Монголын тээвэрчдийн төлөөлөл Зам, тээврийн яаманд автозамын даацын стандартыг өөрчлөхийг хүссэн албан шаардлага хүргүүлжээ. Тэдний зүгээс тээврийн хэрэгслийн тэнхлэг тус бүр дээр ногдох жинг 11.5 тонн, нийт зургаан тэнхлэгт тээврийн хэрэгслийн жинг 66 тонн байхаар стандартчилсан ч, хууль сахиулагчид жинг хэтрүүлсэн хэмээн үзэж тээврийг зогсоож буйг шүүмжилсэн юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн байдлаар жин тонн хэтэрсэн гэх 200 гаруй том оврын автомашин товчоон дээр гацжээ. Уг асуудалтай холбоотойгоор энэ долоо хоногийн VS буландаа тээвэрчдийн төлөөлөл болон Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С. Батболд нарын байр суурийг онцолж байна.
С.Батболд
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
-Монгол Улсад автозамын даацын хяналтыг MNS 4598:2025 буюу “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг. Үүнд нэг тэнхлэг дээрх жин 11 тонн, нийт жин 44 тонноор тодорхойлсон байдаг. Энэхүү стандарт нь зөвхөн манай улсын стандарт бус олон улсад ч дагаж мөрддөг стандарт юм.
Тодруулбал, БНХАУ-д нийт жин нь 49 тонн, ОХУ-д 44 тонн, Европын холбооны улсууд 44 тонн гэсэн стандартыг тус тус мөрдөж ажиллаж байна.
Автотээврийн хэрэгслийн тэнхлэгийн тоог хамгийн их ачааллаар үржүүлж, дээр нь тээврийн хэрэгслийн бодит жинг нэмж тооцож байгаа нь буруу бөгөөд тэнхлэгийн тоо, тэдгээрийн хоорондын зай, нэг тэнхлэгт байрлах дугуйн тоо зэргээс хамааран хөтлөгч болон хөтлөгдөх тэнхлэг дээрх ачаалал нь тэнхлэг болон бүлэг тэнхлэгүүдэд хуваарилагдан, нийлбэр нь бүх жингийн хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой. Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9-т “Үндэсний стандартын үзүүлэлт шаардлага нь олон улс, бүс нутгийн стандартын шаардлагад нийцсэн байна” гэж заасан бөгөөд Монгол Улс Замын хөдөлгөөний Венийн конвенцид нэгдэн орсон улсын хувьд болон Автотээврийн харилцааны талаарх олон улсын харилцаа өргөжин тэлж байгаатай холбоотойгоор эрх зүйн актуудаа олон улсын жишигт нийцүүлэх ажлууд хийгддэг.
Иймээс Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.5-т “тусгай хамгаалалтгүй, эсвэл зөвшөөрөлгүйгээр гинжит болон тухайн авто замын үзүүлэлтээс хэтэрсэн овор, хэмжээ, даацтай тээврийн хэрэгсэл зорчуулах”-ыг хориглосон байх тул хуулийн заалтыг мөрдөж ажиллах нь зүйтэй.
Тээвэрчдийн төлөөлөл
“Монголын түлш тээвэрлэгчдийн өлзийт зам холбоо” ТББ
-Бидний тээврийн хэрэгсэл MNS 4598:2011, MNS 4598:2020 стандартын шаардлагыг бүрэн хангасан тул бидэнд улсын дугаар олгосон, зориулалтын дагуу ашиглахыг зөвшөөрсөн.
Тухайлбал, Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн "Ашиглагдаж байгаад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг техникийн 17.4-д оношлогоонд оруулж, стандартын шаардлага хангуулсны дараа улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгоно" мөн MNS 4598:2011 стандартын 1.2 болон MNS 4598:2020 стандартын 2-т энэ стандартын шаардлагыг бүрэн хангасан автотээврийн хэрэгсэлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцох гэрчилгээ олгоно гэж заасан байдаг. Хэрэв Монгол Улсад том оворын авто Тээврийн хэрэгслийг ашиглуулахгүй юм бол импортоор ч оруулж ирэхийг зөвшөөрөх ёсгүй байсан. Гэтэл уг хуулийн хүрээнд импортоор оруулж ирэхийг зөвшөөрч, улмаар дугаар олгож буй энэхүү үйлдэл бидний тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглахыг зөвшөөрч буй нэг үйлдэл болно.
3,569.17





















































Холбоотой мэдээ