“Монгол-Вьетнамын бизнес уулзалт” болж, БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд ноён Ле Минь Хоан, Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зоан Хань Дам болон тээвэр, эрчим хүч, загас, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын компаниудын төлөөлөл оролцов.
Монгол Улсаас Вьетнам Улс руу 2021 онд хонь, ямааны мах, малын дайвар бүтээгдэхүүн зэрэг 485 мянган ам.долларын үнийн дүнтэй бараа, бүтээгдэхүүн экспортолсон бол Вьетнам Улсаас цагаан будаа, шар буурцгийн тос, лаазалсан самар, хатаасан жимс, хуванцар сав баглаа, боодол зэрэг 80 сая гаруй ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолжээ.
МҮХАҮТ БНСВУ-ын хамтран ажиллагч талуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүрээнд харилцан худалдааг нэмэгдүүлэх, хоёр улсын хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөхөд тулгарч байгаа тээвэр логистикийн асуудлуудыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллах болно гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэв.
БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд ноён Ле Минь Хоан "Манай улс жилд 370 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолдог. Нүүрс, төмрийн хүдэр, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний хэрэгцээ их. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд Монгол-ОХУ-БНХАУ-ын тээврийн гурван талт хэлэлцээрт нэгдэн орох зэргээр тээврийн гарцыг нэмэгдүүлэх шаардлагатай" гэж онцлов.
Мөн "Вьетнам Улсыг 100 сая хүн амтай зах зээл гэж харахаас илүүтэй АСЕАН-ы орнууд руу гарах гарц гэж харах хэрэгтэй. Бид ч Монгол Улсыг Төв Ази, ОХУ, Европтой холбосон гарц гэж харж байна. Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бизнесийн салбарын оролцоо чухал" гэв.
Хоёр орны бизнес уулзалтад Монголын талаас 40 гаруй компани оролцож, БНСВУ-ын бизнес эрхлэгчидтэй ажил хэргийн уулзалт хийлээ. Хоёр улсын хооронд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтран ажиллах, энэ салбарын бүтээгдэхүүнийг БНСВУ руу экспортлох боломжтой юм.
Холбоотой мэдээ