Реппер “A$AP Rocky” 2021 онд Холливудын гудамжинд танилтайгаа маргалдаж, улмаар буудсан гэх хэрэгт орооцолдож байв. Тодруулбал, тэрбээр 2021 оны арваннэгдүгээр сарын 6-ны 22:15 цагийн орчимд нэгэн танил руугаа 3-4 удаа гар буугаар буудсан хэрэгт буруутгагдсан. Сумны нэг нь хохирогчийн зүүн гарыг оножээ.
Тэгвэл энэ хэргийн шүүх хурал Баасан гаригт Лос Анжелес хотод эхэлжээ. Тангарагтны шүүхийн бүрэлдэхүүнд долоон эмэгтэй, таван эрэгтэй шүүгч байна. Шүүх хурал гурван долоо хоног орчим үргэлжилнэ.
“A$AP Rocky” буюу Раким Майерс гэм буруутай нь тогтоогдвол 24 жилийн хорих ял авахаар байна. Грэммийн шагналд нэр дэвшигч, хип хоп од, загварын магнат, дуучин Рианнагийн нөхөр тэрбээр өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдээд байна.
Буудуулсан хохирогч Терелл Эфрон нь “A$AP Rocky”-ийн багийн найз бөгөөд уран бүтээлч нэгэн юм. Реппер түүн рүү гал нээх үед сум хуруунд нь туссан гэж тэр мэдүүлэг өгчээ.
Баасан гаригийн шүүх хуралд “A$AP Rocky”-ийн гэр бүлийн зарим гишүүн оролцсон ч дуучин Рианна ирээгүй. “A$AP Rocky” гэр бүлээ энэ хэргээс хол байлгахыг хичээж байгааг түүний өмгөөлөгч мэдэгджээ. Мөн энэ хэргийг мөнгөтэй холбоотой, илт дээрэмдэх гэсэн оролдлого гэж репперийн өмгөөлөгчид үзэж байна.
“A$AP Rocky”-ийн карьерын чухал мөчид энэ шүүх хурал үргэлжилж байна. Тодруулбал, ирэх тавдугаар сард тэр Анна Винтур, Льюис Хэмилтон, Фаррелл Уильямс, Леброн Жэймс зэрэг алдартантай хамт "Met Gala"-г удирдан зохион байгуулна. Мөн энэ зун тэрбээр домогт жүжигчин Дензел Вашингтоны хамтаар "Highest 2 Lowest" кинонд тоглохоор болжээ.
cni 3 цагийн өмнө 50.147.160.114
NZMDM