“X ТҮЦ" продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн "Солиот эх" өгүүллэгээс сэдэвлэн өнгөрсөн онд уран сайхны кино бүтээж, үзэгчдийн хүртээл болгосон. Кино театруудын дэлгэцнээ гарсан цагаасаа шуугиан тарьсан “Солиот эх” киноны найруулагчаар Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсерээр нь жүжигчин Н.Онон ажилласан юм.
Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг тавдугаар сарын 15-наас БНХАУ-д зохион байгуулж буй Азийн кино, телевизийн салбарын бүр шилдгүүдийг нэг дор цуглуулсан "Asian Film and Tv week" буюу Азийн соёл иргэншлийн ярилцлагын хуралд оролцож байгаа аж. Учир нь “Солиот эх” уран сайхны кино өнгөрсөн жил БНХАУ-ын "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд Чиндао хотод зохион байгуулж буй "Олон улсын анхдугаар кино наадам"-д амжилттай оролцож, “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал авсан тул МУГЖ И.Одончимэгт хуралд оролцох урилга илгээсэн байна.
Эргэн сануулахад 2018 онд Шанхайн хамтын ажиллагааны Олон улсын кино наадамд 12 орны 55 бүтээл зургаан номинацид нэр дэвшин өрсөлдсөн. Тус кино наадамд манай улсаас “Цагаан хадаг”, “Солиот эх”, “Ээж”, “Чингисийн хүүхдүүд” кино оролцсоноос "Солиот эх" уран сайхны киноны Номоо-н дүрээр МУГЖ И.Одончимэг “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын эзэн болсон билээ.
А.СҮРЭН