"Эрх баригчдыг шүүмжлэх зориг иргэнд ч, улстөрчдөд ч алга"

Хуучирсан мэдээ: 2025.04.09-нд нийтлэгдсэн

"Эрх баригчдыг шүүмжлэх зориг иргэнд ч, улстөрчдөд ч алга"

"Эрх баригчдыг шүүмжлэх зориг иргэнд ч, улстөрчдөд ч алга"

УИХ-ын дэд дарга  Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Ардчилсан нам байгуулагдсаны 35 жилийн ой болж өнгөрлөө. Өнгөрсөн хугацааны алдаа оноог юу гэж харж байна. Ирээдүйн зорилт зорилго юу байна вэ?

-Тэртээ 35 жилийн өмнө ардчиллын олон олон партизанууд социалист нийгмийг эсэргүүцсэн олон мянган иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, чөлөөтэй бизнес эрхлэх эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн. Үүний үр дүнд тухайн үеийн улс төрийн товчоог татан буулгаж 1990 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Ардчилсан нам байгуулагдсан. Ардчилсан нам Монгол Улсад ардчилал, шударга ёсыг авчирахын төлөө тэмцсэний үр дүнд Үндсэн хуулиа өөрчилж өнөөгийн нийгмийг авчирсан. Ардчиллын төлөө сэтгэл зүрхээ зориулсан үе үеийн ахмадууд, партизанууд, эрх эрх чөлөөний төлөө тэмцсэн хүн бүрийн хичээл зүтгэлийг эргэн дурсаж, алдаа оноогоо дэнсэлж, Ардчилсан нам байгуулагдсан өдрийг жил бүр тэмдэглэсээр ирсэн. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам хоёр удаа олонх болж хамтарсан засаг байгуулж ажилласан. Энэ хугацаандаа эдийн засгийн томоохон реформ эргэлтүүд хийсээр ирсэн. Ялангуяа улс орон хөгжиж дэвших бүх ажлыг санаачилж, ажил хэрэг болгосоор ирсэн.

Гэвч харамсалтай нь өөрсдийнхөө хийсэн ажлын үр шимийг олон нийтэд бүрэн дүүрэн таниулж, мэдүүлж, сурталчилаагүйн улмаас дараа дараагийн сонгуулиудад ялагдал хүлээж ирсэн. Тийм ч учраас 2016 оноос хойш УИХ-ын ээлжит сонгуульд гурав дахь удаагаа ялагдаж байна. Энэ хооронд  МАН бид бүхний бий болгосон ардчилалын эсрэг олон олон үйлдэл хийж байна.

Ялангуяа иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний эсрэг түрэмгийлэн халдаж байна. Мөн чөлөөт зах зээл, хувь хүний өмч хөрөнгө рүү халдаж, хурааж авах санал санаачилгыг удаа дараа гаргаж байна. Дэлхийн улс орнууд монголын өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Монгол Улс ардчиллын ололтуудаасаа хэрхэн ухарч хүний эрх, эрх чөлөөг хэрхэн боогдуулж, бизнесийн орон зайг яаж хумиж төрөөс хэт хамааралтай буюу төвлөрсөн төлөвлөгөөт зах зээл рүү гулсан орж байгааг харж байна. Тийм ч учраас сүүлийн үед Монгол Улсын ардчиллын болоод бусад үзүүлэлтүүд дэлхийн судалгааны байгууллагуудын дүгнэлтээр ухарсан үзүүлэлттэй гарч байна.

-Ардчилсан нам удаа дараа  ялах боломж байсан биз дээ?

-Дараа дараагийн сонгуульдаа бид амжилттай сайн оролцох ёстой. Улс төрийн намын гол зорилго бол олонх болж өөрсдийн бодлого, мөрийн хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлэх явдал юм. Гэвч харамсалтай нь өнгөрсөн хугацаанд манай намын удирдлагууд МАН-тай хавсаадаж, тухайн сонгууль биш жүжиг маягийн юм болгож хувиргасны үр дүнд УИХ дээр 9-11 гишүүнтэй бүлэг байгуулж чадахааргүй хэмжээний нам болж, сөрөг хүчнийхээ ч үүргийг гүйцэтгэж чадахгүй явсан үе бий. Тиймээс одоо өнгөрснийг ярьж гоншигонох биш ирээдүйгээ харж, дараа дараагийн сонгуулийн ажилд зохион байгуулалттай оролцох учиртай. Жанжин нь жанжин шиг байж цэргүүд нь цэрэг шиг сахилга баттай байвал амжилтад хүрнэ гэж харж байна.

-УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд Ардчилсан намаас 42 гишүүн хууль тогтоох байгууллагын босго давсан. Нэгэнт олонх болж чадаагүй ч олонх болсон МАН-д хүчтэй хяналт тавих боломж байсан. Заавал хамтрах нэрээр хатавчинд нь очиж суух хэрэг байсан юм уу?

-Миний хувьд сүүлийн гурван удаагийн сонгуульд ялалт байгуулсан. Тиймээс парламентынхаа талд бат зогсдог. Өнгөрсөн хугацаанд надад олон олон санал ирж байсан. Ер нь бол МАН хүн болгонд дарга, сайд болох санал тавьдаг. Түүнд нь өнөөдрийн парламент ч бас автчихаад явж байна. Сонгуулийн үр дүнгийн дараа хамтарсан Засгийн газар байгуулах тухай асуудал яригдаж эхэлсэн. Хамтарсан Засгийн газар байгуулах асуудлыг эсэргүүцэж мэдэгдэл хийх санал намынхандаа тавьсан боловч МАН-ын бохир технологи, башир мэхэнд автаад надтай хамт зогсох хүн олдоогүй. Нэгэнт ард иргэд сонголтоо хийсэн. Ямар сонголт хийсэн бэ гэхээр ус, тосоороо ялгарах сонголт хийсэн. Олонх нь олонхоо хийж, цөөнх нь хяналтын үүргээ гүйцэтгэ л гэсэн. Гэтэл намаас олонхоороо шийдээд хамтарсан Засгийн газарт орж ажиллах шийдвэр гаргасан.

Хоёр намын хүчтэй лидерүүд Засгийн газарт орж ажиллаж байгаа нь парламентын дээр Засгийн газар нь гарах ийм нөхцөл байдал бий болчихоод байгаа нь үнэн. Гэхдээ парламентад сууж байгаа гишүүд Засгийн газрын зарим нэг даварсан гишүүдийн үг, үйлдлийг хазаарлаж хэм, хэмжээнд нь барихын төлөө ажилладаг.

Ер нь бол цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө гэж үг байдаг даа. Ямарваа нэг зүйлийн хэм хэмжээ алдагдахаар л тэнд алдаа завхрал гардаг.

-Хамтарсан Засгийн үйл ажиллагааг та юу гэж дүгнэж байна. Том төслүүдээ урагшуулж байгаа нь амжилт мөн биз дээ?

-Хамтарсан Засгийн газраас томоохон төслүүдээ хөдөлгөж 3-4 төсөл нь эхнээсээ хэрэгжээд эхэлж байна. Энэ бол амжилт мөн. Гэвч эдгээр төслүүд өнөөдөр хэрэгжээд маргааш нь иргэдийн амьдралд нөлөөлөөд сайн сайхан болгочих юм байхгүй. Ийм тохиолдолд хэт данхар төсвөө танах ёстой. Монголд 10 хүнд нэг төрийн албан хаагч ногдож байна. Гэтэл дэлхийн дунджаар 70 хүнд нэг төрийн албан хаагч ногддог жишигтэй. Дээр нь төрийн өмчийн компанийг оролцуулан тооцвол замбараагүй тоо гарна. Ийм байдлаар төр, төрийн өмчийн компанийг шимэгчилж амьдардаг хүмүүсийн тоо олширч байна. Жирийн иргэд, татвар төлөгчид, хувиараа бизнес эрхлэгчидийг амьдрах аргагүй болгож байна.  Татвар төлөгчдийн бүтээсэн баялаг МАН-ын сонгуульд явдаг, тэдэнд үйлчилдэг, саналаа өгдөг хүмүүс рүү л шингэж байгаа учраас төрийг данхар байлгах ажлыг эрх баригчид замбараагүй хийж байна. Данхар бүтцэндээ төсвийн мөнгийг үрэн таран хийж байна. Монголын баялаг ирээдүйн сайн сайханд огт зарцуулагдахгүй байна. Тийм учраас Монголд хөгжил алга. Технологийн хөгжил дэвшлийн талаар яриад ч хэрэггүй. Дэлхий нийтийн технологийн хөгжил биднээс хол тасарч сансар огторгуй болоод явчихлаа. Гэтэл бид нэг ширхэг ч технологи эх орондоо үйлдвэрлэж чадахгүй хол тасархай хоцорч байна. Тийм учраас 2028 он Монгол Улсын эргэх эргэлтийн жил байх ёстой.

-Төр данхайж байна гэчихээд хамтарсан Засагт орж ажилласан намуудын төлөөллөөс 400 хүнийг хяналтын болоод бүтээмжийн менежерээр томилж байгаа нь ямар учиртай юм бол?

Ганцан жишээ хэлье. Гашуунсухайтын төмөр зам дээр очсон нэг бүтээмжийн менежер тодорхой мэдээллийг АН-ын бүлэг болоод, УИХ-ын гишүүдэд тавьсан. Тухайн төмөр замд нийт 860 гаруй үндсэн ажилтан ажиллаж байна. Дээр нь 90 гаруй хүн гэрээгээр ажиллаж байна. Ингээд бодохоор нийт 950 гаруй хүн ажиллаж байна. Гэтэл яг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компани буюу Ханги Мандал дээр 200 гаруй хүн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн төмөр замд хувийн хэвшлийн төмөр замаас 5 дахин их хүн ажиллаж байна. Бас болоогүй тухайн төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэцийд байрлаж байхад нийслэл Улаанбаатар хотод 180 хүн дарга хийгээд дулаан байранд сууж байна. Тийм учраас бүтээмжийн, хяналтын менежерүүд энэ мэт төрд шургалсан хулгай, төрийг шимэгчилж өөрийн намын бүтцээ санхүүжүүлдэг энэ механизмыг нураах учиртай юм.

Ингэж л төрийн албыг, татвар төлөгчдийн мөнгийг бага багаар хулгайлж, хумсалсаар ирсэн. Ийм будлиантай асуудлыг бүтээмжийн менежерээр ажиллаж байгаа нөхдүүд илрүүлж гаргаж, засч залруулж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх учиртай юм.

Ийм ноцтой асуудлууд эхнээсээ ил болж байгаа учраас Зам, тээврийн сайд нь Гашуун сухайтын төмөр замыг өөр хооронд нь нэгтгэж 700-800 хүнийг халах тухай ярьж байна.

-Хамтарсан засагт орж ажиллаж байгаа учраас Ардчилсан намын гишүүдийн шүүмжлэлт дуу  хоолой бүдгэрсэн гэж иргэд үзэж байна.  Болж бүтэж байгааг нь дэмжиж болох ч болохгүй зүйл ч олон байна. Танай  намынхан яагаад ийм өлбөгөр, сулбагар болчихов?

-Өнөөдөр эрүүл шүүмжлэл хэлсэн УИХ-ын гишүүн байтугай жирийн иргэнийг зохион байгуулалттайгаар цахим орчинд дүүжилж, дайрч доромжилдог зүйлийг эрх баригчид гайхалтай хийж байна. Тийм учраас "Алтан дунджыг бариад явж байя" гэсэн бодолтой хүмүүс монголоор дүүрэн болчихсон байна. Итгэлт баян шиг аль ч нам засагт нүүр алдахгүй л байвал амьдраад байна гэсэн бодолтой. Өөрөөр хэлбэл болохгүй зүйлийг эрүүлээр шүүмжлэхээсээ айдаг болгоомжилдог болсон байна. Аливаа зүйл жижгээс эхэлдэг. Эрх баригчдыг шүүмжлэх зориг жирийн иргэнд ч, улстөрийн нам хүчнийхэнд ч алга. Тиймээс энэ бүхний эсрэг хаа хаанаа хүчтэй дуу хоолойгоо нэгтгэж, нэгдэн нийлж чадвал болохгүй бүтэхгүй зүйлийг сөрөн зогсож, алдаа завхарлыг нь засч чадна. Миний хувьд эрх баригчдаас хэзээ ч  айж, ичиж байгаагүй. Ардчиллын амин сүнс, үнэт зүйл, үзэл бодлыг төлөө тууштай зүтгэсээр л байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж