Талийгаач амиа алдахаас өмнө бичлэг хийж үлдээжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

Талийгаач амиа алдахаас өмнө бичлэг хийж үлдээжээ

Байгаль хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэл Хөвсгөл далайд живсэн байдалтайгаар олдсон. Энэ хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтэс шалгаад амиа хорлох сэдлээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 95-р зүйл ангиар хэрэг үүсгэсэн байна. Мөрдөн байцаалтын явцад амиа хорлоход хүргэсэн эзэн холбогдогч олдохгүй бол уг хэргийг хаах магадлалтай юм. Тиймээс талийгаач талын өмгөөлөгч Ц.Баасандоржтой ярилцлаа.

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн цогцсыг Хөвсгөл далайгаас олсон. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа ямар шатандаа явж байна вэ?

Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг үнэн зөв шийдэж өгөхийг маш олон хүн хүсэж байгаа. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл намайг талийгаач залуугийн ар гэрийнхэнтэй холбож өгсөн. Тэдэнтэй утсаар ярихад хотод ирэхээс айж байна гэсэн. Тиймээс би өөрийн биеэр Хөвсгөл аймагт очиж уулзсан. Энэ үеэр тус аймгийн цагдаагийн байгууллагаар орсон. Харамсалтай нь түүнийг амиа хорлосон гэж үзээд Эрүүгийн хуулийн 95-р зүйл ангиар амиа хорлоход хүргэсэн эзэн холбогдогчийг хайж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, талийгаач Т.Лхагвасүмбэрэл бусдын дарамтад ороод амиа хорлосон байж болзошгүй гэж үзэж байна. Харин хохирогчийн ар гэрийнхэн эсрэг байр суурьтай байгаа. Хүүгээ гадны нөлөөтэй нас барсан, хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Ингэж үзэх үндэслэл тэдэнд бий. Нэгдүгээрт, талийгаач өглөөний 07.00 цагт машинаа унаад гарсан. Тэрээр маргааш нь олон улсын хуралд оролцохоор гадаад явах ёстой байсан. Ингээд машинаа айлын хашаанд тавихаар гарсан байдаг. Хоёрдугаарт, Хөвсгөл явах зорилготой гарсан бол ар гэрийнхэндээ мэдэгдэх ёстой. Гэтэл хэнтэй ч холбоо бариагүй. Энэ нь утсаар ярих боломжгүй нөхцөлд явж байсан гэдэг дүгнэлтэд хүргээд байна. Гуравдугаарт, Хөвсгөл далайн эргээс дотогш 74 метрийн зайтай, доошоо дөрвөн метрийн гүнээс түүний цогцос олдсон. Усны температур -4 хэмтэй байсан. Дөрөвдүгээрт, энэ залуугийн зорилго бол Өмнөговь аймгийн Тосонбумбын нуруунд алт олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг зогсооход чиглэж байсан. Дээрх дөрвөн үндэслэлээр амиа хорлоогүй гэхэд болно.  

-Амиа хорлох зорилготой байсан бол тийм хол явах шаардлага байсан гэж үү?

-Тийм ээ. Амиа хорлох зорилготой хүн маш богино хугацаанд энэхүү үйлдлээ гүйцэлдүүлдэг. Гэтэл талийгаач Улаанбаатар хотоос гараад 900 км явсан. Ямар ч хүн аян замд гараад, уул усаа хараад бодол санаа нь өөрчлөгдмөөр юм. Түүнд замдаа бодох хугацаа хангалттай байсан. Үнэхээр амиа хорлосон гэхэд эргэлзээтэй. Гэтэл цагдаагийнхан ийм гаргалгаа гаргаж байгаа нь эргэлзээтэй байна. Харин ч бусдын гарт амиа алдсан байх магадлалтай.

-Талийгаач залуу урьд нь хутгалуулж байсан гэсэн. Ямар учраас хутгалуулж байсан юм бол?

Тосонбумбын нуруунд ажлаа хийж яваад халдлагад өртөж байсан юм байна лээ. Баг өмссөн хоёр залуу түүнийг хутгалсан. Тэрээр мотоциклтой явж байсан тулдаа зугтаж амжсан байгаа юм. Ингээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Харин эрүүгийн хэрэг үүсгээгүй. Одоо хүртэл хүн хутгалсан этгээд ял шийтгэлгүй явж байна.

-Яагаад эрүүгийн хэрэг үүсгээгүй юм бэ?

-Талийгаач гэртээ очоод Улаанбаатар явмааргүй байна гэж хэлдэг. Түүгээр ч барахгүй утсаа авдаггүй, үргэлж унтраадаг гэсэн. Ажилтай учраас л аргагүй эрхэнд хот руу буцдаг гэж гэрийнхэн нь ярьсан. Ядаж хамгаална гэж итгэж байсан цагдаагийн байгууллага нь хутгалуулсан ч хэргийг нь хааж байдаг, түүний ярьсан хэлсэнд итгэдэггүй. Ингээд л өөрийгөө хамгаалуулах орчин байхгүй болчихсон хүнд нөхцөлд ажиллаж байсан гэж ойр дотнынхон нь хэлсэн. Одоо бол Сүхбаатар дүүрэг болоод Өмнөговь аймгийн мөрдөн байцаагч нарт албан шалгалт орох ёстой. Шалгаад авах ёстой арга хэмжээг явуулаагүй бол хариуцлага тооцох ёстой.    

-Өмгөөлөгч хүний хувьд нэлээд баримт нотолгоо цуглуулсан байх. Хэнийг мөрдөн байцаалтад хамруулж, шалгаасай гэж хүсэж байна вэ?  

-Өмнөговь аймгийн Тосонбумбын нуруунд алт олборлодог маш олон компани бий. Тэдгээр компаниудыг Х.Лхагвасүмбэрэл болоод нутгийн иргэд эсэргүүцдэг байсан. Харин нутгийн удирдлагууд тэдэнтэй чухал хэлхээ холбоотой гэх олон сэжүүр байна. Аав ээжийнх нь яриагаар бол нутгийн удирдлагууд талийгаач залууг гадуурхаж байсан. Багийн наадамд хүртэл барилдуулахгүй хөөсөн, хүмүүстэй нийлж доог тохуу хийсэн, халдлагад өртчихөөд цагдаад хандахад доог тохуу болгоод өнгөрсөн гэх мэт зүйлийг ярьсан. Тиймээс хамгийн түрүүнд уул уурхайн компаниудыг шалгах ёстой, нутгийн удирдлагуудыг шалгуулах асуудлыг хөндөнө.  

-Та өөрт байгаа баримт нотолгооноос мэдээлэх боломжтой юу? 

Ер нь бол амиа хорлоогүй гэх хангалттай үндэслэл байгаа. Жишээ нь, Т.Лхагвасүмбэрэл гэх залуу Улаанбаатар хотоос гараад 900 км газар ар гэрийнхэнтэйгээ холбоо барихгүй явсан. Өмнө нь дандаа холбоо барьдаг байсан. Ингээд үзэхээр хэн нэгэн хүний эрхшээлд явж байсан байж болзошгүй. Мөн гар утаснаас нь маш ноцтой хоёр бичлэг олдсон. Арваннэгдүгээр сард Хөвсгөл далай зайрмагтдаг. Тийм хүйтэн усанд 5-10 метр яваад ямар ч хүний хөл хөлдөнө. Гэтэл эргээс дотогш 74 метр, доошоо дөрвөн метрийн гүнээс түүний цогцос нь олдсон. Далайн ус бол урсгал ус биш. Хүн живсэн бол тухайн хэсэгтээ тогтоод үлдчихдэг. Гэтэл талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг эргээс дотогш 74 метр алхаад живсэн гэж үзээд байгаа юм уу, хаашаа юм. Талийгаач 3,9 метр өндөртэй байж л 74 метр алхах боломжтой. Яаж ч бодсон цагдаа нарын дүгнэлт үндэслэлтэй байх боломжгүй. Мөн талийгаач залуугийн явуулж байсан албан бичгүүд, хэвлэлийн хурал, уулзалт чуулганд оролцож байсан гол санаа нь Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах тухай байсан. Тиймээс шалтгааныг эндээс хайх ёстой. Энэ бол жирийн нэг хүний дургүйг хүргээд амиа алдчихсан хэрэг биш. Энэ бол зохион байгуулалттай маш нарийн төлөвлөгдсөн хэрэг. Энэ хэргийг илрүүлж чадахгүй бол цагдаа байгаад яах юм бэ. Монгол Улсын усанд живсэн хүн бүрийг амиа хоролсон гээд байвал живүүлээд байгаа хүмүүс нь ял завшаад байна шүү дээ.

-Завиар яваагүй юм уу?

-Завиар явсан гэх ямар ч ул мөр олдоогүй.  

-Гар утсаар хийсэн бичлэг олдсон гэлээ. Гар утас нь хаанаас олдсон бэ. Бичлэг дээр юу байсан бэ?

Тэрээр бусдын эрхэнд орсон учир баримт үлдээх үүднээс хийсэн бичлэг юм. Энэхүү бичлэг дээр завьтай хүний тухай өөрийнх нь дуу хоолой байдаг. Өөрөөр хэлбэл, завьтай хүнтэй холбоотой дуу хоолой байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр талийгаач залууг эрхшээлдээ оруулж Хөвсгөл аймагт аваачсан. Ингээд завин дээр суулгаад 74 метрийн гүнд аваачаад далайд живүүлсэн байх магадлалтай гэдэг үндэслэл бий болж байна. Бичлэг бол хамгийн сүүлд машины хаалга хаагдаж гарсны дараа 10 цаг үргэлжилсэн байдаг. Машинд хэн ч эргэж ирээгүй. Ийм зүйлийг өгөөд байхад цагдаагийнхан дүлий дүмбэ оргиод, болж өгвөл усанд живээд үхчихсэн гэдэг үндэслэлээр хэрэг үүсгээд явж байна. Ядаж дөрвөн метрийн гүнд нас барсан байдлыг нь анзаармаар байна. Ямар ч хүн хоёр метрийн гүнд живнэ шүү дээ.           

-Дээрх нотлох баримтуудыг цагдаагийн байгууллагад өгсөн үү?

-Өгчихсөн. Гэтэл амиа хорлосон гэж үзээд байгаад би гайхаж байна. Магадгүй энэ хэрэг дээр өөр ашиг сонирхол байна уу гэж хардахад хүрч байна. Тиймээс Эрүүгийн хуулийн 91.2-т зааснаар хэрэг үүсгэж Улаанбаатар хотын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шилжүүлж өгөх хүсэлтийг ЦЕГ-т гаргаж байна. Одоогийн нөхцөл байдлаас харахад Т.Лхагвасүмбэрэл үндсэндээ сэтгэцийн өвчтэй. Тиймээс амиа хорлосон гэдэг дүгнэлт гаргах гээд байна. Хэрэв амь насыг нь санаатай хохироосон гээд хэрэг үүсгэчихвэл далайг бүхэлд нь самнана, далайг тойруулаад мөр хайна, Хатгал руу орж гарсан машиныг шалгана, далай дээр усан завь ашигласан хүмүүсийг байцаана гэх мэтээр ажиллагаа нүсэр болно. Ингээд байхад гэмт хэрэгтэн олдохгүй бол цагдаагийн байгууллага муу ажиллаж байна гэдэг нэр зүүнэ гэдэг хандлагаар цагдаа нар ажиллаж байж болох юм.

Т.ДАВААНЯМ

       

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж