АХ АА, БАЙЯ АА…
Салаа замын эхэнд талцсан монгол салж явах уу, хөтлөлцөөд алхах уу, урагшлах уу, ухрах уу гээд эргэлзэж сууна. Өөрөөсөө бусдыг сонсохгүй зүтгэх нэгэн байхад сохроор бүгдийг дагагч бас байх. Шар хүний өмнөөс хар хүн гэгчээр учрыг нь ололгүй өөрсдийнхнөө үгүйсгэгчид бий. Өвгөдөө өрлүүлчээд, амь хэлтрэх амьтны зөнгөөрөө гэх үү, арчаагүй байдалтайгаа эвлэрсэнийх үү, аль эсвэл авсан мөнгөндөө болсон уу, бүү мэд. Асуудлаа бусдаар бус өөрсдөө шийддэг, амьдралаа намаар бус өөрөө шийдэх эрх чөлөөнийх нь төлөө ардчилсан хувьсгал хийсэн ахыгаа адлаад, монголчуудыг хэдэн мянгаар нь аймаглан устгасан гашуун түүхийг мартаад “Ах аа” гэж яваа этгээд хөх толботой монгол мөн үү?
Адлуулж, зодуулсаар байгаад аашлахад нь бүсээ тайлаад, бөгсөө гаргаад гүйгээд очдог хүүхэд шиг “Ах аа, байя аа” гэсэн айдсаас одоо хэр нь салаагүй олон хүн байдаг бололтой. Түүнээс ч илүү тэднийг тахин шүтэгчид мундахгүйг бид харж л сууна. Ийм эмзэгхэн сэтгэл зүй дээр нь тохуурхан тоглож, туршиж, турхирч, доромжилж, дорд үзэгч ч ил боллоо. Тусгаар улсын иргэд гэхэд тун чиг тоогүй еэ.
ТАЛЦСАН МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙДОО ХИЙХ СУРГАМЖ
Манжийг эсэргүүцсэн Лигдэн хааны тэмцэл өөд болсноор өндөрлөжээ. Энэ хооронд Өвөр Монголын ноёд ээлж дараалан урвасаар 1630 он гэхэд Манжид дагаар оржээ. Үүнээс хойш Түшээт хан Гомбодоржийн хүү Бундар нь харъяатуудтайгаа Манжид дагаар оров. Ийнхүү халхын ноёд ээлж дараалан дагасаар Өндөр гэгээн Занабазар тэргүүтнүүд 1691 онд дагаар оржээ. Зүүн гарын хаант улс 1635-1758 он хүртэл Манжид эзлэгдэлгүй оршин тогтносон ч харамсалтай нь монголыг монголоор нь даруулах Манжийн удаа дараагийн дайнд туйлдсаар эцэст эзлэгджээ.
Ийнхүү Өвөр, Ар, Баруун Монгол ээлжлэн эзлэгдсээр, харийн эрхшээлд орсон гашуун түүх бидэнд сургамж болон үлджээ. Аливаа улсыг эзлэхийн тулд дотор нь хагалаад захирах бодлого одоо хэр нь сонгодог жишээ хэвээрээ л байна. Үүний бодит жишээ нь, бид өөрсдөө ч өмнөхөөсөө сургамж авах нь байтугай түүнийг давтах гэсэн мэт биенээ харааж, бусдыг долоох нь гунигтай. Би дэлхий, чи мэлхий гэж аминчхан үзэлд автсан харамсалтай.
ӨМӨӨРӨХӨӨСӨӨ ӨМНӨ…
Орос, Украины асуудлаар монголчууд хоёр талцан маргалдаж байна. Тэр бүү хэл ардчилал, эрх чөлөөг эрхэмлэдэг гэгддэг Ардчилсан нам хоёр хуваагдаад эсрэг, тэсрэг байр суурь илэрхийлж байна. Нэг хэсэг нь Оросыг өмөөрөн бидний аврал, тэдэнгүйгээр бид сайн явсан түүхгүй гэж мэдэмхийрэх бол нөгөө нь гурил цацахаасаа өмнө гашуун түүхээсээ сургамж авахыг сануулжээ. Лам, язгууртантай тэмцэх, тэднийг устгах асуудалд алгуурласан шалтгаар Гэндэнг зайлуулах ажлыг оросууд хийжээ. Ингэхдээ №128 дугаартай БХК(Б)Н-ын Төв хорооны Улс төрийн товчооны хуралдааны 38 дугаар протоколд “Крымын рашаан сувиллын цэгүүдийн нэгэнд Гэндэнд болон түүний гэр бүлд тусгай зуслан гаргаж, эмчилгээ зохион байгуулахыг н.Каминский, Стомоняков, Пахомов/Төвийн гүйцэтгэх хороо/ нарт даалгасугай” гэсний дагуу ЗХУ-д аваачжээ.
Үүнээс хойш 1936 оны дөрөвүгээр сарын 23-нд гарсан БХК(Б)Н-ын Төв хорооны Улс төрийн товчнооны хуралдааны 39 дугаар протоколд, Гэндэнг зайлуулсан тухай асуудлаар Улаанбаатараас авсан материалыг хураан авах арга хэмжээ авахыг даалгаж, Москва дахь монголчуудын дунд энэ асуудлыг цаашид судлахын эсрэг арга хэмжээ авч, энэ асуудлаар монголчуудаас Москва материал илгээхийн эсрэг арга хэмжээ авахыг н.Таировт даалгахыг ТХ-ны нарийн бичгийн дарга И.Сталин үүрэг болгосон баримт байна.
Гэндэн 1937 оны арваннэгдүгээр сарын 26-нд ЗХУ-д эх орноосоо урвасан хэргээр цаазлагджээ. Хоржоонтой нь Гэндэнгийн өөрийн орлогчоор томилж өгөхийг Сталинаас хүсч байсан Х.Чойбалсан харин хүслийг нь гүйцээж, оросуудын заавраар их хэлмэгдүүлэлт хийжээ. Ингэхдээ Москвад шийдвэр гарч, Монголд хэрэгждэг байсны нотолгоо болох нэгэн баримт анхаарал татна. Улаанбаатарт суугаа ЗСБНХУ-ын Бүрэн эрхт төлөөлөгч н.Миринов Корпус захирагч н.Фриновскийн хаягаар илгээсэн,
“Нэмэлт баривчилгааны тухай баривчлах ажлыг үргэлжлүүлэх нь зохистой эсэх талаар Мироновын мэдээлэл” 1938.4.3 №232-т мэдээлснээр, 1938 оны гуравдугаар сарын 30-ны байдлаар 10728 хүн баривчилсны 7814, буриад 1655, феодал 322, яамдын хариуцлагатай түшмэд 300, Монгол ардын хувьсгалт армийн дээд ба ахлах дарга нарын бүрэлдэхүүний 180 хүн, хятад 408 хүн байснаас Монголын үндэсний үзэлтнүүд 6311 байгааг баривчлахаар завдаж байгааг дурджээ.
Энэ мэтчилэн хойшоо мэдээлэл явуулж, ирсэн зааврынх нь дагуу монголыг монголоор нь хомроглон устгуулсан баримтууд өдгөө ил болсоор байна. Ингэхдээ Монголын удирдагчдыг эмчлэх нэрийдлээр ЗХУ-д аваачин хороосон эмгэнэлт түүхүүд монголчуудын анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр, эсвэл баяр наадамтай давхцдаг нь тохуурхалтай.
УЛС ТӨРИЙН ХУВААГДАЛ
Ардчилсан нам хоёр хуваагдаад уджээ. Нэг хэсэг нь ардаа Оросын заавраар намаа самарч, коммунист Жуковын хөшөөнд цэцэг өргөтлөө төрөл арилжсан бол нөгөө хэсэг нь ардчилал, эрх чөлөөнд аюул учирч буйг сануулсныхаа төлөө адлуулж байна. Монголд монголыг үгүйсгэх үзэл суртал хаанаас ч юм хүчтэй явж байна. МАН ч ялгаагүй. Эрх мэдэл, албан тушаалынхаа төлөө дотроо дайсагналцаж, нэгнээ зольж, нэр цэвэр үлдэхээр тэмцэлдэх аж.
Гэхдээ тэд дотроо зодолдохоос, гадагшаа гаргахгүй технологийг өнгөрсөн 100 жилийн түүхэндээ хэнээс ч илүү сурсан улс. Хамгийн гол нь монголчууд цаашид эргээд ухрах уу, урагшлах уу гэсэн салаа замын эхэнд иржээ. Хуваагдаад хүний хоол болсон гашуун түүхүүд байсаар атал бид дотроо эвлэж, асуудлыг бодитоор харж, туйлбартай баймаар атал өнөөдрийн явцуу бодолдоо баригдаад, маргаашаа ч муужруулж мэдэхээр толхилцох болжээ.
НЭГДЭХ ҮҮ, БУТРАХ УУ?
Украин руу эзлэн түрэмгийлэх гэсэн Оросын эсрэг дэлхий нэгдэж байхад монголчууд талцаж байна. Эдийн засгийн хувьд дэндүү хараат хэр нь ихэрхэж, томорхож эсвэл юу юуны туханд хүрэлгүй дэмийрцгээх нь өөрсдийгөө улам л дордуулаад байх шиг. Үе үеийн монголчуудыг тамирдуулж, хүний эрхэнд оруулж ирсэн хувиа бодож, довоо шарлуулах үзэл өндрөө авчээ. Дайснаас илүү урвагчдаасаа болж монголчууд бусдын боол, босгоны шороо болдог. Ганц үнэн зүйл гэвэл биднийг хоёр хөрш, НАТО байтугай бурхан ч аврахгүй. Биднийг бидний нэгдэл, асуудлыг олон талаас нь харж, долоо хэмжиж, нэг огтолдог холч ухаан, бие биедээ хандах хүлээцтэй хандлага л аварна. Тиймээс дэлхийн бүхий л улс орон болгоомжилж буй энэ үед талцах бус тэврэлдээд, дор бүрнээ хичээх нь цар тахлын дараах хүндрэл, Орос Украины асуудлаас ч илүү амин чухал болчихлоо.
"Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр" гэдэг байх аа.
Холбоотой мэдээ