Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны нэгдүгээр хуралдаан болж 17 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулж буй “Нийслэлийн хөгжүүлэх сан”, “Нийслэлийн ногоон сан” хувийн хөрөнгө оруулалтын сангийн бичиг баримтыг тус тус бүртгэв. Мөн “Амар даатгал” ХХК-ийн Эрүүл мэндийн даатгал, “Мөнх даатгал” ХХК-ийн Малын индексжүүлсэн даатгал, Нэрлэсэн эрсдэлт улаан буудайн даатгал гэсэн даатгалын бүтээгдэхүүнүүдийг шинээр бүртгэж, нэр бүхий 7 иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо.
Түүнчлэн Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, хорогдуулах, шинээр хувьцаа гаргах, худалдах шилжүүлэхэд мөрдөх журмыг батлав. Дүрэм журмыг шинэчлэх, батлах, эргэн нягтлах ажлууд нь Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулахад чиглэгдсэн бөгөөд Хороо энэ асуудалд онцгой анхааран ажиллаж байна.
Хуралдаанаар давхар даатгалын үйл ажиллагааны тухай танилцуулгыг хэлэлцэж, зарим үнэт цаасны компанийн үнэт цаасны бүртгэлийн болон оноосон нэр өөрчлөх, хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. Мөн зарим хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сунгах, тусгай зөвшөөрөл нэмж олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Эх сурвалж: СЗХ