Монгол Улс өнөөдөр хөрөнгө оруулалтыг татах нь хамгийн чухал байгаа. Гэвч Монгол Улсад хөрөнгө оруулагчдыг хохироодог асуудал үеийн үед гарсаар ирсэн. Үүний тод жишээ нь "Бадрах Энержи" ХХК-ийн гүйцэтгэх захирлын биед халдсан асуудал болов. Иймд гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжих томоохон төслүүдтэй холбоотой асуудлаар Засгийн газрын гишүүд болоод эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Уран олборлох төслийг 27 жил ярьсны эцэст хөрөнгө оруулалтын гэрээ байгуулллаа. Маш олон мэргэжлийн шинжээчид, эрдэмтэд төсөл дээр ажилласан. Намайг тус ажлын хэсгийн ахлахад таван дэд ажлын хэсэг байсан. Салбар салбарын таван сайд ахалсан шүү дээ. Тухайлбал, байгаль орчин, уул уурхай, эдийн засгийн өгөөж, татвар гэх мэт таван дэд ажлын хэсэг ажиллаад хэрхэн 51 хувийн өгөөжийг өгөх вэ гэдэг дээр нэгдсэн ажлын хэсгээрээ дүгнэлт гаргасан. Түүний дараагаар Засгийн газрын хуралдаанаар оруулаад процессын дагуу УИХ олонхоороо шийдсэн гэрээ шүү дээ. Тэрнээс нэг хүний асуудал биш. Монгол Улсын парламент шийдсэн олон улсын тэр дотроо хөрөнгө оруулалтын гэрээ. Тэгэхээр гаднын улс орнууд мэдээж Монголын парламент шийдсэн гэж дүгнэж, харж байгаа. Гэтэл Төрийн эрх барих дээд байгууллага нь шийдвэрээ гаргачихсан байхад гадны хөрөнгө оруулагчид халдана гэдэг зүгээр хувь хүмүүсийн асуудал биш.
Үүний цаана улс орны нэр хүндийн асуудал яригдаж байгаа. Тийм учраас үнэхээр тэр асуудлаа ярих гэж байгаа бол УИХ-ын гишүүддээ хандана уу, орон нутагтаа эсвэл ажлын хэсгийг ахалсан хүмүүстээ хандана уу хуулийнх нь хүрээнд аль болох ухаалгаар хандах ёстой.
Парламент шийдчихсэн олон улсын хөрөнгө оруулалтын гэрээг тогтвортой байх боломжийг нийгэмд бий болгох ёстой. Үүнд олон нийт ухамсартай хандаасай гэж хүсч байна. Иргэд үгээ хэлэх ёстой, үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх эрх нь нээлттэй. Гэрээний туршид дэд ажлын хэсгүүд чиглэл чиглэлээрээ маш олон хэлэлцүүлэг хийсэн гэж ойлгож байгаа. Тиймээс үнэхээр анхаарах шаардлагатай асуудал байвал мэргэжлийн яамдуудтайгаа ярьж, санал дүгнэлтээ хэлдэг байвал цаашдаа Монгол Улсад гаднын хөрөнгө оруулалт орж ирэх болно..
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Өнгөрсөн намрын чуулганаар бид бүхэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын асуудлыг эхлүүлээд, дуусгасан. Ирэх тавдугаар сарын 14-ны өдөр төмөр замын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор нээлтээ хийнэ. Бэлтгэл, ажил хангагдаад явж байна. Тавдугаар сарын эхний долоо хоногт нүүрс худалдан авах гэрээ хэрэгжиж эхэлнэ. Мөн тавдугаар сарын 14-ний дотор уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил эхэлж, гэрээгээ хийнэ. Дэлхийн худалдааны дайны сүүдэр Монгол Улсад аль хэдийн тусчихсан байгаа. Бидний хувьд амжиж "Чайна Энержи" компанитай гэрээгээ хийж авсандаа баяртай байна. Монгол Улсад жилд ойролцоогоор 5 сая тонн нүүрсийг нүүрсний үнэ өндөр байх, бага байхаас үл хамааран энэ гэрээ хэрэгжих ёстой. Хүмүүсийн шүүмжилж асуудаг үнийн асуудал өнөөдөр гэхэд биржээр арилжаалдаг үнээс бага зэрэг дээгүүр үнээр борлуулагдах байдалтай явж байгаа.
Ер нь нүүрсний үнэ унах үед энэ гэрээ хамгаалалт болж өгч, жилдээ 350-400 сая доллар Монголын эдийн засагт бэлнээр орж ирэх бололцоотой болсон.
Түүнчлэн УИХ-аас батлагдсан олон улсын хэлэлцээрийн асуудал байгаа. Энэ хөрөнгө оруулалтын гэрээ амаргүй замаар явж байна. Хамгийн сүүлд гэхэд "Бадрах Энержи" ХХК-ийн гүйцэтгэх захирлын биед халдсан асуудал үүссэн. Үүнээс болж хөрөнгө оруулагч улсууд Элчин сайдын яамдуудаараа дамжуулж Монгол Улс руу эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Манай яам ч гэсэн үүн дээр эсрэг байр суурьтай байгаа. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шиг ярилцах асуудлууд байна. Яг энэ чигээрээ байвал бид бүхэн өдий хүртэл юу хийж байсан юм гэдэг нөхцөл байдал руугаа дахиад орчих эрсдэлтэй.
Эдийн засагч Д.Жаргалсайхан:
-Засгийн газрын 14 мега төсөл хэрэгжүүлэхэд наад зах нь 30 их наяд төгрөг шаардлагатай. Ийм мөнгө Монголд байхгүй. Тиймээс бид гадаадын мөнгөөр хийнэ. Гадаадад мөнгө нь дуусахгүй, Монголд мөнгө нь байхгүй. Тийм учраас хөрөнгө оруулалт татаад олон улсад хүлээн зөвшөөрөгдөх дүрэм журмын дагуу ажиллах хэрэгтэй. Хүний мөнгөөр төслүүдээ хэрэгжүүлээд, эргээд ашгийг нь өгдөг зарчмаар ухаан нь хүрвэл явмаар байна. Ухаан нь хүрэхгүй бол ингээд хоорондоо хэрэлдээд суухаас өөр арга алга. Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль эрх зүйн орчныг харвал гадаадын хөрөнгө оруулалт татах боломж тун тааруухан байна.
Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцдэг газар 100 гаруй гомдол ирсэн байна. Үүний 75 хувь нь одоо болтол шийдэгдээгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж байна.
Газар хөрөнгийг нь хурааж байна. Өндөр албан тушаалтай хүмүүс үүнийг хийгээд эргээд баатар хүн шиг нийгэмд явж байна. Тийм учраас шударга ёсыг тогтоох, түүний дотор итгэлийг бий болгох хэрэгтэй. Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулалт гэдэг хууль эргэж үйлчилдэг байдлыг засахгүй бол яах гэж Монголд хөрөнгө оруулах юм бэ. Гадаадын хөрөнгө оруулалт яагаад ордог вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө оруулалт хоёр бол зарчмын том ялгаатай. Гадаадын хөрөнгө оруулалт бол саван дотор гаднаас орж байгаа гурван юмыг хэлдэг.
Нэгдүгээрт хөрөнгө, хоёрдугаарт технологи, гуравдугаарт зах зээлийн хүртээмж буюу Монголд орж ирэхдээ 3.5 сая хүнд хөрөнгө оруулалт хийе гэж орж ирдэггүй. Монголоор дамжаад дэлхий рүү гарья гэдэг том зэх зээлийн экспортын хаалга нээгддэг хүч чадал орж ирж байгаа. Ийм хүч чадал Монголын компаниудад байхгүй. Тиймээс томыг нь сонгож аваад, дэлхийн томчуудыг оруулах цаг болсон. Үгүй бол бид нар хоёр улсынхаа хооронд хэрэлдээд суух үлдлээ.
Хөрөнгө оруулалтын хууль гэдэг зарчмын хууль байх ёстой. Өөрчлөгддөггүй, ил тод, хамгаална, дэмжинэ гэсэн агуулгатай байх ёстой. Өнгөрсөн парламент дээр хөрөнгө оруулалтынх нь хэмжээ, газар, татвартай холбоотой асуудал байсан. Тэрийг өөрсдийнх нь хуулиар зохицуулахгүй бол хөрөнгө оруулалтын хууль гэдэг ганцаараа бие даасан, бүхнийг хамарсан хууль биш. Энэ удаа бид дээр, дооргүй бүгдээрээ зөв ойлгож хиймээр байна. Үүн дээр бас нэг зүйлийг хэлмээр байна. Уул уурхайгаа ашигласны татвар гэж байдаг. Хүн төрөлхтний бодож олсон ганц татвар нь энэ. Тэр татварыг яг орон нутгийн хүмүүст нь өгөх хэсгийг нь өгөхгүй өдий болтол явж ирсэн. Тийм учраас бэлчээр нь тахалцан байдаг. Энэ асуултад төр хариулах шаардлагатай байна. Нөгөө хүмүүс нь учрыг нь ойлгохгүй босоод ирэх юм. Тэрийг нь ашиглаж мөнгө хийе, алдартай больё, улстөрч больё гэсэн хүмүүс нь дүүрээд гаднаас нь харахад инээдтэй, өрөвдөлтэй ийм нөхцөл байдалд хүрч байна.
3,595.72






















































Холбоотой мэдээ