
Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 ба 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын барилдаан болж, Ч.Болдбаатар /60 кг/, Д.Төмөрхүлэг /66 кг/, М.Уранцэцэг /48 кг/ нар зодоглосноос ОУХМ Ч.Болдбаатар хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд хүч сорьсон Ч.Болдбаатар эхний тойрогт БНХАУ-ын Ян Лишуанг цэвэр, удаахь барилдаанд Бразилийн Фелипе Китадайг мөн цэвэр ялж, дараагийн барилдаандаа Украйны Георгий Зантарайаг дахин цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангажээ. Харин мөнгөн медалийн төлөөх барилдаанд манай бөх ОХУ-ын Арсень Галстьянд юүко үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медаль, 1500 ам.долларын мөнгөн шагнал хүртсэн байна.
Харин залуучуудын аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэгийн тухайд эхний тойргийн барилдаанд Францын бөх Дэвид Ларосед юүко үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнээ орхисон бол эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон М.Уранцэцэг Польшийн бөхийг цэвэр ялсан боловч хоёр дахь барилдаандаа ОХУ-ын жүдоч Людмила Богдановад юүкогоор ялагдаж, тэмцээнээ дуусгажээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай тамирчдаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар 73 кг-ын жинд хүч үзнэ. Тэрбээр эхний барилдаанаа Йемений бөх Валеед Алкабзаритай хийх бөгөөд ялсан тохиолдолд ОХУ-ын жүдоч Мурат Кодзоковтой барилдах юм. Барилдаан Монголын цагаар 15.00 цагаас эхэлнэ.
Дашрамд сонирхуулахад, Абу Дабигийн гран-при тэмцээний шагналын сан 200 мянган ам.доллар бөгөөд аваргын алтан медалийг 5000 ам.доллар, мөнгө, хүрэл медалийг 3000 болон 1500 ам.доллар дагалдаж байгаа юм.
С.Цэлмэг