УИХ-ын хаврын чуулганаар "Алт-3" аяныг хэрэгжүүлэх тогтоол баталсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах, Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэй гэсэн хоёр үндэслэлээр тогтоолд хэсэгчилсэн хориг тавьжээ.
Энэ бол Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон бүрэн эрх. Дээр нь Ерөнхийлөгч хориг тавих байх гэсэн хүлээлт ч нийгэмд багагүй байлаа.
Энэ нь ч аргагүй юм. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Үндэсний баялгийн сан байгуулж, үр шимийг нь иргэдэд тэгш хүртээх, хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж, хууль бусаар алдагдсан улсын үйлдвэрийн газар, орд газрыг төрд авах ажлыг эхлүүлсэн.
Түүний Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, Бор-Өндөр, Багануурын уурхай, Салхитын мөнгөний орд, Тост, Тосон бумбын ордыг төрд буцааж авч байсан юм.
Мөн 4 жилийн хугацаанд 938 лиценз, түүний дотор Ноён уул, Гутайн даваа, Хармагтын ордыг ашиглах эрхийг цуцалж, 7.2 сая га талбайг чөлөөлж байлаа. Энэ бол Увс аймгийн газар нутагтай тэнцэх хэмжээний талбай гэсэн үг.
Чухам дээрх орд газруудад алт олборлож болох утга бүхий тогтоолыг УИХ баталж, хэрэгжүүлэх эрхийг нь Засгийн газарт өгөөд байгаа юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн албан тоотод:
Нэг. Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах ёстой.
Алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэхээр тусгасан байна. Дээрх Монгол Улсын Их Хурлын тогтоолууд нь зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт өөрчлөлт оруулсан агуулгатай болжээ. Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх бодлого тууштай хэрэгжих нь зүйтэй боловч энэ хүрээнд алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад одоо авсан буй газар нутаг, түүний хилийн заагийг өөрчлөх хууль зүйн нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.
Монгол төрийн бодлогоор байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авч, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулдаг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу экологийн аюулгүй байдлыг хангах, түүний тэнцвэрийг хадгалах, байгаль орчныг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх нь үндэсний аюулгүй байдлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэн ховор, ховор болон экосистемд онцгой үүрэгтэй амьтан, ургамал бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэхэд биотехникийн аргыг түлхүү хэрэглэхээр тусгасан билээ.
Иймд Монгол төрийн байгаль орчны талаарх бодлого цаашид өнөөгийн улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлах нь зүйтэй.
Хоёр.Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих.” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд заасан байдаг.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 45.4-т заасны дагуу илгээсэн хууль, тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасан.
Гэтэл “Энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.” хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчих, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарлах шинжийг агуулсан байна.
Иймд энэхүү хоригийг зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж байна” гэжээ.
3,595.72






















































Холбоотой мэдээ