Нүүрсний хулгай: АТГ-ын зарласан 17 сэжигтэн юу болсон бэ?!

Хуучирсан мэдээ: 2023.05.15-нд нийтлэгдсэн

Нүүрсний хулгай: АТГ-ын зарласан 17 сэжигтэн юу болсон бэ?!

Нүүрсний хулгай: АТГ-ын зарласан 17 сэжигтэн юу болсон бэ?!

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд зарласан. Одоогоос таван сарын өмнө АТГ мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд өөрийн боломжит бүх арга хэмжээг авч байгаа талаар мэдэгдэж нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар нэр холбогдсон хүмүүсийг шалгаж, хариуцлага тооцохоо ам гарсан.

Сүүлийн буюу тавдугаар сарын 10-ны мэдээллээр шалгалтын ажиллагааны хүрээнд АНУ руу 5,3 сая ам.доллар, Өмнөд Солонгос руу зургаан сая орчим ам.доллар шилжүүлснийг АТГ-ын мөрдөгчид тогтоосон байна. Үүнээс хоёр сая гаруй ам.долларыг улсдаа оруулаад байгаа.

Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдах албан тушаалтнууд Казахстанд их хэмжээний хөрөнгө нуусныг АТГ илрүүлсэн болохыг албаны эх сурвалж мэдээлсэн юм. Сүүлийн мэдээллээр нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлээд буй. Тэгвэл нүүрсний хэрэгт холбогдогчдоос өнөөдрийг хүртэлх хугацаанд хэн хариуцлага хүлээсэн талаар нэхэн тоймлоё.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өгч байсан мэдээлэлдээ "ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болгох эсэх асуудлыг хэлэх албан тушаалтан нь тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр. Дийлэнх зөвлөмжүүд экс Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийг тэргүүлж байх үед гаргасан.

Сонирхолтой баримтууд байдаг юм билээ. 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга.

Бондын 280 сая ам.доллароор төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй, далангийн ажил хийгдээд үндсэндээ зогссон. Дараа нь энэ зам дээр "Бодь Интернэшнл" компанийг оруулж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмж гарган ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж хувь хүний хувьд бодож байна" гэж байв.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард экс ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-т мэдүүлэг өгч, түүнийхээ дараа хил давж хэсэг хугацаанд олныг бухимдуулсан. Удаа ч үгүй эргэн ирж, өөртөө буруу байхгүй хэмээн Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг болон иргэн С.Баярцогт нарыг шалгуулахыг хүсч, Үндсэн хуулийн цэцэд гомдол ч гаргаад амжсан.

Гэсэн ч түүнд холбогдох мөрдөн шалгалтын ажил дуусаагүй байгаа бөгөөд тэрбээр он гарснаас хойш хоёр удаа эрүүл мэндийн шалтгаанаар гадаад явсан байна. Одоогоор түүнд оноосон ямар нэгэн ял шийтгэл байхгүй бөгөөд гэм буруутай эсэхийг нь эцэслээгүй шалгалтын явцдаа байгааг албаныхан мэдэгдсэн.

2. УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдод холбогдох нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажил мөн л дуусаагүй байна. Түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан өнгөрсөн сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа  "Нүүрсний гэх тодотголтой, бүр тодруулбал 20220200721 дугаартай хэрэг бий. Миний үйлчлүүлэгч З.Энхболдыг нүүрсний гэх энэ хэрэгт холбогдуулан шалгаж байна гэдэг мэдээллийг АТГ-аас олон нийтэд анх мэдээлсэн. ЭХХШТХ-д хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн нэрийг зарлахыг хориглодог хуулийн заалттай.

Нөгөө талаар миний үйлчлүүлэгч З.Энхболд гэдэг хүн нүүрсний гэх тодотголтой дээрх хэрэгт ямар ч хамааралгүй гэдгийг албан ёсоор хэлье. Харин түүнийг ЕТГ-ын даргын албан тушаалыг хашиж байх үедээ Зам тээврийн хөгжлийн сайд байсан Б.Энх-Амгаланг гэмт хэрэг хийхэд нь хамжигчаар оролцсон гэх хэрэг тулгаж, Эрүүгийн хуулийн 22.1.3-т заасан зүйл ангиар шалгаж байгаа.

Нэгд, миний үйлчлүүлэгч З.Энхболд уг хэрэгт хамжигчаар оролцсон аливаа нэг үйлдэл байхгүй. Эрүүгийн хуулийн 22.1.3-т улс төрд нөлөө бүхий албан тушаалтныг авч үздэг. Тэгвэл З.Энхболдын ЕТГ-ын даргын албан тушаал нь улс төрд нөлөө бүхий албан тушаал биш. Энэ бол нэг төрлийн гүтгэлэг, хэлмэгдүүлэлт" гэсэн юм.

Харин АТГ олон сарын мөрдөн ажиллагааны хүрээнд З.Энхболдыг тус хэрэгт хамааралтай гэдгийг нь тогтоож, урьдчилсан байдлаар олон нийтэд мэдээлсэн. Түүний өмгөөлөгчийн ярьж байгаагаар бол түүнд хэрэг тулгаж байгаа аж.

Ямартай ч холбогдох албаны мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд Шүүх байгууллагаас яллагдагч З.Энхболдод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард хориг тавиад буй. Тодруулбал, Нийслэлийн прокуророос яллагдагч З.Энхболдод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцсэн. Яллагдагч З.Энхболдод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.

3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/

Нүүрс түлж үзсэнээс тээвэрлэж үзсэнгүй хэмээн АТГ-ын мэдэгдлийн дараа хошигнон өгүүлж байсан Ө.Шижирт холбогдох хэргийн шалгалтын ажил мөн л дуусаагүй байна. Нүүрсний хэрэг ид дуулиан дэгдээхээс өмнө түүнийг гэр бүлийнхэнтэйгээ хамт гадаад руу зугатсан гэх мэдээлэл гарч байсан.  Тэрбээр ямартай ч Монголд байгаа аж.

Ямар ч байсан түүнд хилийн хориг тавиагүй болохоо АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох мэдээлсэн.

Хэдийгээр сэжигтнүүд гадаад руу зугатсан ч хэргийг нь мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдэг хариултыг албаныхан өгч буй юм.

4. Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/

Зам тээврийн хөгжлийн сайд асан  Д.Ганбатын хувьд 2015 оноос “Монголын төмөр зам” Төрийн өмчит компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2019 оноос АТГ-ын хаалгыг татаж буй. Эргэн сануулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар буюу авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу байдал олгож, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр Д.Ганбатыг шалгаж эхэлсэн юм.

Харин одоо түүнийг нүүрсний гэх хэрэгт холбогдогчоор татаад байгаа. Шалгалтын ажил нь мөн л үргэлжилж байгаа аж.

5. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/

Шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж дахин ам нээгээгүй УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татаж байгаагаа өнгөрсөн хоёрдугаар сард АТГ мэдэгдсэн. Тодруулбал, нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Н.Наранбаатар, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарыг яллагдагчаар татаж байгаагаа АТГ-ын олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлсэн билээ.

Тэрбээр, мөрдөх үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд хоёрдугаар сарын 28-нд өгөх үеэр ажлын хэсэг дээр байгаа хэрэг мөрдөлтийн талаар танилцуулж, гурван хэргийн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх хүсэлтээ прокурорын байгууллагад өгсөн гэсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татаж байгаагаа мэдэгдсэн.

6. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд сар гаруйн хугацаа өнгөрч буй ажнай Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байна. Д.Бат-Эрдэнийн хувьд нийт гурван удаа нүүрсний хэргээр мэдүүлэг өгчээ.

Нүүрсний гэх хэрэгт нэр холбогдоод буй Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын өрөөнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд АТГ-аас нэгжлэг хийж, компьютер зэрэг зарим эд зүйлийг нь хураан авсан.

Уг нэгжлэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх боломжгүйг албаны хүн хэлсэн.

7. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/

Шалгалтын ажил нь дуусаагүй дараагийн хуулийн этгээд бол УИХ-ын гишүүн Ц.Анандбазар. Тэрбээр, АТГ-ын мэдэгдлийн дараа өнгөрсөн арванхоёрдугаар сард "Бизнесийн хүнд өөрийн эрхэмлэдэг зан чанар гэж бий. Би хулгай гэдгийг үзэн яддаг. Тиймээс энэ гүтгэлгийг буцааж, ард түмэнтэйгээ нийлж, бүлэг дотроо нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна. Ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ.

Би бүлэг дээр нэлээн шүүмжлэлтэй ханддаг. Намайг хүчирхийллийн хэрэгт холбосон. Цаанаасаа захиалгатайгаар жинхэнэ хулгайчийг олон ард түмний итгэлийг мухардуулж байгаа нэг арга. Тэглээ гээд бид бууж өгөхгүй. Ард түмнээсээ сонгогдсон гишүүнийхээ хувьд хамтран тэмцэнэ.

Унтаж байгаа баавгайг сэрээсэн тэр хулгайч нартай өөрсдөө гомдох цаг ирнэ. Магадгүй УИХ-ын сонгуулийн ажил эхэлсэн байх. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Булган аймагт нэр дэвшинэ гэхэд 10-хан хоногийн дотор сайдын суудлаас унагасан. Булганд их хүчтэй гар бидний эсрэг явж байна. Бид их гайхаж байна. Тэр аймагт нэг ч нүүрсний уурхай байдаггүй" гэж байв.

8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/

Нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай улстөрчдийн нэрийг зарлахад УИХ дахь МАН-ын бүлгийн таван гишүүн нэр холбогдсон. Энэхүү таван гишүүн дунд Н.Наранбаатарын нэр орж, тэрбээр бусад дөрвөн гишүүний хамтаар хурал зарлан “Миний бие нүүрсний хэрэгт холбогдох ямар ч үндэслэл байхгүй. Аймгийн Засаг дарга нүүрсний асуудал руу ордоггүй” гэж тайлбарлаж байв. Гэвч хуулийнхан түүнд хэрэг үүсгэн, яллагдагчаар татахаар болсон. Улмаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал сар гаруйн өмнө яригдсан.

УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж, хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.

Харин Н.Наранбаатарын хувьд бүрэн эрхтэйгээ байгаа ч холбогдох шалгалтын ажилд саад учруулахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/

Нүүрсний тавын нэг хэмээн нэрлэгдээд байсан УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэрэгт холбогдолгүй болохоо илэрхийлээд буй. Үүнийг баталж албан бичиг ирсэн талаар ч тодотгосон.

Тодруулбал, АТГ-аас нүүрсний гэх хэрэгт холбогдолгүй гэсэн бичиг ирсэн талаар одоогоос хоёр сарын өмнө УИХ-ын гишүүн Б.Баттөмөр мэдээлсэн.

Харин энэ талаар одоогоор АТГ ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/

Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаад байгаа УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нүүрсний хэргээс мултарсан. Тодруулбал, АТГ –ын Мөрдөн шалгах хэлтсээс хоёрдугаар сарын 10-нд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн рүү хандан илгээсэн албан бичигтээ “Иргэнээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр танд эрүүгийн хэрэг нээн шалгасан ч мөрдөн байцаалтын шатанд үгүйсгэгдсэн тул яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй болно” гэсэн юм.

11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/

Гурван удаа мэдүүлэг өгсөн талаар мэдээлсэн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд яллагдагчаар татагдсан хэргийнхээ зангилааг өөрөө тайлаагүй байгаа аж. Ямартай ч хэргийн шалгалт үргэлжилж буй.

12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/

Өнгөрсөн нэгдүгээр сард яллагдагч Р.Сэддоржид холбогдох хэргийг шийдвэрлэтэл түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах мөн нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Нийслэлийн прокурорын газраас Өмнөговь аймгийн Засаг дарга ажилтай Р.Сэддоржид Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 13-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг.

13. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/

Төрд нэг удаа ч ажиллаж байгаагийн иргэдийг төлөөлж байгаа хүний хувьд нүүрсний хулгайтай огт холбоогүй гэдгээ цахим хуудсаараа мэдэгдсэн нэгэн бол Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир.

Хувийн компани тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ч нүүрс тээвэрлэлт нэг удаа ч хийж байгаагүй гэх түүнийг одоог хүртэл АТГ шалгаж байгаа аж.

14. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/

Их хэмжээний ам.доллар хахуульд авсан байж болзошгүй гэх үндэслэлээр өнгөрсөн арванхоёрдугаар сард хоригдсон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Д.Ариунболд.

Түүнийг одоогоос гурван жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан гэх мэдээллийн мөрөөр хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж байсан удаатай.

Одоогоор түүнийг хорьж байгаа бөгөөд хахуулийн мөнгөөрөө гадаад улсад тансаг зэрэглэлийн хаус авсан байж болзошгүй аж.

15. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон/

Нүүрсний хэргээр хоригдож байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг энэ сарын 5-нд батлан даалтаар сулласан ч 8-наас эхлэн дахин нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЗ/275-т дугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Б.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай санал ирүүлснийг хүлээн авахаас татгалзаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Уг шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2023 оны тавдугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын гомдлыг хүлээн авч, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулан яллагдагч Б.Ганхуягийг “…гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй…” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2023 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн юм.

16. "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/

Мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байгаа гэх дараагийн хүн бол Х.Мандахбаяр. Түүний хувьд хуулийн байгууллагын шалгалтадсадаа болохгүй бөгөөд мэдүүлэг авах даруйд өгнө гэдгээ мэдэгдсэн. Одоогоор түүнд ямар нэгэн хориг тавиагүй бөгөөд мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байгаа аж.

17. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ 

Нүүрсний гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхэн Өмнөговь аймгийн нөлөө бүхий албан тушаалтнуудын холбогдсон үйлдлийг шалгаж дуусчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг дарга байсан, өдгөө ИТХ-ын даргаар ажиллаж буй Б.Бадраа, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нар эл сумын нутагт гаалийн хяналтын талбай байгуулахаар газар авахаар хандсан аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн байна.

Нүүрсний хулгайд нэр холбогдоод буй 17 хүний анхлан зарласан бөгөөд эдгээр хүмүүсээс цөөн нь яллагдагчаар татагдаад байгаа. Харин зарим нь аль хэдийнэ хэрэгт хамааралгүй болжээ. Ямартай ч АТГ шалгалтын ажил дуусаагүй болохыг мэдэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж