ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг чөлөөлөх асуудал хөндөгдөж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг чөлөөлөх асуудал хөндөгдөж эхэллээ

ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг чөлөөлөх асуудал хөндөгдөж эхэллээ

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хурлаар өнөөдөр /2021.04.06/ алба хааж байсан цэрэг амиа алдсан асуудлыг хэлэлцэх үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг “Зэвсэгт хүчинд алба хаахаар татагддаг хугацаат цэрэг нь нийгмийн янз бүрийн давхаргаас тэр дундаа амьдрал хүнд газраас ирдэг. Энэ бүх хүмүүстэй жилийн турш ажиллаад төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй” гэдэг хариулт өгсөн нь шүүмжлэлтэй тулав.

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр “Асуултад хариулж байгаагаас нь харахад Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад хариуцлага тооцох асуудлыг ярих хэрэгтэй болжээ. Д.Ганзориг даргын тайлбараар бол ядуу айлаас ирсэн цэрэг үгэнд ордоггүй, түүнээс нь болоод аминд нь хүрчихсэн юм шиг утгатай зүйл ярьж байна” гэж шүүмжилсэн юм.

Нийгмийн сүлжээнийхэн ч Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тайлбарт эгдүүцэж, “Хэлье гэж хэлэв үү, хэл нь халтирав уу. Ядуу айлын хүүхэд цэргийн албанд татагдвал дэглүүлэх ёстой юм уу. Тэгвэл баян айлын хүмүүжилтэй хүүхдүүдээ цэргийн албанд татаж, нуруугаа амраагаач ээ” гэдэг үгийг нүүр номын хуудсаараа дамжуулан дайгаад байна.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б нь салаан даргадаа зодуулж, амиа алдсан хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр гарсан юм. Мөн үүнээс ч өмнө алба хааж байсан цэрэг амиа алдсан. Гэвч өмнө болсон хэрэг явдлаас сургамж авдаггүй, дээд тушаалынхан нь армид дэглэлт байх ёстой юм шиг авирладаг. Зөвхөн хэргийг үйлдэгч нь шоронд ял эдэлснээр хариуцлагын асуудал намждаг нь энэ төрлийн гэмт хэрэг удаа дараа үйлдэгдэж, нийгмийг цочроож байна гэж тайлбарлах хүмүүс олон бий.

Тиймээс УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос дээрх сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулсан бөгөөд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцож, УИХ-ын гишүүдэд тайлбар өгсөн нь Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг хүний эрхийн мэдрэмжгүйгээрээ дуудуулаад зогсохгүй албан тушаалаасаа ч огцорч мэдэх нөхцөл байдал үүсээд байна.

Хуулиараа Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аар баталдаг.  Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч түүнийг өөрчлөх санал гарахгүй бол боломжгүй. Гэхдээ УИХ-ын төвшинд асуудал яригдаж эхэлсэн, олон нийтийн дэмжлэг мөн өндөр байгаа нь төрийн тэргүүнийг шахаанд оруулж болзошгүй байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр жилийн өмнө буюу 2019 оны аравдугаар сарын 4-нд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаас А.Ганбатыг чөлөөлж, Д.Ганзоригийг томилж байжээ. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн 76.9 хувийн саналын дэмжлэг аван баталж байсан шийдвэрийг үндэслэн, томилгоо хийсэн юм.

Номыг нь үзсэн, салбартаа олон жил ажилласан гэдэг утгаараа Д.Ганзоригийг зэвсэгт хүчинд шинэчлэл хийж, буруу бүхнийг засах болов уу гэдэг найдлага төрүүлсэн  ч хүлээлт талаар болж, төрхөмдөө буцаж мэдэх нь.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг

  • 1980-1990 онд Зөвлөлтийн 8 дугаар дунд сургууль,
  • 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль,
  • 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль,
  • 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерийн дамжаа,
  • 2007-2008 онд АНУ-ын Команд-штабын коллеж,
  • 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн, магистр зэрэгтэй, явган цэргийн офицер, цэргийн чиглэлээр АНУ-д мэргэжил дээшлүүлсэн.

Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд Үндэсний аюулгүй байдлын ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабт газрын даргаар ажиллаж байгаад Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилогдож байжээ.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж