Хэдхэн сарын өмнө индэр дээрээс дэлхийн удирдагчдыг “загнасан” бяцхан охин Грета Тунбергийг өдгөө танихгүй хүн үгүй биз ээ. Тэрбээр 2019 онд зургаан ч шагнал авч, оны шилдэг хүнээр тодорсон билээ. Түүнийг болон түүний талд байдаг хүмүүсийг цаг уурын идэвхтнүүд хэмээн нэрлэх болсон. Гэтэл бүх зүйлд эсрэг тал байдгийн нэгэн адил уур амьсгалын идэвхтнүүдийн эсрэг үзэл бодолтой цаг уурын өөрчлөлтөд эргэлзэгчид(үгүйсгэгч) гэх хүмүүс бас байдаг аж. Саяхнаас үгүйсгэгчид Гретагийн эсрэг урдаа барих нэгнийг олсон нь Анти-Грета буюу 19 настай Наоми Сейбт.
Тэрбээр Германы Мюнстерт 2000 оны наймдугаар сарын 18-нд төрсөн бөгөөд 2015 онд буюу 14 настайгаасаа хойш улс төр сонирхон, ээжтэйгээ хамт улс төрийн үйл ажиллагаанд оролцож эхэлжээ. Тэр цагаас хойш хоёр жилийн дараа буюу 2017 онд Сейбт гэгээн Мауритзийн католик ахлах сургуулийг төгссөн бөгөөд сургуульдаа физикээр нэгдүгээрт, математикаар хоёрдугаарт бичигджээ.
Түүнийг 16 настай байхад “Заримдаа би дуугүй өнгөрдөг” шүлэг нь Дэвид Бергерийн Исламын эсрэг блогт нийтлэгдсэн байна. 2019 оны тавдугаар сараас эхлэн Сейбт гар утсаараа бичлэг хийн, youtube-д байршуулж феминизм, цагаачлал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвээр өөрийн үзэл бодлыг илэрхийлж эхэлсэн байна.
Дэмжигчид нь Сейбтийг Гретад яг зөв хариу өгсөн хэмээн үздэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг үгүйсгэгчдийн “хонгор” хэмээн өргөмжлөгдөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын оролцдог Вашингтоны идэвхтнүүдийн хувьд маш чухал Консерватив улс төрийн үйл ажиллагааны бага хурал дээр үг хэлсэн билээ.
Сейбт уур амьсгалын өөрчлөлт гамшиг болно гэдгийг “инээдтэй” онол хэмээн авч үздэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн тухай асуултуудад шинжлэх ухааны үндэслэлтэй хариултууд өгдөг учир цаг уурын бодит байдал болон чөлөөт зах зээлийн цэвэр, залуу дуу хоолой хэмээн тодорхойлогдох болжээ.
“Сүүлийн үед ихээр яригдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн гамшгийн тухай онол нь яг үнэндээ онол гэхэд ч хэцүү зүйл. Ямар ч шинжлэх ухааны үндэс суурьгүй хоосон яриа. Уур амьсгалын идэвхтнүүдийн гол зорилго нь ердөө хүн төрөлхтнийг жигших юм шиг. Тэдний өгч буй сануулга нь хүмүүсийн тархинд хүн төрөлхтнийг жигших, хүн төрөлхтний ололт амжилтыг ичмээр, зэвүүцмээр нүгэл хэмээн харах үзлийг суулгаж байна. Мөн тэд бидний өнөөдөр шингэн түлш, цахилгаан эрчим хүчний ачаар ямар сайн зүйл хийж байгаа тухай огт ярьдаггүй” хэмээн Сейбт ярьсан байна.
Би та бүхнийг сандаргахыг хүсэхгүй байна
Сейбт АНУ-ын Хартланд институттэй хамтран ажиллаж байсан гэнэ. Цаг уурын өөрчлөлтийг үгүйсгэгчдийн охин тэнгэр гэгдэх болсон түүнийг Хартланд институт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Испаний Мадридад болсон уур амьсгалын өөрчлөлтийн тухай хурал дээр “Уур амьсгалын бодит байдал” сэдэвтэй нэг өдрийн форумд оролцуулсан байна. Харин сарын дараа тус институт Сейбтийг оролцуулан хийсэн “Наоми Сейбт Грета Тунбергийн эсрэг: Бид хэнд нь итгэх ёстой вэ?” сэдэвт бичлэг хийн, өөрсдийн youtube хуудаст нийтэлсэн байна.
Цахим орчинд Сейбтийг Анти-Грета хэмээн нэрийдэх болжээ. Тиймдээ ч тэр үү хүн бүр тэр хоёрыг харьцуулах болж. Хоёр идэвхтэн хоёул ойролцоо настай. Шведийн Грета Тунберг 17, Германы Наоми Сейбт 19 настай. Грета уур амьсгалын өөрчлөлт аюултай түвшинд хүрсэн хэмээдэг бол Сейбт түүний эсрэг байр суурьтай байдаг.
Сейбт дэлхийн дулаарлыг үгүйсгэдэггүй. Харин дэлхийн дулааралд хүн төрөлхтөн хамгийн ихээр нөлөөлж буй эсэхийг эргэн бодохыг уриалдаг. Мөн тэрбээр Гретагийн санаачилсан хүүхдүүдийн жагсаалын тухайд “Хүүхдүүд өөрсдийн ирээдүйгээс айж, ахмад үеийнхнээ дэлхийг сүйрүүлсэн, амьтдыг хөнөөсөн, байгалийг сүйтгэсэн хэмээн буруутгах ёсгүй” гэх үзэл бодолтой байдаг аж.
Тэрбээр Гретатай өрсөлдөхийн тулд Гретагийн өөрийнх нь ярианы хэв маягийг ашигласан байна. Жишээ нь Грета “Би та бүхнийг сандраасай гэж хүсч байна” хэмээснийг егөөдөн “Би та бүхнийг сандаргахыг хүсэхгүй байна. Харин бодоосой гэж хүсч байна” хэмээжээ. Гэвч тэрбээр Гретатай харьцуулагдахыг хүсдэггүй бөгөөд өөрийгөө утсан хүүхэлдэй хэмээн мэдрэхгүйн тулд Анти-Грета хэмээн нэрлэгдэх дургүй гэнэ.
Холбоотой мэдээ