Дэлхийн банкны шинэ удирдагч ядууст ээлтэй

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны шинэ удирдагч ядууст ээлтэй

Сүрьеэ болон ХДХВ/ДОХ-той тэмцэх ДЭМБ-ийн зохицуулагч Жим Ен Ким (Jim Yong Kim) Дэлхийн банкны тэргүүний тушаалд өрсөлдөгчгүйгээр сонгогдлоо. Тус байгууллагын захирлуудын зөвлөл энэ даваа гаригийн орой түүнийг уг  албан тушаалд томилсон байна.  Хэрвээ түүнийг Орос ба Европын орнууд дэмжээгүй байсан бол уг суудалд суух эсэх нь тодорхойгүй байв.

Дэлхийн банкны захирлуудын зөвлөлд Жим Ен Кимийг Дэлхийн банкны тэргүүнд томилохыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама санал болгосон юм. Одоо 52 настай эмч Нью-Гемпшир хотын Дартмутийн коллежийг толгойлдог бөгөөд өмнө нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ДОХ-той тэмцэх  газрыг толгойлон ХДХВ/ДОХ ба сүрьеэ өвчинтэй тэмцэх шинэ стандартыг нэвтрүүлсэн хүн юм байна.

Дэлхийн банкны гол  хувьцаа эзэмшигчид болох АНУ, Европ, Япон ерөнхийлөгчийн сонгуульд Кимийг дэмжихээ аль хэзээний мэдэгдсэн байна. Орос ч хэд хоногийн өмнө түүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. “Ноён Кимийн мэргэжлийн өндөр төвшин мөн түүнчлэн түүний туршлага, мэдлэгийг анхааралдаа авч үзээд ОХУ банкны захирлуудын зөвлөл дээр түүнийг дэмжинэ” гэж Оросын Сангийн сайд Антон Силуанов ноён Жим Ен Кимтэй уулзсаны дараа хэлсэн юм. “Ким манай оронд их олон Эрүүл мэндийн салбарт ДЭМБ-ын стандартыг тогтоохоор ажилласан” гэж тэрбээр мэдэгджээ. 

Дэлхийн банкны ерөнхийлөгчийн сонгуулийн кампаниа  явуулан Этиоп, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Бразили, Мексик, Орос зэрэг найман орноор айлчилсан байна. Тэрээр эдгээр орны удирдлагатай уулзан санал хураалтаар дэмжлэг авах хүсэлтээ илэрхийлснээс гадна Дэлхийн банкны ойрын хөгжлийг хэрхэн харж буйгаа танилцуулсан аж.

Дэлхийн банкны зөвлөл нь 25 хүнтэй. Банкны журмын дагуу оролцогч 187 орон тус бүр нэр дэвшигчээ ерөнхийлөгчид дэвшүүлэх эрхтэй байдаг. Сүүлийн хэдэн сарын дотор BRICS нэгдлийн орнууд  (Бразили, Орос, Энэтхэг, Хятад ба Өмнөд Африк) Дэлхийн банкны удирдлагыг АНУ санал болгодог явдлыг халах шаардлагатай хэмээн шүүмжилж байсан юм. Гэхдээ хөгжиж буй орнууд status quo-г өөрчлөх хэмжээний эвслийг өнөөдөр ч байгуулж чадаагүй байгаа.

Харин 66 жилийн хугацаанд АНУ анх удаагаа хөгжиж буй орнуудын бодит өрсөлдөөнтэй тулгар­сан юм. Банкны ерөнхийлөгчид нэр дэвшигч Нигерийн Сангийн сайд Нгози Оконжо-Ивеала ба Колумбийн Сангийн яамыг толгойлж байсан Хосе Антонио Окампо нар солонгос эмчийн хувьд  хүчтэй өрсөлдөгчид нь байв.  Тэд Бразили болон Хойд Африкийн орнуудын дэмжлэгийг авснаас гадна тэдний төлөө хөгжиж буй орнуудаас санал өгөх магадлал хамгийн өндөр байлаа.

Олон улсын зээлийн энэ байгууллагыг толгойлж байгаа Роберт Зелликийн бүрэн эрхийн хугацаа энэ зун дуусч байгаа бөгөөд тэрбээр хөгжиж буй орны төлөөлөгч банкийг толгойлж болно гэдгээ нэг бус удаа мэдэгдсэн. Түүнийг залгамжлах хүний тоонд тэрээр Индонезийн Мульяни Индравати, Египетийн Махмуд Мухиэддин ба Оконжо-Ивеале нарыг нэрлэсэн. Одоо Бруклиний Их сургуулийг толгойлж байгаа, өмнө нь тус банкны ерөнхийлөгч байсан Доминик Ломбарди ч хөгжиж буй орны төлөөлөгч Дэлхийн банкийг удирдаж болно гэсэн юм. “Окампо ба Оконжо-Ивеала хоёрын албаны нүсэр жагсаалт нь Цагаан ордонд хүчтэй сэтгэл төрүүлж байгаа учраас  хүчтэй өрсөлдөгч олох шаардлагатай боллоо” гэж тэр хэлсэн байна.

Европ, Орос хоёр Америкийн нэр дэвшигчийг дэмжсэний дараа Оконжо-Ивеалагийн нэр дэвших шаардлага унасан юм. АНУ-ын нэр дэвшигчийг ялахын  тулд Европын дэмжлэг хэрэгтэй. Энэ удаа тэр нь бүтэмгүй зүйл хэмээн Вашингтоны Америкийн Их сургуулийн хууль эрх зүйн профессор Даниэль Брэдлоу ярьжээ.

Гэхдээ тэрхүү  өрсөлдөөн дэлхийн банкны зүгээс хөгжиж буй орнуудад хандах хандлыг өөрчлөх байх. Өмнө нь АНУ-ын нэр дэвшигч 99 хувийн саналаар л гардаг байлаа гэж ДБ-ны эдийн засагч байсан Ури Дашуш өгүүлэв.

Жим Ен Ким 1959 онд Сөүл хотноо төржээ. Үүнээс таван жилийн дараа тэдний гэр бүл АНУ-д цагаачлан гарчээ. Тэрээр Харвардын Анагаахын сургуулийг дүүргэсэн, профессор цолтой. 1987 онд “Эрүүл мэндийн түншүүд” (Partners In Health) байгууллагыг үүсгэн байгуулалцсан ба тус байгууллага нь ядууст эмнэлгийн тусламж хүргэж байжээ. Үүнийхаа дараа  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ХДХВ/ДОХ-той тэмцэх газрын даргаар ажилласан бол 2009 оноос хойд Дартмутийн коллежийг удирдаж байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж