Батгана суусан газар балагтай гэдэг шиг Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан томоохон хэргүүдэд Халтмаагийн Баттулга гэх нэр холбогддог нь бичигдээгүй хууль шахуу болсон. Анх 17 чингэлэг спиртийг ус болгосон дуулиант хэргээс эхлээд Чингис бондын мөнгийг овоолсон шороо болгосон, Сайншандын аж үйлдвэрийн паркаас мөнгө завшсан, "Шинэ сум", Майдар хот, Хөгжлийн банк нүүрсний 40 их наядын хулгай, төрийн сангуудыг тоносон асуудал, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Тавантолгой- Зүүнбаянгийн төмөр зам, Салхитын мөнгөний орд гэхчилэн түүний нэр холбогдсон гэмт хэргүүдийг жагсаавал уртаас урт жагсаалт гарна. Хамгийн сүүлд Төгрөг нуурын ордыг зарсан асуудал нь дэлгэгдэж, хууль, шүүхийн өмнө дуудагдахад хүрээд байгаа юм.
ТҮҮНИЙ НЭР ХОЛБОГДСОН ХЭРЭГ ОДООГООС 30-ААД ЖИЛИЙН ӨМНӨӨС ЭХЛЭЛТЭЙ
1997 онд Монгол Улсын хилээр 17 чингэлэг буюу 340 тонн спирт хууль бусаар оруулж ирсэн хэрэг дуулиан тарьж байв. Уг хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга, түүний ах Х.Баттуул болон нэр бүхий хүмүүсийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Хэрэг тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан ч эцэст нь спирт биш ус байсан байна гэж цагдаагийн байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгон хаажээ. Өмнө нь гарч байсан мэдээллүүдээс харвал тухайн үед 17 чингэлэг спиртийг анх барьсан замын цагдаагийн ажилтан бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан байдаг. Мөн энэ хэргийн баримтыг МҮОНРТ-ээс хулгайлсан хэргийг манай нэр бүхий зохиолч үйлдсэн гэдэг бөгөөд тэрбээр хожмоо" Миний мэдэх Женко Баттулга" гэх ном бичсэн билээ. Харин Зам тээврийн яамны газрын дарга байхдаа ажлын хамтрагчаа хутгалж алсан хэрэгт ял авч, Х.Баттулга Ерөнхийлөгчийн албаас буухдаа уучлал үзүүлсэн гэгддэг Б.Махбал нь 17 чингэлэг спиртийн хэрэг дуулиан тарьж байх үед Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэст төлөөлөгчөөр ажиллаж байсан аж.
ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН ЛУЙВАР
Ерээд оны өмч хувьчлалаас хамгийн их завшсан хүн бол Х.Баттулга гэдэг. Түүнтэй холбоотой "1999 онд Х.Баттулга нь “Мах Импекс”-ийг хувьчилж авахдаа хууль зөрчин “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-ын цахилгааны төлбөрт өгөх ёстой байсан гурван сая ам.доллараар авсан. Үүнийг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг “Мах Импекс”-ийн хувьчлалыг шалгаад хууль бус гэж тогтоосон боловч УИХ-аар хэлэлцээгүй өнгөрсөн байдаг. Женко Х.Баттулга “Мах импекс”-ийг 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байхад нь зориуд үнэгүйдүүлж хоёр гаруй тэрбум төгрөгөөр хувьчилж авсан" гэх хар түүх ч бичигдсээр ирсэн билээ. Мөн "Баянгол" зочид буудал нь хувьчлагдах үедээ дансандаа 600 гаруй сая, сейфэндээ бэлнээр 44 сая төгрөгтэй байсан. Гэтэл ТӨХ-ноос /тухайн үеийн дарга нь З.Энхболд байсан/тус зочид буудлыг ашиггүй ажиллдаг гэж үнэгүйдүүлэн 40 сая төгрөгөөр луйвардан хувьчилсан гэх буруутгал ч дагалддаг.
ХӨДӨӨ АЖ АХУЙН САНГ ЦӨЛМӨСӨН
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас өнгөрсөн хугацаад нийт 1697 аж, ахуй нэгж, 2496 иргэн, 91 төрийн бус байгууллага, 184 төрийн байгууллага нийт 207 тэрбум төгрөгийн зээл авснаас 80 гаруй хувь буюу 169 тэрбум нь төлөгдөөгүй болохыг Засгийн газрын “5ш” ажиллагааны үеэр зарлаж байсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн ах Х.Баттуулын хүү Б.Оргилбат нь “Милл хаус” ХХК-иараа 2022 онд 4.9 тэрбумын зээл авснаас 3.9 тэрбум төгрөгийг нь төлөөгүй гэж Засгийн газраас мэдээлж байв.
Түүнчлэн авааль эхнэр Ц.Энхтуяа нь “Нью ариг ус” ХХК-даа 2015 онд 729 сая төгрөгийн зээлийг ХААДС-аас авсан ч 533 сая төгрөгийг үлдэгдэлтэй, мөн л “Милл хаус” компанидаа ЖДҮХС-ээс хоёр тэрбум төгрөгийн зээл авсан ч төлсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЛУЙВРЫН ХЭРЭГ
Х.Баттулгын хувьд 2021 оны сүүлчээр Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон. Түүнийг “Пирамид орд” хэмээх найдваргүй зээлдэгчийн жагсаалтад орсон компанийн зээлийн барьцаанд МоАХ-ны газрыг барьцаалсан гэж буруутгасан. Гэхдээ хууль хяналтын байгууллага Хөгжлийн банкны хэргийг шалгаж буй АТГ-аас сэжигтэн, яллагдагчаар татаагүй юм. Харин түүний оронд зөвлөх нь байсан Г.Байгалмааг анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны хэргээр ялласан. Өөрөөр хэлбэл, Г.Байгалмааг МоАХ-ны удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан “Пирамид орд” ХХК-аар холбооны газар дээр орон сууц бариулахдаа төлбөрт авах ёстой орон сууцыг хувьдаа ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгасан. Түүнийг Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар ашигласан гэх шүүх үзсэн ч Х.Баттулгын гарын үсэг мөн болохыг батлах нэгэн ч байдаг билээ.
НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙН СЭЖИГТНЭЭР ЗАРЛАГДАВ

Авлигатай тэмцэх газраас зарласан нүүрсний гэх тодотголтой 40 их наядын хулгайчдын жагсаалтын эхэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэрлэгдсэн байдаг. Түүний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ "Экс ерөнхийлөгч Х.Баттулга нь 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон. Бондын 280 сая ам.доллароор төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй, далангийн ажил хийж үндсэндээ зогссон.
Дараа нь Гашуунсухайтын төмөр замд "Бодь Интернэшнл" компанийг оруулж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмж гарган ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь ч Х.Баттулга. Энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж бодож байна" гэж мэдээлж байв.
Тэгвэл тус хэргийн шалгалтын ажиллагаа гурван жил үргэлжилсний эцэст энэ оны дөрөвдүгээр сард шүүх хурал нь болж нэр бүхий хэдхэн хүнд цөөхөн жилийн ял ногдуулсан юм.
ЧИНГИС БОНДЫН МӨНГИЙГ ОВООЛСОН ШОРОО БОЛГОСОН ТҮҮХ
Монгол Улс 2014 онд Гашуунсухайт-Ганцмод боомтын чиглэлд нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг хийхээр болсон. Харамсалтай нь, хоёрын хоёр мухар төмөр замын алдааны автор нь Х.Баттулга болсон.
Тэрбээр Гашуунсухайтын төмөр замыг нарийн царигаар баривал тус замаар Хятадын танк орж ирнэ, Монголын баялаг урагшаа урсана гэж олны тархийг угааж, кино нэвтрүүлэг хүртэл хийж байлаа. Улмаар Х.Баттулга 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд очсон даруйдаа цэргийн ангийнхныг дайчилж Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 400 гаруй км төмөр зам барьсан бол "Голомт"-ын Д.Баясгалантай оффтейк гэрээ байгуулж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 200 гаруй км төмөр замыг бартераар бариулсан бий. Харамсалтай нь, эдгээр төмөр замууд ашиглалтад орсон нь эдийн засгийн үр өгөөжгүй байгаа нь өргөн царигтай нь холбоотой билээ.
Засгийн газраас 2022 онд Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулж шалгалтын ажлыг зохион байгуулахыг Сангийн яам, АТГ, ЦЕГ, холбогдох яам, агентлагуудад үүрэг болгосон байдаг. Уг ажлын хэсгийг тухайн үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар ахлахаар болсон. Тэгвэл тэрбээр тэр үед хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Гашуунсухайтын төмөр замыг гацаасан хүн бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга.
Алдагдсан боломж нь 80-90 их наяд төгрөг. "Монгол ялна" гэж бодож явсан хүмүүс бүгд ялагдсан" гэж хэлж байв.
Цаашлаад, анхны санхүүжилт 200 сая ам.доллараар шороон овоолго барьсан, “Энержи ресурс” ХХК-д олгогдсон төмөр замын тусгай зөвшөөрлийг цуцалж, “Монголын төмөр зам”-д шилжүүлж, даргаар нь өөрийн хүн Б.Батзаяаг томилсон, “Самсунг Си Энд Ти” компанийг оруулж ирж, оффшор бүсээр дамжуулан санхүүжилтийг нь “идсэн” гэх зэрэг хэргүүдийн олсыг хөөвөл үзүүрт нь Х.Баттулга бий.
Хамгийн сүүлд Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан гэх хэрэгт нэр холбогдоод байна. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Төгрөг нуурын ордыг зарсан асуудалд ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамааралтай. Түүнд холбогдох 500 гаруй хуудас нотлох баримт бий" гэж мэдээлсэн. Улмаар уг хэргийг шалгуулахаар АТГ-д хандсан байдаг. Үүний дагуу АТГ-аас эл хэрэгт мөнгө угаах болон улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл ангиар хэрэг нээн шалгаж эхэлсэн.
Мөн түүний ойр дотнынхон ч мөн хулгай, тагнуул, хүн амины хэрэгт холбогдож, зарим нь ял шийтгэл эдэлж буй.
3,576.26






















































Холбоотой мэдээ