“Батлан хамгаалахын цагаан ном”-ын 3 дахь хэвлэлийн нээлт болов

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

“Батлан хамгаалахын цагаан ном”-ын 3 дахь хэвлэлийн нээлт болов

“Батлан хамгаалахын цагаан ном”-ын 3 дахь хэвлэлийн нээлт болов
“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Монгол Улсын “Батлан хамгаалахын цагаан ном”-ын гурав дахь хэвлэлийн нээлтийн арга хэмжээг энэ өдөр Офицеруудын ордны “Соёмбот” танхимд зохион байгууллаа.
“Батлан хамгаалахын цагаан ном”-ын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд, яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дарга Б.Баярмагнай, Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор (Ph.D.), профессор Р.Болд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэлтсийн дарга, хурандаа Т.Ганбат, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга,Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, академич, хуульч С.Нарангэрэл, академич, Түүхийн хүрээлэнгийн судлаач, шинжлэх ухааны доктор (Sc.D.), профессор Ц.Батбаяр, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат, ахмад дипломатч, судлаач-профессор Д. Баярхүү, сэтгүүлч О.Отгонбаатар болон Гадаад улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны БХЯ, ЗХЖШ, ҮБХИС болон БХЭШХ-ийн удирдлага, эрдэмтэн судлаачид уригдан оролцлоо.
“Батлан хамгаалахын цагаан ном”-ыг Монгол Улсын аюулгүй байдлын орчин, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогын үндэс, Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний шинэчлэл, хөгжил, Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын энхийг дэмжих ажиллагаанд гэсэн нийт 5 бүлэгтэй бүтээсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нээлтийн ажиллагаанд баяр хүргэж үг хэлэхдээ “Батлан хамгаалах шинэ бодлогын үзэл санаанд нийцүүлэн “Батлан хамгаалахын цагаан ном”-ын 3 дахь хэвлэлийг 21 жилийн дараа дахин бүтээсэн бөгөөд энэхүү ном нь шинэ зууны нөхцөлд Монгол Улсын энхийг эрхэмлэсэн батлан хамгаалах бодлогыг гадаад, дотоодод таниулахад чухал ач холбогдолтой бүтээл болсон гэдгийг онцолсон юм.
“Батлан хамгаалахын цагаан ном”-ыг Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, сайдын зөвлөх Ц.Дашзэвэг нар редакторлаж, “Мөнгөт орчлон” ХХК-ны орчуулагч Ю.Пүрэвдулам англи хэл рүү хөрвүүлэн, Д.Лувсандорж захиралтай “Соёмбо Прийнтинг” ХХК-ны хамт олон 500 хувь хэвлэсэн байна. Энэхүү бүтээл нь Батлан хамгаалах бодлого шинээр тодорхойлогдож, түүний агц хуулийн шинэчлэлт хийгдсэн үед Батлан хамгаалах яам байгуулагдсаны 111 жилийн ой, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой, Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын болон Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн үеэр хэвлэгдэн гарч байгаа онцлогтой юм.
Номын нээлтийн үеэр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс сүүлийн 10 жилийн бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, олон нийтэд сурталчлах ажиллагааг давхар зохион байгууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж