Хиймэл арал дээр онгоц газардуулах туршилт хийжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Хиймэл арал дээр онгоц газардуулах туршилт хийжээ

Бээжин Өмнөд Хятадын тэнгист байгуулсан хиймэл арал дээрээ онгоцоор газардах туршилтыг дахин явууллаа. Өмнө нь ийм туршилт хийснийг Вьетнам улс хүчтэй эсэргүүцэж байсан юм. Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд Бээжин дур зоргоор авирлах нь хөрш орнуудын тэвчээрийг барж, эсэргүүцэл дагуулсаар байна. Филиппин улсын зүгээс Вьетнамтай ижил дипломат аргаар Бээжингийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлжээ.

Спартли арлын бүлэгт байгуулсан хиймэл арал дээр Бээжин өчигдөр /I.6/ хоёр нисэх онгоцыг газардуулан туршилт хийжээ. “Хиймэл арлын нисэх зурваст онгоцоор газардах туршилт амжилттай болсон тул цаашид иргэний тээврийн онгоцоор буулт хийхэд аюулгүйн баталгаа боллоо” хэмээн “Синьхуа” агентлагт мэдээлжээ. Гэхдээ хиймэл арлын нисэх зурваст газардах туршилтыг ямар онгоцоор гүйцэтгэсэн нь тодорхойгүй байна. Хятад нь Спартлийн шүрэн арлууд дээр элс овоолох маягаар хиймэл арлыг үүсгэж үүн дээрээ гурван ч нисэх зурвас хийсэн байна. Хиймэл арлын нисэх зурваст онгоцоор газардах анхны туршилтыг өнгөрсөн амралтын өдрөөр хийжээ.

Жилд таван их наяд ам.долларын далайн тээвэр дамжин өнгөрдөг Өмнөд Хятадын тэнгисийн бүлэг арлуудын эзэмшлийн төлөө Бээжин хөрш Вьетнам, Малайз, Бруней, Филиппин, Тайвань улстай газар нутгийн маргаан дэгдээгээд байгаа юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж