Ямар олон дуу дуулсныг нь, тэр бүхнийх нь үг цээжинд минь байдгийг тоглолт үзэж суухдаа гайхлаа. Хүн бүхэн “Номин талст”-ын дуу бүрийг хоолой түрэн дуулж байв.
“Номин талст”-ын 15 жилийн ойн концерт амьд хөгжимтэй, шинэ хэмнэлтэйгээр үзэгчдэд хүрлээ. Дахиад хит болон эгшиглэх сайн уран бүтээлүүд 15 жилийн ойн тоглолтоос мэндлэв. Гитарчин Өөжгий энэ тоглолтын хөгжмийн найруулга, шинэ дуунууд дээр чин сэтгэлээсээ ажиллажээ. Түүнд “Номин талст”-ын сонсогчид талархаж байгаа биз ээ.
Өдөр өдрийн наранд гандан байж түүчихээд
Үгийг чинь даалгүй уйлж буцах тоолондоо
Хайртай байсныг чинь мэдсэнгүй…
Сувдран унах нулимсыг гэзгээрээ арч даа, хонгор минь
Холын хол замдаа гуниггүй алхая даа, амраг минь
Тэд сонсогчдодоо хамгийн ойр, хамгийн аялгуулаг хамтлаг юм шиг санагддаг. Анхны дууных нь нэг FM радиогоор эгшиглэхийг автобусанд сонсоод баярлаж явсан тэр залуус өнөөдөр 30 нас хүрчээ. “Номин талст” үргэлж үнэнч сонсогчидтой байсан. “Зүүдэнд ирэх жаргал”, “Хайртай байсныг чинь мэдсэнгүй”, “Арван найман нас минь хайр”-ыг одоо ч сонссон уйддаггүй. Тоглолтыг нь үзэх бүртээ дуулуулахыг хүсдэг.
2000 он: “Гэрэл сүүдэр” цомог.
“Гэрэл сүүдэр”, “Бид”, “Намрын хонгор салхи”, “Сүүлчийн удаа”, “Зуны үдэш амрагийн болзоо”, “Дэндүү дассан сэтгэл”, “Сүүлчийн хонхны дуу”-наас бүрдсэн тэдний анхны цомог хит дууны цуглуулга гэмээр.
2001 он: “Ээждээ” цомог.
“Эх үрсийн элбэрэл”, “Хүйн холбоотой ээж”, “Үүрд хамт байгаач ээж ээ”, “Ээждээ дуулах дуу”. “Сэтгэлд мөнхөрсөн ижий”…Ээжийгээ магтан дуулсан энэ цомог уран бүтээлийн гайхалтай санаа байжээ.
2002 он: “Татах хүч” цомог.
“Дурлалд би яараагүй”, “18 насны хайр”, “Үүлэнд хэлсэн үлгэр”, “Би түүнийг харахаараа”, “Хайрандаа бид жаргалтай”, “Хайртай байсныг чинь мэдсэнгүй”, “Шөнө дундын болзоо”… “Татах хүч” цомог тэдний оргил үе. Энэ цомгийн бүх дуу хит болж байлаа.
2003 он “Нэмэх, хасах цэнэг” цомог.
“Цэнхэр нүдэн”, “Үүр битгий цайгаасай”, “Баяртай гэж битгий хэлээч”, “Зүүдэнд ирэх жаргал”, “Дурлаж бичсэн шүлэг”, “Цас хаялсан үдэш”, “Уйлаад хэрэггүй”, “Амьдрал гэж энэ юм уу”, “Миний монгол наадам”…Бас л гайхалтай хитүүд.
2005 он: “Бидний үе” цомог.
“Дурлачихжээ”, “Хайр чи хэзээ ирэх вэ?”, “Одод хулжихад”, “Би гэртээ”, “Хайрын нислэг”, “Хайрын дээд хань минь”, “Би буруутай”, “Чамайг хайрлахыг зөвшөөрөөч”, “Энэ бол миний үе”… Тийм ээ, “Би дурлахчихжээ” дуугаар хайраа илчилдэг байсан үе.
2006 он: “Best of Nomintalst” цомог.
“Гэрэл сүүдэр”, “Дурласан сэтгэл”, “Бид”, “Зуны үдэш амрагийн болзоонд”, “Сүүлчийн удаа”, “Цас хаялсан үдэш”, “Дурлалд би яараагүй”, “Зүүдэнд ирэх жаргал”…
Зурагнаас чинь би гунигаа гээх юм
Зүүдэнд ирэх чинь жаргалтай сайхан
Хүлээж суухдаа чамтайгаа уулзах юм
Хүслийнхээ эрхээр чамайг санах юм
Хайрт минь чамдаа би хурдхан очих юмсан
Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юм аа
Энэ дуунуудаар ная, ерээд оныхон амьсгалдаг байлаа. Хүүхэд насны дурсамж, оюутан цагийн дурлалыг энэ хамтлагийнхан үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа туулж ирсэн юм шиг ээ. Тэр дурсамжууд “Номин талст”-ыг дуулах бүрт хамт байдаг. Зүгээр л дууг нь сонсох гэж очдог, хэзээд ч хуучны дуунаас нь нэхэж уясдаг энэ хамтлагт фэнүүд нь хайртай.
Дандаа сонсголонтой, үргэлж эгшиглэнтэй, олонд таашаагддаг “Номин талст”-ын залуустаа баярын мэнд хүргэе. “Үнэнчээр сонсох дуртай, үргэлж сонсох болно” гэсэн урмын үгээр төрсөн өдрийг нь мялаая.