“Цагааннуурын боомт”-ыг гурав хоног хаана

Хуучирсан мэдээ: 2015.03.22-нд нийтлэгдсэн

“Цагааннуурын боомт”-ыг гурав хоног хаана

“Цагааннуурын боомт”-ын авто замын боомтыг өчигдрөөс эхлэн гурав хоногийн хугацаатай хаагаад байна. Энэ нь өнөөдөр тохиож байгаа Казах үндэстний “Наурызын баяр”-тай холбоотой бөгөөд энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд тус боомт түр хаагдах юм.

Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан н.Энхтайванаас тодруулахад, “Хилийн боомтыг хаах асуудлыг манай байгууллага дангаар шийдвэрлэдэггүй. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар ерөнхийд нь хариуцдаг. Тухайн боомтод ажилладаг хил хяналтын байгууллагуудаас гаргасан хүсэлтийг үндэслэн хоёр улсын хилийн төлөөлөгчдийн шийдвэрээр хаасан" гэлээ.

Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт байрладаг бөгөөд ОХУ-ын Ташанта боомттой хиллэдэг юм. Цагааннуурын боомт нь улсын хилээс 4.5 км, Баян-Өлгий аймгийн төвөөс 100 км, Улаанбаатар хотоос 1900 км орчим зайд байрладаг.

Т.ДАРХАН

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж