"Вагнер"-ын тэргүүн агсан Евгений Пригожин наймдугаар сарын 23-нд онгоцны ослоор нас барсан. Түүний онгоцны далавч дор тэсрэх бөмбөг суурилуулснаар осол гарсан гэж барууны тагнуулын эх сурвалж мэдээллээ. Тэсрэх бөмбөг суурилуулах ажиллагааг Путины эртний холбоотон Николай Патрушев хуйвалдаж, удирдан зохион байгуулсан гэж үзэж байна.
"Вагнер"-ын цэргүүд зургадугаар сард Москвагийн эсрэг бослого гаргасан. Энэхүү богино хугацааны үймээн самууны өшөөг авахын тулд Пригожинийг хөнөөсөн гэх таамаглалыг Кремль няцаасаар ирсэн юм. Кремль энэ талаар мэдэгдэл хийхдээ "Пригожин болон түүнтэй хамт явсан хүмүүс согтуу эсвэл кокаин хэтрүүлсэн байсан. Энэ үед нь гар гранат санамсаргүй унасны улмаас онгоц сүйрсэн" гэжээ.
Николай Патрушев нь КГБ-ын офицер байсан бөгөөд өдгөө Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр ажиллаж буй.
72 настай Патрушев 1970-аад оноос хойш Путинтэй ойр харилцаатай байсан. Борис Ельцин 1999 онд Путиныг ерөнхий сайдаар томилоход Патрушев Оросын Холбооны аюулгүй байдлын албыг удирдаж байв. "Вагнер"-т хэт найдах нь Кремльд хортой гэж Патрушев эртнээс Путинд сануулсаар иржээ.
Зургадугаар сард "Вагнер"-ын бослогын үеэр Путиныг нийслэлийн гадна байрлах харшдаа байхад нь Патрушев очжээ. Пригожинтой холбогдож чадахгүй байсан тул Патрушев Казахстан, Беларусийн удирдагчидтай холбогдсон байна. Энэ үед Казахстаны ерөнхийлөгч Токаев туслахаас татгалзсан бол Лукашенко зуучлагчаар ажиллахыг зөвшөөрсөн. Эцэст нь тохиролцоонд хүрч, Пригожин Беларусь руу явсныг бид мэдэж байгаа.
Улмаар Патрушев наймдугаар сарын эхээр Пригожинийг устгах ажиллагааг эхлүүлэхийг туслахдаа тушаасан байна. Путинд төлөвлөгөөгөө үзүүлтэл эсэргүүцээгүй гэж эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ