УИХ-ын нэгдсэн чуулганаар өнгөрсөн долоо хоногт 2017 оны төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийхэд ердөө есхөн гишүүн хуралдаа суусан юм. Харин Ж.Эрдэнэбатын засгийг огцруулах чуулганы хуралдааны ирц 90 гаруй хувьтай, Б.Наранхүү, Д.Тэрбишдавга, О.Баасанхүү нараас бусад 73 гишүүн оролцсон билээ. Засаг огцруулах, сайд томилох чуулганы хуралдааны танхим дүүрэн, бусад үед арав хүрэхгүй гишүүн хуулийн төсөл ярьж, хууль баталдаг болоод удаж байна.
УИХ-ын гишүүдийн үндсэн гол үүрэг нь засаг огцруулах, томилох биш, хууль батлах явдал. Гэвч, хувийн эрх ашигтай нь холбоогүй л бол хууль хэлэлцэх, батлах процесст оролцдог гишүүд цөөрсөөр, ердөө есхөн гишүүн улсын төсөв ярилцаж байна гээд бод доо.
Гишүүд ажилдаа ирэх, байх нь үнэндээ баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү гэдэгтээ адилхан болсон. Үүрэгт ажлаа хийхгүй, тэнцэхгүй байлаа ч парламентын гишүүдтэй хэн ч хариуцлага ярихгүй. Засгийн сайдууд шиг огцруулахын зовлонгүй учраас парламентын гишүүдийн дунд хууль батлах үндсэн үүргээ мэддэг, ойлгодог, хийдэг хүн ер нь цөөн дөө.
Илүү “хийморьтойд “нь алагдаад ижил “хийморьтой”-доо үзэгддэг гэгчээр өнгөрсөн дөрвөн жил үзэгдэж харагдаагүй, өрөө нь үргэлж цоож, цуургатай байдаг гишүүн манай парламентад байна. Телевизийн камер ашиглаж, өөрийгөө хөөрхөн гэгч нь рекламдчихаад гараад явчихдаг гишүүн олон.
УИХ-ын Тамгын газраас намар, хаврын чуулган завсарлах үед гаргадаг ирцийн мэдээнд сонгосон тойргийнхон нь ч, дэвшүүлсэн намынхан нь ч анхаарал хандуулдаггүй болохоор айлд очоод “бандаашаа өмсөөд” гардаг, аль эсвэл хувийн ажлынхаа хажуугаар гишүүний ажлаа хийдэг хүмүүс манай парламентад олширсон.
Төр, хувийн хэвшилгүй төсвөөсөө зулгааж амьдардгийн хувьд төсвийн хэлэлцүүлэг, тодотгол гэдэг эдийн засгийн амин асуудал, анхаарал хандуулах сэдэв мөн. Тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмэгдэх үү, хувьчлал явагдах уу, гадаадын хөрөнгө оруулалт өсөх үү, том төсөл хөдлөх үү гээд төсвийг уншдаг хүн Засгийн газар ямар бодлого баримтлах вэ гэдгийг шууд харчихаж болдог.
2017 оны төсөвт хоёр дахь удаагаа тодотгол хийхээр УИХ-аар хэлэлцүүлж буй. Уг нь 2017 оны тодотгол, 2018 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар ид хэлэлцэж байх цаг. Гэтэл юун төсөв, У.Хүрэлсүхийн танхимаас хэн “хооллох” вэ гэдэгт л гишүүд илүү ач холбогдол өгч байна. Хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 15 гэхэд 2018 оны төсвийг батлах ёстой байтал Засгийн газар нь одоо ч өргөн бариагүй, Сангийн сайд байсан Б.Чойжилсүрэнгийнхээ ажлыг Ч.Хүрэлбаатар авах мэдээ л хэвлэлээр хамгийн их хандалт авах болсон.
Хуучин засгийн өргөн барьсан ирэх оны төсвийг буцаагаад татсан. Шинэ засаг, ямар төсөв оруулж ирэх нь “тас хар” төсөөлөлтэй л байгаа. Хоёр дахь удаагаа тодотгол хийж буй 2017 он төсөвт нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 501.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж зургана их наяд 537 тэрбум төгрөг болгожээ. Зарлага ба цэвэр эээлийн дүнг 498.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүулж, есөн их наяд, 248 тэрбумаар тооцож суулгажээ.
Төсвийн нийт алдагдал нь хоёр их наяд 711 тэрбум. Үүнийгээ ДНБ-ийн хасах 9.9 хувьд хүргэж батлагдсанаас 0.5 хувиар сайжруулсан гэдэг тайлбарыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн чуулганы нэгдсэн хуралдаан дээр тайлбарласан юм. Тодотголд цалин, тэтгэвэр нэмэх нэг ч өгүүлбэр байхгүй. 2018 оны төсөвт ч цалин нэмэх боломжгүй.
Төсвийн орлого есдүгээр сарын байдлаар төсөөлж байснаас илүү 900 тэрбум төгрөгөөр давсан. Үүний 500 тэрбумыг нь сургууль, эмнэлэг, аймаг орон нутгийн засаг захиргааны барилгад засвар хийх, төлөгдөх ёстой өр төлбөрийг барагдуулахад зарцуулахаар ОУВС-тай тохирсон байна.
Ийнхүү төсөв, мөнгөний бодлого гэсэн хоёр том төсөл УИХ-ын хүлээлгийн өрөөнд, эрх баригчид “хоолондоо” орж дуусахыг хүлээгээд хэвтэж байна. Сандал суудал, эрх ашгийн эрэмбийг нэгдүгээрт тавьсан манай парламентынхан үүрэгт ажлаа хийж чадахгүй бол үндсэндээ тарвал яасан юм бэ?
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ