“Улаанбаатар хорт хавдар шиг хэзээ мөдгүй хагарах дөхсөн”

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар хорт хавдар шиг хэзээ мөдгүй хагарах дөхсөн”

“Улаанбаатар хорт хавдар шиг хэзээ мөдгүй хагарах дөхсөн”

Монгол Улсын зөвлөх архитектор Ж.Алтансүхтэй хот төлөвлөлтийн  асуудлаар ярилцлаа.


-Улаанбаатар хот тэг зогсолт хийхэд ойрхон байна. Түгжрэлийн гол буруутан, гол шалтгааныг та юу гэж харж байна. Шийдвэр гаргадаг дарга нар уу эсвэл автомашин унаж яваа иргэн үү?

-Түгжрэлийн асуудал хариуцсан сайдын орон тоо бий болгож, мэргэжлийнхний хийдэг асуудлыг нийгэм, улс төрийн салбар руу шилжүүлээд байгаа. Бид 1990 оноос хойших ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байна. Бүхий л сайд нар бодлого, хэрэгжилтийн асуудал ярьдаг. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн ерөнхий төлөвлөгөө, хүний харааны байдалд ойлгогдохоор нэг загвар гарах ёстой. Түүнийгээ тойрч ярихгүй чиглэл, чиглэлээр юм яриад байдаг. Үндсэндээ 30 жил Барилга, хот байгуулалтын яамтай байлаа. Энэ яам юу хийсэн юм бэ. Хоёрдугаарт, мэргэжлийнхний хийсэн ерөнхий төлөвлөгөө УИХ-аар батлагдаад, хууль болдог ч ерөөсөө хэрэгждэггүй.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын архитектур, хот төлөвлөлтийн систем цогц байдлаар хуулиар хамгаалагдах ёстой. Төр засаг, хийсэн зураглал, ерөнхий төлөвлөгөөгөө зөв замаар хийдэг системд оруулах хэрэгтэй.

Нөгөө талаар мэргэжлийнхний хийсэн системийг удирддаг, удирдлагын менежмент нь цэвэр архитекторууд байх ёстой. Нам дагасан нөхөр, танил талаараа барилга, хотын аж ахуйн ажил хийдэг захиргааг “өөрийнхөө дураар” хөдөлгөж байна. Өөрөөр хэлбэл, мэргэжилтний хийх ёстой ажлыг мэргэжилтэн бус, улс төрөөр томилогдсон хүн хийх нь буруу. Мэргэжлийн бидний явуулж ирсэн хотжилтын хоёрдугаар үе шат ирсэн. Энэ нь цэвэр либерал эдийн засаг буюу хотын төвийн нягтрал нь нэг метр квадрат нь эдийн засгийн утгаар шилжсэн. Нэг метр квадрат талбайд хөрөнгө оруулагч болон хотын захиргаа юуг хардаг вэ гэвэл эдийн засгийн үр өгөөжийг хардаг. Угтаа бол нэгдсэн ерөнхий төлөвлөгөөгөөр явах хэрэгтэй.

-Улаанбаатарын хүн ам жилээс жилд нэмэгдэж байна. Монгол Улсын хүн амын тал нь нийслэлдээ амьдарч байна. Үүнийг дагаад Улаанбаатарын асуудал улам л хурцдаж байх шиг, зөвхөн түгжрэл ч биш?

-Хот бол бидний ирээдүй. Хуучнаар хот зөвхөн ажиллаж, амьдрах орчин гэдэг утгаар 500 мянган хүн амтай төлөвлөгдсөн. Хоёр дахь хотжилтыг дагаад нийгэм, соёлын төвлөрөл явагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, соёлын төвлөрөл Улаанбаатарт бий болж, үүнийг дагаад амьдрах хэв маяг өөрчлөгдсөн.

Хот гурван үндсэн нийгмийн сегментийг үүрч явдаг. Нэгдүгээрт, нийгэм социологийн асуудлыг төлөвлөдөг. Хоёрдугаарт, хотын эдийн засгийг төлөвлөдөг. Жишээ нь, хотын нэгдүгээр бүс, хоёрдугаар бүс гэж ярих нь өөрөө авлигын эх үүсвэр бий болгож байна.

Гуравдугаарт, хүн амын аюулгүй байдлыг төлөвлөдөг. Жишээ нь, газар хөдлөлт, хүн амын нягтаршлаас үүдэлтэй халдварт өвчин гэх мэт. Энэ бүх нийгмийн тулгуур үндсэн системийг орон зайг боддог байх ёстой. Өөрөөр хэлбэл, гурван сая хүн ямар нэгэн аюул, осол тохиолдоход яах ёстойг тооцоолсон байх нь чухал. “Алсын хараа-2050” зэрэг хотыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг гарсан. Түүнийг улстөрчид урдаа барьж, улс төрийн өнцгөөс хараад байдаг. Гэтэл бодлогын бичиг баримтаас гадна агуулгаар нь авч үзэх хөтөч зураг нь гараагүй байна. Хоёр дахь хотжилт, түгжрэл үүсгээд буй цаад эх үүсвэрийг тэд мэдэхгүй зөвхөн өнгөцхөн хараад байна. Түгжрэлээс гадна хот төлөвлөлт яг хорт хавдар шиг, хэзээ мөдгүй хагарах дөхсөн байна. Өнөөдөр түгжрэлээс үүдэлтэй хотын иргэд өөрөө ч мэдэлгүй өвчтэй болж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс асуудлыг цогцоор нь хардаг, мэргэжлийн шийдвэр гаргадаг, түүнийг хэрэгжүүлдэг босоо тогтолцоотой байх хэрэгтэй.

-Хотыг, хот төлөвлөлтийг хүмүүс мэргэжлийн хүмүүс хариуцах хэрэгтэй гэлээ. Харамсалтай нь, ялсан нам хэнийгээ хаана тавих нь тэдний асуудал болсон шүү дээ?

-Хотын дарга бүр гарах болгондоо нэг хөтөлбөр дэвшүүлдэг. Гэтэл тэр нь хэрэгждэггүй. Хот төлөвлөлтийг зөвхөн улс төр, нийгмийн өнцгөөс тодорхойлж байна. Үүнээс үүдээд системийн зөрчилдөөн бий болоод байна. Хот байгууллатын яам бодлого ярьдаг биш, барилга барьдаг яам болчихсон байна шүү дээ. Хотын удирдлагын менежмент төлөвлөлт орон зайн хувьд алдагдсан, хууль эрх зүйн хувьд ч алдагдсан байна.

“ТҮГЖРЭЛИЙН ЦААД ШАЛТГААНЫГ ЭРХ БАРИГЧИД ӨНГӨЦ ХАРЖ БАЙНА”

-Нийслэлд замбараагүй газар олголтын улмаас хот төлөвлөлт алдагдсан нь худлаа биш. Цаашдаа энэ байдлыг хэрхэн цэгцлэх ёстой юм бол?

-Хот төлөвлөлт өөрөө системтэй байдаг. Эхлээд ирээдүйгээ системтэй төлөвлөнө. Тэрийг хэрэгжүүлдэг стратеги нь хуулиар дамжих ёстой.

Хуулиар нарийн зохицуулалтгүйн улмаас газрын хууль “дээрээ” гарчхаад байгаа юм. Засаг захиргааны нэгжийн хууль, газар олгодог субъект нь ерөнхий төлөвлөгөөг дагаж олгохгүйгээр хотын засаг дарга жилдээ гэхэд 1000 орчим барилга байгууламжийн зөвшөөрөл өгчхөж байна. Тэр газарт юу баригдах нь хотын удирдлагуудад хамаагүй байх жишээтэй. Зөвхөн орон сууц барина гэдэг. Гэтэл түүнийг дагаад ажлын байр, сургууль цэцэрлэг хаана байгаа тухай боддоггүй байхгүй юу. Газар олголтын төлөвлөгөөг гарч ирсэн дарга нар нь “хэрчээд”, тав арван төгрөгөөр зараад, хот төлөвлөлтийг газрын наймаа болгочихдог.

-Түгжрэлийг бууруулахын тулд улсын төсвөөс 420 тэрбумыг зарцуулж байгаа. Гэтэл түгжрэл буурахгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Хотын ерөнхий төлөвлөгөө гэдэг Монгол утгаараа хот цогцлоох тухай юм. Хот цогцлооно гэдэг нь төлөвлөлт, зураг нь байхгүй юу. Хар ухаанаар хэлэхэд. Энэ бол сонгуулийн хугацаанд хийдэг ажил биш юм.

Зуун жилийн дараа түгжрэл, эрүүл мэнд, зам харилцаа ийм болно гэж төлөвлөөд, жижүүрийн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй. ЛРТ, метрог бид нэг амьсгаагаар хийчихгүй. Дээхэн үед Архитектур техник хяналтын улсын хороо бүх зүйлийг зангиддаг байлаа. Дараа нь дэд бүтцийн яам байлаа.

Гэтэл эрх баригчид бүхэл бүтэн салбарын яамдыг улс төрийн зорилгодоо ашиглахын тулд тараасан. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр Швед улсаас илүү яамтай байна. Энэ чинь солиорол байхгүй юу. Нэг хот цогцлоох субъектуудыг салгачихсан байхгүй юу.

Тэгээд түүнийг Ерөнхий сайд мэдрээд, Улаанбаатар хотын сайдын дээр, Зам тээврийн сайдын дээр Ж.Сүхбаатар гэх сайдыг томиллоо. Үүнийг амьдрал шаардаад байгаа юм. Захиргааны шугамаар нэгтгэх гэж үзээд байна.

Ямарваа нэг хүн, дарга солигдох нь хамаагүй. Ерөнхий хот төлөвлөлтийн нэг хөтөч зураг байх ёстой. Тэр хөтөч зургийг гаргахдаа судалгаа, иргэдийн санал бодол, иргэдийн ирээдүйг харж хийх ёстой. Ерөнхийдөө манайд сонгодог утгаараа суурин соёл иргэншлийн философи утга алдагдсан. Хот төлөвлөлтийн асуудал гэдэг яг үнэндээ хүний суурьшил, хот айлын асуудал байхгүй юу. Би хотод хаана, аль газар суурьших юм гэдэг нь архитектурын шинжлэх ухааны асуудал юм.

-Яармаг нийслэл хотын хамгийн их түгжрэлтэй газар болчхоод байгаа, үүнийг яаж шийдэх вэ?

-Хот төлөвлөлтийг нийгмийн давхар бүр өөрсдийн нүдээр хардаг. Хотын төлөвлөлтийг том утгаар нь харвал Улаанбаатар хот шугаман буюу ганцхан утсан дээр тогтдог. Өөрөөр хэлбэл, сонгодог утгаар нь яривал хотын баруун хаалга, зүүн хаалгатай гэсэн үг байхгүй юу. Мөн мэргэжлийн хүмүүсийн мэдлэг мэдээлэл дутуу улмаас ийм төлөвлөлт хийж байна. Жишээлбэл, хот байгуулах тал дээр сүүлийн 30 жил боловсон хүчнээ анхаараагүй зөвхөн байшин барьдаг архитектурыг төгсгөөд байсны гор байхгүй юу.

Яармагийн төлөвлөлт бол сонгодог суурьшлын соёл иргэншлийн төлөвлөлтөөр авч үзэхэд буруу юм. Яаж ч бодсон нарийн мяндсан утсан дээр тасрах ачаалал өгч болохгүй байхгүй юу. Зарчим нь тэр. Уг нь зөв төлөвлөх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж