ХХААЯ-наас Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутгаар очиж хаврын тариалалтын явцтай танилцлаа. Тус аймгийн тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн хувьд хаврын тариалалт 50-60 хувьтай байна. Энэ жилийн хувьд, тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан аж ахуй нэгжүүдэд олгодог уламжлалт урамшуулал, хөнгөлөлттэй зээлийг хэвийн олгосон бөгөөд харин ч өр төлбөрийн үлдэгдэлгүй, сайн харилцагчиддаа хөнгөлөлттэй зээлийн урьдчилгааны хэмжээг багасгаж өгсөн гэж ХХААЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун хэллээ. Мөн техник технологийн хувьд ч тодорхой хэмжээний урамшууллыг олгож эхэлсэн гэлээ. Бид чанартай үрийн будааг эх орондоо тарьж байна.
Тариаланчид бордоо хэрэглэж заншиж байна
ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас энэ талаар тодрууллаа.
-Энэ жилийн хувьд ХХААЯ-наас хаврын тариалалтад зориулж аж ахуй нэгжүүдэд ямар урамшуулал олгож байна вэ? Хаврын тариалалт ер нь ямар байна.
-Энэ сарын 15-17-ны эдгээр өдрүүдэд бид Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутгаар явж, хаврын тариалалттай танилцлаа. Ерөнхийдөө аж ахуй нэгжүүдийн тариалалт дундаа орсон байна. 60 хувьтай амжилттай яваа газрууд ч байна. Түлш, үрийн будаа, ургамал хамгааллын бодис бордоо зэрэг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олгодог дэмжлэгээ бид олгосон. Тариалалттай танилцаж байхад аж ахуй нэгжүүд дутагдаж гачигдсан зүйл алга гэдгээ хэлж байна. Мөн хаврын тариалалтаас өмнө бид аж ахуй нэгүүдийн дунд сонгон шалгаруулалт явуулж зарим нэг техник, технологийг олгосон.
-Өнөөдрийн байдлаар манайд хэр хэмжээний үрийн буудай байна. Хэдэн сортын буудайг бид хэрэглэж байна вэ?
-Монгол улсын хэмжээнд 27 сортын үрийн буудай байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулж ОХУ-аас зургаан мянга гаруй тонн урийн буудайг оруулж ирсэн. Энэ нь бид үрийн шинэчлэлийг багагүй хэмжээнд хийж байна гэсэн үг. Сүүлийн үед бид Алтайский 100, Алтайский 500, Алтайский 325 гэсэн сортын үрийн буудайг түлхүү хэрэглэх болсон. Мөн Сэлэнгэ, Дархан 144 сортыг мөн хэрэглэж байна.
–ХХААЯ-ны зүгээс газар тариалангийн бүс нутгийн хэдэн хувьд нь тосны ургамал тариалах, хэдэн хувьд нь улаан буудай тариалах чиглэл өгсөн бол?
-Өнгөрсөн жил улсын 337,1 мянган га газарт уринш бэлтгэсэн. Энэ хаврын тариалалтын 300 мянган га-д улаан буудай, 13 мянган га-д төмс, 8,7 мянган га-д хүнсний ногоо, нэг мянган га-д жимс, жимсгэнэ, 16 мянган га газарт тэжээлийн ургамал, 33 мянган га-д тосны ургамал тариалья гэсэн төлөвлөгөөг ХХААЯ-наас гаргасан. Өнөөдрийн байдлаар улаан буудай тариалж байгаа газруудтай танилцлаа. Тосны ургамал тарьсан газар тааралдсангүй. Ер нь 300 гаруй мянган га газрын 15 хүртэлх хувьд нь тосны ургамал тариалж болно гэсэн зөвлөмжийн хүргүүлсэн. ХХАА-н сайдын аймгуудын Засаг дарга нартай байгуулсан гэрээнд ч үүнийг тусгаж өгсөн. 45 мянган га-д тосны ургамал тариална гэдэг нь дотоодын тосны хэрэгцээгээ хангалттай хангаж чадна гэсэн тооцоог мөн гаргасан. Харин өнгөрсөн жилийн хувьд 80 гаруй мянган га-д тосны ургамал тарьсан боловч маш бага буюу нийт талбайн найман хувьтай тэнцэх хэмээний ургац хурааж авсан юм.
-Газар тариалангийн бүс нутгийн тодорхой хувийг хөрсний элэгдэлд орсон, эвдэрсэн гэж үздэг. Үүний эсрэг ямар ажил хийж байна?
-Эхлэн тариалж байгаа буюу газар олгосны дараа хөрсний үржил шимийн буюу агро химийн шинжилгээг хийж өгдөг. Бид 2010 онд хөрсний агро химийн шинжилгээг хийсэн. Уг нь бол хөрсөн дэх ялзмагийн хэмжээ гурваас дээш хувьтай байх учиртай. Гэтэл дээрх шинжилгээгээр тийм газар байгаагүй. Харин хоёроос дээш хувьтай газар 54 хувь байсан. Эхний шинжилгээг төрөөс хийж өгсний дараа аж ахуй нэгжүүд таван жил тутамд өөрсдөө шинжилгээгээ хийх ёстой. Тэр цаг хугацаа нь уг нь болчихсон. Гэхдээ сүүлийн жилүүдэд газар тариалангийн компанид бордоог нэлээд хэрэглэдэг болжээ. Өмнөх жилүүдэд тариаланчид бордоог төдийлөн авдаггүй байсан бол энэ жил бордооны хэрэглээ нэмэгдэж байна. Энэ жил би мянган тонн бордоог аж ахуй нэгжид тараагаад байна. Тариаланчид бордоо, ургамал хамгааллын бодисыг хэрэглэж заншиж байгаа нь сайшаалтай.
Л.ХАЛИУ