Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын “T-ARA” охидын хамтлаг өчигдөр Монголд ирж, өнөөдөр хэвлэлийн бага хуралд оролцлоо.

“Core contents media” компанид харьяалагддаг “T-ARA”, “Davichi”, “Speed”, “Seeya” зэрэг хамтлагууд “ETV” телевизийн урилгаар Улаанбаатарт ирж байгаа юм. Тэдний тоглолт маргааш /09.21/ 18:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. “Чингис” зочид буудалд болсон хэвлэлийн бага хуралд “ETV”-ийн захирал Ц.Энхбат, менежер Э.Туяацэцэг, “IHC” компанийн захирал Квон Ик Сун нар болон  уригдан ирсэн хамтлагийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм.

Тэд  хэвлэлийн бага хуралд ирсэн сэтгүүлчдээс хамтлаг тус бүрт нийт 3 асуулт тавих боломжийг л олгосон юм.

-“Т-ARA” хамтлагийнхан Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Монголд анх буухад огт танихгүй хотод ирж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөгүй. Юу юунаас илүү дотно сэтгэгдэл төрсөн. Бид гэртээ байгаа юм шиг тухтай байна.

-Та бүхэн өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?

-Дуучин байна гэдэг бол амар биш ажил.  Ялангуяа сайн хамтлаг байхын тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Бид нар өдөрт дунджаар 10-12 цагийн бэлтгэл хийх ёстой байдаг.

-Монголд дахин тоглох тухай яриа өрнөсөн үү?

-Хэрвээ санал тавибал бид татгалзахгүй. Цаашид та бүхэнтэй хамтарч ажиллах боломж гарна гэж найдаж байна.

-“Т-ARA” хамтлагийн охидыг их царайлаг гэдэг. Та бүхний ард гоо сайхны баг ажилладаг байх?

-Баярлалаа. Мэдээж охидын гадаад төрх, стиль имиж дээр манай арын албаныхан маш сайн ажилладаг. Нэг зүйл сануулахад, хүн хөөрхөн харагдахын тулд үргэлж инээмсэглэж, аз жаргалтай байх хэрэгтэй /инээв/.

-Хамтлагтаа яагаад “Т-ARA” гэж нэр өгсөн юм бэ?

-Хуримлаж байгаа хатдын титмийн нэр юм л даа. Эртний хатдыг титмийг тэгж нэрлэдэг байсан. Охидууд юм чинь хатан болох хүсэл мөрөөдөл тээж энэ нэрийг сонгосон. Их утга учиртай нэр болохоор сайн уран бүтээл хийж, энэ нэрийг сайхнаар дуурсгахыг хичээдэг.

-Энд та бүхэн зураг авалт хийнэ гэсэн. Клипний зураг авалт уу?

-Манай хамтлаг аравдугаар сарын 11-нд шинэ цомгийнхоо нээлтийг хийх ёстой. Энэ ёслолдоо зориулж Монголын сайхан тал нутагт зураг авахуулахаар шийдсэн. Говьд зураг авахуулна.

-“Davichi” хамтлагийн гишүүдийг дууныхаа үгийг өөрсдөө бичдэг гэж сонссон?

-Үргэлж биш л дээ. Өмнөд Солонгосын алдартай уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг. Гэхдээ өөрсдөө дууныхаа үгийг бичих сонирхолтой.

-Та бүхэн ирэхээсээ өмнө Монгол орон, Монголын дуучдын талаар судалсан уу?

-Үнэнийг хэлэхэд, сайн судалж амжаагүй. Энд байх хугацаандаа олон зүйлийг ойлгож мэднэ гэж бодож байна. Ялангуяа уран бүтээлчдийнх нь тухай их сонирхож байна. Та бүхэнтэй туршлага солилцож, сайн найзууд болно гэж найдаж байна.

-Монголд хүйтэн, сэрүүхэн санагдаж байна уу?

-Үгүй ээ. Наашаа ирэхийн өмнө бидэнд даарч магадгүй гэдгийг сануулж байсан. Харин энд буугаад тийм бодол төрөөгүй. Хэрвээ маргааш өнөөдөр шиг дулаахан байвал даарахгүй байх аа.

-“Speed” хамтлагийнхан бас Монголд клип хийнэ гэж сонссон.

-Тийм ээ. Гэхдээ хаана зураг авалт хийхээ одоохондоо хэлмээргүй байна. Фэнүүддээ барих хамтлагийн бэлэг учраас нууц байсан нь зөв байх.

Э.ТЭКҮ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж