онгоцуудаар дүүрсэн. Бидэнд Гренланд маш чухал" гэсэн юм. Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа Гренландыг  авах санааг анх дэвшүүлж байсан бөгөөд түүний арлыг эзэмших хүсэл нь цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр нэмэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж