Зэсийн ирээдүй өнгөлөг, бидэнд боломж нээлттэй байна

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Зэсийн ирээдүй өнгөлөг, бидэнд боломж нээлттэй байна

Зэсийн ирээдүй өнгөлөг, бидэнд боломж нээлттэй байна

Орос, Украины мөргөлдөөнийг үл ажран, зэсийн үнэ цойлсон хэвээр байна. Лондоны металлын бирж дээр өнгөрсөн Даваа гаригт тонн тутамдаа 10270 ам.долларт хүрсэн зэсийн үнэ өнөөдөр (2022.04.12) 10303 ам.доллар болж өсөв. Лондоны металлын бирж дээр өнгөрсөн хоёрдугаар сард зэсийн ханш энэ орчимд хүрч өссөн. Тодруулбал, ганцхан өдрийн дотор үнэ нь 3.4 хувиар өсч, өнгөрсөн аравдугаар сараас хойш дээд хэмжээнд хүрсэн билээ. Тухайн үед Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр зэсийн ханш 10380 ам.доллар/тонн-д хүрч өсч байв.

Бид энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа зэсийн үнийн өсөлт тойрсон мэдээллийг онцолж байна.

Шинжээчид зэсийн ханш өсч буй шалтгааныг голлох түүхий эдийн биржүүдийн агуулах дахь зэсийн нөөц буурсантай холбон тайлбарлаж буй. ANZ банкнаас тайлбарласнаар, голлох биржүүдийн нөөц 200.4 мянган тонноор хэмжигдэж буй нь дэлхийн зэсийн хэрэглээг гурван өдөр хангахад хүрэлцэх хэмжээ. Энэ нь биржүүдийн агуулах дахь нөөц түүхэн доод хэмжээнд очсоныг харуулж буй талаар мэдээлж байв.

Зэсийн ханш өсч буйн улмаас зэс олборлогчдын хувьцааны үнэ ч мөн дээшилжээ. Томоохон олборлогч “Freeport McMoran”-ы хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 15 хувиар өссөн. Зарим шинжээчид цаашид зэсийн ханш тонн тутамдаа 11 мянган ам.долларт хүрч, дунд хугацаанд ханш нь энэ хэмжээнд тогтворжино гэх таамаг дэвшүүлж буй.

“Goldman Sachs”-ын тооцоолсноор, зэсийн үнэ энэ оны дунд үе гэхэд шинэ дээд түвшинд хүрэх бололтой. Тус групп хэдхэн хоногийн өмнө зэсийн үнэ ирэх гурван сарын дотор тогтвортой өсч, тонн нь 13 мянган ам.долларт хүрэх төлөвтэй гэж үзсэнээ мэдэгдсэн билээ.

Мөн цаашид дэлхийн зэсийн уурхайнуудын олборлолт дараагийн хоёр жилд өсөлттэй гарч, улмаар буурах замдаа орж болзошгүйг анхааруулсан. Байдал энэ хэвээр үргэлжилбэл энэ оны сүүлээр нийлүүлэлтийн хомсдол хэт даамжрах эрсдэлтэйг сануулав.

Зэсийн үнэ 10 мянган ам.доллар давж өссөнд дэлхийн хэмжээнд зэсийн нөөц түүхэн доод түвшинд очсон нь голлон нөлөөлжээ. Шинжээчид дэлхийн хэмжээнд цэвэршүүлсэн зэсийн хомсдол өмнө нь 374 мянган тонн болно гэж тооцоолж байсан бол 2022 онд хоёр дахин нэмэгдэнэ гэж үзэж буйгаа мэдэгдэв.

“International Copper Study Group”-ээс мэдээлснээр, дэлхийн хэмжээнд өнгөрсөн 2021 онд цэвэршүүлсэн зэсийн хомсдол 475 мянган тонн болж, 9000 тонноор буурчээ. Өнгөрсөн оны сүүлийн сард зэсийн гарц 2.11 сая тоннд хүрч, хэрэглээ нь 2.2 сая тонн байв.

Тус группийн мэдээлэлд дурдсанаар, 2021 оны туршид зэсийн гарц 2.3 орчим хувиар өсчээ. Цар тахлын нөлөөгөөр зэсийн уурхайнуудын үйл ажиллагаа саатсантай холбоотойгоор гарц нь 2020 оны үеэс эрс буурсан байна.

“CRU” группийн шинжээч “Уул уурхайн компаниуд 2030 он гэхэд зэсийн уурхай байгуулахад 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай” гэж мэдээлэв. Дэлхийн зах зээлд үүссэн нийлүүлэлтийн алдагдал жилд зургаан сая тонн байхаар байгаа бөгөөд алдагдлыг нөхөхөд зэсийн уурхайнууд яаралтай байгуулах шаардлагатай гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл, ирэх найман жилийн хугацаанд хамгийн том зэсийн уурхай болох Чилийн “Escondida” шиг найман уурхай байгуулах шаардлагатай гэсэн үг аж. Сүүлийн жилүүдэд шинэ уурхай байгуулах төсөл, хөтөлбөрүүд удаашралтай байгаагаас гадна хайгуулын ажил хязгаарлагдмал буй нь үүнд нөлөөлжээ.

Дэлхийд хэрэгжиж буй томоохон төслүүдээс дурдвал, “Rio Tinto” компани Монголд “Оюутолгой”-н зэс, алтны гүнийн уурхай хөгжүүлж буй бол “SolGold” компани Эквадор улсад “Alpala” зэс, алтны төсөл хэрэгжүүлж байна.

“Metals Acquisition” тусгай зориулалтын компани “Glencore” компанийн Австрали дахь “CSA” зэсийн уурхайг 1.1 тэрбум ам.доллараар худалдан авахаар болсон. “CSA” уурхай нь зэсийн агуулгаараа Австралид дээгүүрт ордог бөгөөд энэхүү уурхайгаас жилд 41-49 мянган тонн хүртэлх зэс олборлох хүчин чадалтай гэж тооцоолжээ.

“Metals Acquisition” хэлцлийн үнийн дүнгийн ихэнх хэсгийг бэлнээр төлж, 50 сая ам.долларын хувьцааг “Glencore”-д шилжүүлэхээр тохиролцсон аж.

“ЦЭВЭР ЗЭСЭЭ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНШААР ТОГТООЖ БОРЛУУЛЪЯ”

Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ эрчимтэй өсч, цаашдаа өсөлт хадгалагдах төлөв харагдаж байгаа нь эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах итгэл төрүүлж буй юм. Тиймээс эдийн засагчид зэсийн үнийн өсөлтийг ашиглахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч, ялангуяа урд хөрштэй яриа хэлэлцээгээ эрчимжүүлэхийг сануулж байна.

2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 7-ны өдрүүдэд авто замаар 216 чингэлэг, төмөр замаар 199 чингэлэг буюу оны эхнээс 362.3 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 10.1 хувийн өсөлттэй үзүүлэлт юм.

Монгол Улсын төсөвт энэ оны нэгдүгээр сарын байдлаар уул уурхайн салбар 299.1 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн. Ашигт малтмалын төрлөөр ангилахад зэсээс 238.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)-наас мэдээлснээр, уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 158.7 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар нэмэгджээ. Түүнчлэн ашигт малтмалаас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тухайлбал, зэс 180.9 (4.1 дахин) тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, Монгол Улс Замын-Үүд төмөр замын боомтоор оны эхний сараас Хятад руу зэсийн баяжмал экспортлох боломж бүрдсэн. Тодруулбал, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас “2022 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн Эрээн төмөр замын боомтоор нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын импортыг шат дараатай сэргээх” тухай мэдэгдлийг нэгдүгээр сарын 26-нд гаргасан билээ.

Уг мэдэгдлийн дагуу тээвэрлэлт эхэлж, эхний удаа Эрээн өртөө рүү 57 вагон Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал, 64 вагон төмрийн хүдэр гаргасан бөгөөд цар тахлын улмаас түр саатаад байсан зэсийн баяжмалын экспорт ийн сэргэсэн.

УУХҮЯ-наас мэдээлснээр, манай улс өнгөрсөн онд зэсийн баяжмалын тухайд 1.118.4 мянган тонныг экспортлохоор тусгасан бол оны эцсийн байдлаар 1,282.5 мянган тонныг экспортод гаргаж, гүйцэтгэл 114.7 хувь буюу төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн билээ. “Оюу толгой” ХХК 2021 оны дөрөвдүгээр улиралд 38894 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэжээ. Улмаар 150-180 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэх төлөвлөгөөндөө хүрч, 163010 тонныг үйлдвэрлэснээ тайлагнасан билээ.

Зарим эдийн засагчид богино, дунд хугацаандаа худалдах зэсийн ханшаа дэлхийн зах зээлийн ханшаар тогтооход анхаарахыг сануулж буй юм. Тодруулбал, цэвэр зэсээ дэлхийн зах зээлийн үнээр, зэсийн баяжмалын үнээ дэлхийн зах зээлийн ханшаас 23-35 хувь доогуур зардаг нөхцөлөө сайжруулсан ханшаар гэрээлж чаддаг байх хэрэгтэйг хэлж байна.

Мөн зэсийн үнийн өсөлтийн төлөвийг мэдэрч, ханшийг өндөрт түгжих санхүүгийн дериватив (хөрөнгө оруулагчдын одоогийн байдлаар захиалж авах боломжтой хамгийн боловсронгуй бүтээгдэхүүний нэг) хэлцлүүд хийх, дунд, урт хугацаанд баяжуулах болон боловсруулах үйлдвэрүүд барих зайлшгүй шаардлага тулгарч буйг онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж