Сурагчдын амралт эхэлсэн ч түгжрэл буурсангүй

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

Сурагчдын амралт эхэлсэн ч түгжрэл буурсангүй

Сурагчдын амралт эхэлсэн ч түгжрэл буурсангүй

Сурагчдын амралт эхлээд дөрөв хонож байгаа ч нийслэлийнхний шүдний өвчин болсон түгжрэл буурсангүй.

Зам дээрээ хонох шахам болж, гэрийн бараа харцгаадаг жишгээрээ шөнийн бор хоногтоо багтан хүүхэд багачууд дээрээ очдог болов.

Уг нь өнгөрсөн жилүүдэд сурагчдын амралт эхлэхэд түгжрэл эрс буурдаг байсан юм. Харин энэ жил төв зам буюу Офицеруудын ордноос-Таван шар хүртэлх автозамын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг зорчуулах журам үйлчилж байгаа ч нэмэр болсонгүй ээ. Шалтгааныг нь төв талбайд өрнөж байгаа жагсаал, мөн цас хялмаалах төдийд авто замд халтиргаа гулгаа үүсдэгтэй холбоотой гэж тайлбарлах хүмүүс олон байгаа юм.

Түгжрэлийн нөхцөл байдлыг тайлбарлавал, ажил тарахаас 1 цагийн өмнө буюу 17.00 цагаас нийслэлийн гол замууд түгжирч байна. Энэ янзаар оюутнууд амраад ч түгжрэл буурахгүй л болов уу.

Буудал бүрт автобусаа хүлээсэн иргэд битүү, цан хүүрэг татуулан зогсоцгооно. Удаан хугацаагаар унаа хүлээсэн иргэдийн гар, хөл даарч зарим нь хайрагдах шахам болж буйгаа учирлана. Автобусны буудал дагуу ТҮЦ байрладаг нь хүйтэн жавартай өдрүүдэд нэмэр болж, даарсан бээрсэн хүмүүс түр ч атугай орж зогсон голоо бүлээцүүлж байна.

Гэхдээ удаан цагаар хүлээлгэсэн автобус арайхийн ирэхэд багтахгүй үлдэх зорчигч олон. Дараагийн автобус ирэхийг хүлээхэд бас л хамгийн багадаа 40 минут тэвчээр заан зогсох шаардлагатай болж байна.  Үндсэндээ 1 цаг гаруй хугацааг автобус хүлээхэд,  автобусанд багтаж суусан тохиолдолд дахиад 1-2 цагийг туулж байж, гэртээ хүрч буй.

Яармаг, Нисэх чиглэлд амьдардаг иргэдийн хувьд бүр амаргүй, 3-4 цагийг зам дээр өнгөрүүлж байна.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснуудын насжилт дууссанаас цэв хүйтэн автобусанд суухаас өөр сонголт алга.

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнгөрсөн сард мэдээлэл хийх үеэрээ нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус оруулж ирнэ гэж мэдэгдсэн. Тиймээс хэд хоног тэсчихвэл, шинэ автобус ирчих найдлага бий. Гэхдээ шинэ автобустай болсноор түгжрэл буурахгүй. Харин дулаахан тохьтой автобусаар үйлчлүүлэх боломж бүрдэнэ.

Улаанбаатар хотод өчигдөр цас хялмаалсан нь түгжрэлд нэрмээс болжээ.

Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө авто замын уулзвар, халтиргаа үүсэж болзошгүй замуудад 4.5 тонн бодис, 144.3 тонн давс цацсан тухай албаныхан мэдээллээ. Үүрийн 05:00 цагаас эхлэн бодис, давс цацдаг зориулалтын таван техниктэйгээр Энхтайваны өргөн чөлөө, Улиастай, Эх нялхас, Тасганы овоо, Бичил хороолол, Гэмтэл, Гурвалжингийн гүүр, Яармаг, 32-ын тойрог, Нарны гүүр, Цагаан хаалга, III ДЦС, Наадамчдын гудамж, Мишээл экспо, Зайсан зэрэг чиглэлүүдэд 31 тонн давс цацсан. Мөн зориулалтын хоёр техниктэйгээр Нарны зам, Цагаан хаалганаас зүүн тийш Дүнжингарав чиглэлд 11 тонн давс цацжээ.

Өвөл эхлээд удаагүй, өнөөдрөөс дөнгөж ес эхэлж байна. Ес дуустал 81 хоног болно. Энэ хугацаанд Улаанбаатар хотод хэдэн удаа цас орж, хялмаалахыг хэлэх боломжгүй ч тэр бүрт түгжрэл үүсэх нь тодорхой.

Цаашдаа хот түгжрэлийг бага ч атугай шийдэх хүсэл зориг байгаа бол ухаалаг хяналтын системээ нэвтрүүлээд татвараа төлдөггүй, төв зам дагуух нэгдүгээр эгнээгээр хувийн автомашинтай зорчиж болохгүйг мэдсээр байж, зөрчдөг хатуу чихтэй жолооч нарт ногдуулах хариуцлагыг чангатгах, хотын төв хэсэг рүү нэвтрэх тохиолдолд татвар төлдөг ч юм уу, эдийн засгийн хөшүүрэг хэрэглэхгүй бол 0 зогсолт хийхэд тун ойрхон байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж