Эдийн засагт дайсагнадаг эх орончдын парадокс

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Эдийн засагт дайсагнадаг эх орончдын парадокс

Зөвхөн нэг сарын дотор инфляци улсын хэмжээнд 2.2 хувь, нийслэлд 2.5 хувиар өсөв. Зорилтот түвшин 10 хувь  байхад одоогоор жи­лийн 17.3 хувьд хүрээд бай­гаа­гийн шалтгаан нь махны үнийн өсөлтөөс бус  УИХ-ын сонгуультай холбоотой. Сон­гуулийн жилд инфляци өсөж, эдийн засаг халдаг. Харин да­раагийн жилд нь тэрхүү халалтын уршгийг ард иргэд үүрч улс орны эдийн засгийн байдал хүндэрдэг. Энэ нөхцөл байдал одоо ч давтагдаж бай­на. Үүнтэй холбогдуулан сүү­лийн гурван удаа­гийн УИХ-ын сон­гуу­лийн амлалт хий­­гээд түүнээс үүдэлтэй инф­ляцийн өсөлтийн талаар тоймлон хүргэе.

2004 он. Сонгуулийн өм­­­нө­­хөн ОХУ шатахууны экс­пор­­тын татвараа нэмсэн, дэл­­хийн зах зээл дээр неф­тийн бүтээгдэхүүний үнэ ерөн­хийдөө өндөр байсан зэргээс шалтгаалан инфляци 11 хувьд хүрээд байв. Энэ нь 2001 оны долоодугаар са­раас хойш илрээгүй үзүү­лэлт байсан учраас иргэд ихээ­хэн бухимдаж буйг нэр дэв­шигчид анхааралтай ажиглан тоглолтоо хийсэн. Тэд “Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн төлөө”, “Зах зээлийн шил­жил­тийн үе дууссан” хэмээн уриалж сонгогчид  ч түүнд нь итгэж байлаа. Мөн тат­варын орчныг шинэчлэх, Оюу­­тол­гойг эдийн засгийн эргэл­тэд оруулж иргэдийн амьжиргааг дээшлүүлэх тухай гай­­хамшигтай хувилбаруудыг сон­гуульд оролцож буй улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө тусгаж эхэлсэн.

Тухайн үед сонгогчдод бэлэн мөнгө тараах, ямар нэг ордын хувьцааг эзэмшүүлэх тухай хэн ч ярьж байсангүй. Тэгж мөрөөдөх ч боломжгүй байв. Тиймээс УИХ-ын 2004 оны сонгуулийн үр дүн дээрх амлалтуудад эргэлзсэн сонгогчид улс төрийн хоёр том хүчний аль алинд нь итгэл хүлээлгэж буйг харуулсан. Үүний үр дүнд Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг бай­гуулсан билээ. Гэвч нэгэнт өссөн инфляци, төсвийн хэт тэлсэн зардлыг бууруулах, хам­гийн гол нь ОХУ-д төлсөн их өрийн дараах Монголын эдийн засгийн байдлыг сайж­руу­лахад нэлээд хугацаа зар­цуулсан юм.

Үндэсний эв нэгдлийн Засгийн газар 2005 оны эхээр “Монгол Улсын нэгдсэн төсөв анх удаа ашигтай гарлаа”, “Инфляцийг 9.5 хувь хүртэл бууруулж чадлаа” хэмээн мэдээлж байсан. Гэвч иргэд “Төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмнэ” гэсэн мөрийн хөтөлбөрт дурьдсан хамгийн чухал амлалтаа биелүүлэхийг шаардаж байв. Тэр үед төрийн албан хаагчдын цалингийн дундаж түвшин 85.9 мянган төгрөг, цалин хөлсний доод хэмжээ 40 мянган төгрөг байсан юм.

ОХУ-д төлөх их өрийг хөнгөлөлт­тэй нөхцлөөр барагдуулахад Мон­голбанкнаас Засгийн газарт 2003 оны арванхоёрдугаар сард олгосон 137 сая ам.доллараас 2004 онд 37 сая ам.доллар, 11.7 тэрбум төгрөгийг эргүүлэн төлсөн. Харин  2005 онд 11.2 сая ам.долларыг төлж мөн оны эцсийн байдлаар уг зээлийн үлдэгдэл 77.29 сая ам.доллар буюу 94.4 тэрбум төгрөг болж буурсан байдаг. Энэ бүхэн УИХ-ын 2004 оны сонгуульд тухайн үеийн МАХН-ын гол “хөзөр” нь ОХУ-д төлсөн их өрийг төлсөн явдал байсан. Харин өрийг төлж барагдуулах явцад иргэдийн амьжиргааг сайжруулах нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулах хөрөнгө, санхүүгийн байдал тун ядмагхан байсныг харуулдаг.

2008 он.
Тухайн үед Монгол­банкны удирдлагууд “2008 он бол зах зээлийн эдийн засгийн ха­рилцаанд шилжсэнээс хойш хам­гийн хүнд хэцүү он байлаа” хэмээн мэдэгдсэн удаатай. Эдийн засаг 8.9 хувиар өссөн ч улсын төсвийн алдагдал ДНБ-ий таван хувьтай тэнцэж байв. Төлбөрийн урсгал тэнц­лийн алдагдал түүхэндээ хамгийн өндөр буюу нэг тэрбум ам.долларт хүрч байлаа. Монгол Улсын гадаад валютын албан нөөц 315.7 сая ам.доллараар, гадаад цэвэр актив 522.1 сая ам.доллараар буурсан байдаг. Инфляци 22.1 хувьд хүрсэн нь зорилтот түвшнээсээ гурав дахин хэтэрч байв. Гэтэл тэр жилд нь УИХ-ын ээлжит сонгууль таарсан. Мөнгөний хатуу бодлого баримтлах ёстойг мэдсээр байвч огцом зоримог алхам хийж болохгүй байлаа.

Хамгийн гол нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом буурч, Засгийн газар гадаад төлбөр, импортын хэрэгцээгээ зөвхөн Монголбанкны нөөцөөс хангаж байв. Энэ нь маш буруу алхам байсан ч өөр арга байсангүй. Гэтэл сонгуульд оролцож буй “эх орончид”-д гоё амлалтаар ялалт худалдаж авахаа л бодсоноос биш эдийн засгийн хувьд “элгээрээ хэвтэх” нь огт хамаагүй хэрэг байв. Эхлээд Ардчилсан намынхан “Иргэн бүрт нэг сая төгрөг өгнө” хэмээн амласан. Тухайн үед Ерөнхий сайд С.Баяр “Энэ амлалтыг биелүүлнэ гэвэл эдийн засаг элгээрээ мөлхөнө” хэмээн цэцэрхсэн ч төд удалгүй иргэн бүрт 1.5 сая төгрөг өгөхөөр амласан юм.

Сонгуулийн кампанит ажил ид өр­нөж байх үед М.Энхсайхан тэр­гүү­тэй Үндэсний шинэ намынхан “Дэлхий дахинд санхүүгийн хямрал болох гэж байна. Энэ нь даам­жирч эдийн засгийн хямрал болон үр­­гэлжилнэ” хэмээн мэдээлж, урьд­­­чилан сэргийлэх арга замын та­лаар ярьж байсан. Гэвч их улс тө­­рийн бужигнаан, сонгуулийн кам­панит ажлын ид шуугианы сүрд дарагдан хэн ч анхаарсангүй. Ха­рин сонгуулийн дараа байдал улам хурцдаж инфляци 34 хувьд хүрч, улсын хэмжээнд байтугай Ази тивийн хэмжээнд түгшүүр зарласан юм. Онолын хувьд ч, инфляцийн гарад үүсэл, нөхцөл байдлын хувьд ч энэ тохиолдолд мөнгөний хатуу бодлого баримтлахаас өөр гарц байсангүй. Ингээд бодлогын хүүг шат дараалалтайгаар өсгөсөөр 14 хувьд хүргэсэн. Тэр үед Монголбанкны удирдлагуудын энэ шийдвэрийг олон талаас нь шүүмжилж байв. Эцэст нь түүхэндээ анх удаа Мон­голбанкны ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь шуугиан тарьсан.  Гэвч хэдхэн са­рын дараа инфляцийн хэмжээ 14 хувь хүртлээ буурсан нь “Тухайн үед Монголбанкны удирдлагууд зөв ажилласан”-ыг харуулсан юм.

Бас нэг ноцтой асуудал гэвэл УИХ-ын 2008 оны сонгуульд өрсөлдсөн Н.Да­ваагийн удирдаж байсан “Анод” банк дампуурсан хэрэг одоо хүр­­тэл эцэслэн шийдэгдээгүй байна. Үүнд улс төрийн нөлөөлөл, тэр тус­маа УИХ-ын 2008 оны сонгууль то­дорхой хэмжээнд нөлөөлсөн бай­хыг үгүйсгэхгүй. Мөн яг ийм шалт­гаанаар хүнд байдалд орсон “Зоос” банкны хэрэгт нэр бүхий төрийн албан хаагчид шалгагдаж байгаа билээ. Айсуй сонгуулиар аль банк эрсдэлд орохыг таашгүй. Ямар­тай ч банкныхан улстөрчидтэй сүл­бэлдэж тэдний сонгуулийн кампанит ажилд мөнгө хандивласны эцэст харилцагчдаа хохироодог гажуудал үүгээр эцэслээсэй.

2012 он.  Хоёрхон сарын дараа УИХ-ын сонгууль болох гэж байна. Харин өнгөрсөн жилээс эхлэн цалин нэмж, иргэн бүрт 21 мянган төгрөг тарааж сонгогчдыг “пологтуулах” гэсэн улстөрчдийн бодлого эдийн засагт хэдийнэ уршиг тарьчихаад байна. Дэлхийн улс орнуудад инф­ляцийн түвшин 0.5 хувийн хэлбэлз­лээс өөр нөлөө үзүүлээгүй байхад манайд ганцхан сарын дотор 2.5 хувиар өсчихлөө. Үүнд гад­наас нөлөөлөл хайгаад хэрэггүй л болов уу. Тун удахгүй иргэн бүр нэг сая төгрөгөө авна. Тавантолгойн хувьцаа, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг олгох шийд­вэрүүд инфляцитай уралдан хүлээлт үүсгээд байна.

Гашуун үнэнийг нуугаад яах вэ. Ирэх жилийн өдийд инфляци хэдэн хувьтай байх бол. Төгрөгийн ханш хэрхэн сулрах бол гэдэгт гартаа мөнгө барьж үзсэн хүн бүхэн санаа зовж байна. Бодвол сонгууль ойртож байгаа учраас мөнгөний хатуу бодлого баримталж болохгүй биз. Хэдийгээр Монголбанк Засгийн газраас хараат бус боловч удирдлагуудыг нь УИХ-аас томилдог учраас “Үл үзэгдэх гар”-аар амыг нь таглачихаад бай­гаа нь нэгэнт тодорхой болсон. Хэ­дийгээр УИХ-ыг дөрвөн жил тутамд, Монголбанкны удирдлагыг зур­гаан жил тутамд сонгож байхаар зөрүүлж төлөвлөсөн ч хараат бус байд­лыг хангаж ажиллаж чаддаггүй. Улсын төсвийн хуулийг батлахдаа Монголбанкныхныг яаж дарамталж байсныг нь харсан биз дээ.

Шатахууны үнэ ч бас сонгуулийн жилийн өмнө огцом нэмэгдэж байснаа хэн нэгэн хүчтэй улстөрчийг хуруугаа хөдөлгөх төдийд буурдаг нь дээрх хоёр удаагийн сонгуулиас харагдаж байсан хуучирсан факт шүү дээ. Ийнхүү улстөржсөн эдийн засаг, эдийн засагжсан улс төрийн нөлөө ард түмний амьжиргаанд аюул учруулсаар байна. Хатуухан хэлэхэд “эх оронч” дүр эсгэж УИХ-ын сонгуульд өрсөлддөг эрхэм улс­төрчид улс орныхоо эдийн засгийн өөдөөс гохоо дарчихаад зугтаж буй­тай ижил юм.  Тэд сонгуульд ялсан ч, ялагдсан ч эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх биш дээ. Гэвч тэдний тарьсан хохирол багадахгүй нь харамсалтай.

У.ОРГИЛМАА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж