Цар тахлын үед том гүрнүүд вакцинаар дипломат ажиллагаагаа тэлж байна. Үүний тод жишээ нь Хятад, Орос улсууд ядуу буурай улс орнуудад өөрсдийн бүтээсэн вакцинаа ихээр хандивлаж байна.
Тэгвэл энэ тал дээр хойрго хандсан АНУ вакцинаа хандивлаж эхлэхээр болжээ. АНУ-ыг зөвхөн өөрийн улсын иргэдийг вакцинжуулахад анхаарч, аминчхан үзэл гаргаж байна гэх шүүмжлэл сүүлийн үед ихээр гарах болсон юм.
Тус улс Covid-19-ийн эсрэг нийтдээ 80 сая тун вакциныг дэлхийн бусад улс орнуудад хандивлахаар болсон талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.
Тэрбээр “Хятад, Орос улсууд вакцинаа ашиглан дэлхий дахинд нөлөөгөө тогтоож байна гэсэн яриа их гарах боллоо. АНУ ч бас өөрийн үнэт зүйлсээр дэлхийд тэргүүлмээр байна. АНУ дайны үед ардчиллын гол хүч байсан шигээ цар тахлын үед ч вакцинжуулалтын хүч болох ёстой. 80 сая тун гэдэг бол дэлхийн аль ч улсын хандивласан вакцинаас доод тал нь тав дахин их, Орос, Хятад улсуудын хандивласныг нийлүүлснээс ч их хэмжээ юм” хэмээн ярьсан байна.
80 сая тун вакцины 20 сая нь “Pfizer”, “Moderna”, “Johnson & Johnson” компаниудын вакцин байх бол 60 сая нь “AstraZeneca”-ийн вакцин байх гэнэ. Хятад улсын хувьд нийт 17.4 сая тун вакциныг хандивлаж, 651 сая тунг худалдсан бол ОХУ үүнээс хавьгүй бага хэмжээтэй вакциныг гадаад зах зээлд нийлүүлжээ.
Эх сурвалж: NBC NEWS