Ломбардны хууль хэрхэн өөрчлөгдөх вэ?

Хуучирсан мэдээ: 2014.12.19-нд нийтлэгдсэн

Ломбардны хууль хэрхэн өөрчлөгдөх вэ?

Түрийвчиндээ ломбардны бичигтэй, сар бүрийд ямар нэг эд зүйлийнхээ хүүг төлж байдаг, зээлээс зээлийн хооронд амьдардаг иргэд олон байдаг. Тухайн барьцаалан зээлдүүлэх газар нь өөрийнх нь эд хөрөнгийг хямдаар үнэлж, хугацаа хүүг нь дураараа тогтоодог гээд гомдол санал ч түгээмэл.

Тэгвэл УИХ-д Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүн өргөн барьчихаад байгаа аж. Хэлэлцүүлгийн шатанд хараахан орж амжаагүй байгаа ч уг хуулийн төслийн ерөнхий агуулга, онцлог зохицуулалтын талаар “Хууль төрөхийн өмнө” булангаараа хүргэж байна.

Хууль санаачлах болсон нь дараах гомдлуудаас эхтэй. Үүнд, Иргэдийн хөрөнгийг үндэслэлгүй бага үнээр үнэлж барьцаанд авдаг, барьцаалсан эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал хангалтгүй, барьцаалж байгаа эд хөрөнгийн төрлөөс шалтгаалаад хүү болон хугацааг өөр өөрөөр тогтоодог, зээлдэгч зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд орсон тохиолдолд барьцаалагдсан эд хөрөнгийг худалдан борлуулахдаа эзэнд нь мэдэгддэггүй, эсхүл хэт бага үнээр худалддаг зэрэг зөрчлүүдийг ломбарднууд гаргадаг байна.

Иймд хуулиар барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааг эрхлэх болзол журам, тавигдах шаардлага, энэ үйл ажиллагаа эрхлэхэд хориглох зүйл, зээл олгох журам зэргийг тодорхой тусгах нь зүйтэй гэж үзжээ.

Юуны өмнө барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно гэж заажээ.  Уг үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл авахын тулд хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичиг; бизнес төлөвлөгөө; Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон дүрмийн сангийн болон хохирол барагдуулах сангийн доод хэмжээг хангасан эсэхийг нотлох баримт бичиг; боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж, ажлын байрныталаархи мэдээллийг бүрдүүлээд очих аж. Үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг нь 30 хоногийн дотор шийдэх бөгөөд шаардлага хангасан тохиолдолд эрхийг нь олгох гэнэ.

Ломбардны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авсан бол дараах зүйлсийг хориглоно. Үүнд нь, тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх, иргэн, хуулийн этгээдээс аливаа хэлбэрээр хадгаламж авах, хадгаламжийн данс нээх, үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгох, барьцаагүйгээр зээл олгох, иргэний бүх төрлийн баримт бичиг, хуулийн этгээдийн үүсгэн байгуулахтай холбоотой баримт бичиг барьцаалан зээл олгох, насанд хүрээгүй хүнд зээл олгох, оройн 22 цагаас өглөөний 6 цаг хүртэлх хугацаанд ажиллах зэрэг аж.

Мэдээж Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага бас бий. Тухайлбал, дохиолол, хяналтыг систем бүхий тусдаа байртай байх; барьцааны хөрөнгийг хадгалах, аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий хамгаалалтын сефи, эсхүл тусгайлан бэлтгэсэн өрөөтэй байх, зээлийн мэдээллийн сан бүхий мэдээллийн нэгдсэн системтэй байх, зээлийн хүү, түүнийг тооцох, зээлийн гэрээний хугацаа сунгах, барьцааны хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулахад баримтлах журам зэргийг үйлчилүүлэгчид харагдахуйц ил байрлуулсан байх, үйл ажиллагаагаа заавал даатгуулсан байна гэжээ.

Мөн төсөлд зээл төлөх хугацаа нь дуусч барьцааны хөрөнгийг зарахаар бол хэрхэхийг “зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ” гэж. Мөн “барьцаалагдсан хөрөнгийг худалдаж, борлуулахын өмнө хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлэх бөгөөд үнэлгээ хийх газрыг зээлдэгч сонгож холбогдох зардлыг хариуцна. Хэрвээ зээлдэгч хөрөнгийн үнэлгээний газрыг тав хоногийн дотор сонгоогүй тохиолдолд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох байгууллага сонгон холбогдох төлбөрийг зээлдэгчээр төлүүлнэ” гэх зохицуулалт санал болгож буй аж.

Хариуцлагын заалтуудыг нь сонирхвол зөвшөөрөлгүйгээр уг үйл ажиллагаа эрхлэсэн бол олсон орлогыг хурааж, сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зэрэг мөнгөн торгуулийн, орлого хураах голдуу заалтууд зонхилжээ.

Ломбардны үйл ажиллагааг зохицуулах агуулга бүхий хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд өөрчлөгдөх боломжтой, магадгүй батлагдахгүй ч байж болох бөгөөд цаг тухай бүрт нь news.mn мэдээлж байх болно.

Б.ЭНХ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж