Ч.Болдбаатар хүрэл медаль хүртлээ | News.MN

Ч.Болдбаатар хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Ч.Болдбаатар хүрэл медаль хүртлээ

Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны гран-при ангилалд багтах 200 мянган ам.долларын шагналын сантай тэмцээн өчигдөр нээлтээ хийлээ. Дэлхийн 54 орны 180 гаруй жүдочдын өрсөлдөж буй гран-при тэмцээнд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр жүдоч зодоглож байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Ч.Болдбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, 73 кг-д Х.Цагаанбаатар, -100 кг-д Б.Тэмүүлэн, +100 кг-д Б.Төгөлдөр, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, -78 кг-д П.Лхамдэгд нар өрсөлдөж байгаа юм.

Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 ба 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын барилдаан болж, Ч.Болдбаатар /60 кг/, Д.Төмөрхүлэг /66 кг/, М.Уранцэцэг /48 кг/ нар зодоглосноос ОУХМ Ч.Болдбаатар хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд хүч сорьсон Ч.Болдбаатар эхний тойрогт БНХАУ-ын Ян Лишуанг цэвэр, удаахь барилдаанд Бразилийн Фелипе Китадайг мөн цэвэр ялж, дараагийн барилдаандаа Украйны Георгий Зантарайаг дахин цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангажээ. Харин мөнгөн медалийн төлөөх барилдаанд манай бөх ОХУ-ын Арсень Галстьянд юүко үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медаль, 1500 ам.долларын мөнгөн шагнал хүртсэн байна.

Харин залуучуудын аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэгийн тухайд эхний тойргийн барилдаанд Францын бөх Дэвид Ларосед юүко үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнээ орхисон бол эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон М.Уранцэцэг Польшийн бөхийг цэвэр ялсан боловч хоёр дахь барилдаандаа ОХУ-ын жүдоч Людмила Богдановад юүкогоор ялагдаж, тэмцээнээ дуусгажээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай тамирчдаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар 73 кг-ын жинд хүч үзнэ. Тэрбээр эхний барилдаанаа Йемений бөх Валеед Алкабзаритай хийх бөгөөд ялсан тохиолдолд ОХУ-ын жүдоч Мурат Кодзоковтой барилдах юм. Барилдаан Монголын цагаар 15.00 цагаас эхэлнэ.

Дашрамд сонирхуулахад, Абу Дабигийн гран-при тэмцээний шагналын сан 200 мянган ам.доллар бөгөөд аваргын алтан медалийг 5000 ам.доллар, мөнгө, хүрэл медалийг 3000 болон 1500 ам.доллар дагалдаж байгаа юм.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Sek 2010-11-23 180.149.97.242

ChBoldbaatar ahdaa bayar hvrgey Ulam ih amjilt gargaj Londongiin olimpiin erhee awaad OLIMPIIN AWARGA bolohiig hvsen erooe

Avatar

Зочин 2010-11-23 124.158.74.2

Miyaragchaag 66-d yavuulahgui yasan yum boloo judo buhiin holboo sonin yuma sain tamirchnaa demjihgui

Avatar

Dollar 2010-11-23 202.170.93.10

Jin buriinee 1 nomert 2500 dollar zugeer ugnu geed baihad Tsagaanaa 66-d bish 73-d barilddag ni yamar uchirtai yum bol 2500 dollar heregguia l yum baih daa

Avatar

Зочин 2010-11-23 202.55.182.146

Mandahnar asian game-n finald shalgarlaa odoo medaliin unguu huvirgah ajil uldlee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж