Санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк www.edu.golomtbank.com сайтын нээлтээ хийлээ
Инфляци, хадгаламж, хүү, хувьцаа… Эдгээр үгсийг бид өдөр тутам сонсдог хэдий ч нарийн утгыг нь төдийлөн ухдаггүй, бидний амьдралд ямар нөлөө үзүүлдэг, хэрхэн үр дүнтэйгээр ашиглах боломжтойг ч тэр бүр мэддэггүй.
Тэгвэл Голомт банкны хамт олон иргэд, харилцагчдынхаа санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор www.edu.golomtbank.com сайтыг 2015.05.19-ны өдөр албан ёсоор нээлээ.
Энэхүү сайт нь банк, санхүү, эдийн засгийн цогц ойлголтыг хамгийн энгийн, ойлгомжтой, бодит амьдралд нийцүүлэн тайлбарласан МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛИЙН сан бөгөөд богино анимейшн, инфографик, нийтлэл хэлбэрээр бэлтгэгдсэн, иргэд өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой зөвлөгөө, зөвлөмжийг агуулснаараа онцлогтой юм.
Та тус сайтад зочилсноор хэдхэн хормын дотор өөрийн болоод гэр бүлийнхээ санхүү, бизнесийг хэрхэн зөв удирдах, өргөжүүлэх, эрсдэлээс хэрхэн сэргийлэх, бизнес төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, банк санхүүгийн шилдэг үйлчилгээг үр ашигтайгаар авах зэрэг бүхий л мэдээллийг авах боломжтой.
Голомт банкны хамт олон www.edu.golomtbank.com сайтын нээлтээ “МОДЕРН ЭДИЙН ЗАСАГ” сэдэвт арга хэмжээгээр эхлүүлсэн бөгөөд энэ үеэр Голомт банкны Ерөнхийлөгч Ө.Ганзориг “Модерн эдийн засаг” сэдэвт илтгэл, Голомт банкны Сувгийн Удирдлагын Газрын захирал У.Хосжаргал “Орчин үеийн банкны хэрэглээний чиг хандлага” илтгэлийг тус тус тавьсан байна.
Мөн Голомт банк өөрийн нийт салбар тооцооны төвөөрөө дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан “Мөрөөдөлдөө хүрэх санхүүгийн боловсрол” сэдэвт сургалтыг зохион байгуулсан бөгөөд, нийт 4000 гаруй хүүхэд хамрагджээ. Ингэснээр эх орны маань ирээдүй болсон хүүхэд залуус маань санхүүгийн зөв төлөвшилтэй хүн болж хүмүүжих эхний сууриа тавьсан зэрэг өндөр ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.
Эрхэм та www.edu.golomtbank.com сайтаас санхүүгийн цогц мэдлэгийг хамгийн энгийн, хамгийн ойлгомжтойгоор хүлээн аваарай. Танд амжилт хүсье.
САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИГЧ ГОЛОМТ БАНК