
2002 оноос эхлэн дэлхий нийтээрээ цэвэр агаарт, түгжрэлгүй, аваар ослоос урьдчилан сэргийлж, нэг өдрийг автомашингүй өдөр болгон тэмдэглэдэг болсон. Агаарын бохирдол, тоосжилтоос үүдэлтэй элдэв өвчний гаралт улам бүр нэмэгдэж буй энэ цаг үед та нэг өдөр ч гэсэн автомашины хорт утаагаар амьсгалахгүй, цэвэрт агаарт алхаж, дугуйгаар явж байгаа нь эрүүл мэнддээ хөрөнгө оруулж буй чухал алхам билээ.
Автомашингүй өдрийн хүрээнд өнөөдөр өглөө 10.00 цагаас эхлэн “Улаанбаатар 2013” дугуйн парад, урлаг соёлын үзүүлбэр, хамтлаг дуучид, дугуйн шоу үзүүлбэрүүд, сонирхогчдын дугуйн уралдаан, хамгийн гоё дугуй шалгаруулах уралдаан, олон нийтийн гүйлт, мөн эрүүл мэнд, спортын бараа худалдаалдаг дэлгүүрүүдийн үзэсгэлэн зэргийг зохион байгуулж байна. Мөн байгууллагуудын дунд “Ухаалаг зорчигч” уралдаан зохиох гэнэ. Зорилго нь албан байгууллагуудыг ажилчдаа автобусаар авч, хүргэж өгдөг нэгдсэн унаатай болгох явдал аж. Ийнхүү нэгдсэн журмаар автобусаар ажилчдаа тээвэрлэх нь замын хөдөлгөөний түгжрэлийг бага ч болов бууруулах, тэр хэрээр агаарын бохирдлыг багасгах олон талын ач холбогдолтойг албаны хүмүүс хэлж байна.
Мөн өнөөдрийн автомашингүй өдөртөй холбогдуулан нийслэлийн зургаан дүүргийн сонгосон цэгт өдөрлөг зохион байгуулж байна.
Өнөөдөр цас нэвсийтэл орж, хүйтэн салхи хацар хайрч байгаа ч хүмүүс автомашингүй өдрийн үйл ажиллагааг сонирхож ирсээр байна. Сүхбаатарын талбайд болж буй Автомашингүй өдрийн арга хэмжээ 17.00 цаг хүртэл үргэлжлэх аж.