“Засгийн газраас боловсролын салбарт асар их анхаарал тавьж байгааг та бүхэн мэдэх байх. Нэгэн жишээ бол оюутны тэтгэлэг. БИС-ийн хувьд оюутнууд тэтгэлгээ аваад эхэлсэн байна. Үүний цаана чанартай болосвролыг олгох нэн тэргүүний зорилт байгаа билээ. Улсад онцгой хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдийн дотор БИС-д бэлтгэж буй хоёр ч мэргэжил байдаг юм. БИС-д энэ хоёр мэргэжлээр элсэн орогсдод оюутны тэтгэлгийг шууд олгохоор мөн, бусад сургуулийг бодвол илүү уян хатан нөхцөлтэйгээр урамшууллын тэтгэлгийг олгож байгаагаараа онцлог юм. Гадаад хэлний сургуулийн хичээлийн байрыг ашиглалтанд оруулж байгаа та бүхэнд талархал илэрхийлье” хэмээн БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн юм. Шинэ хичээлийн байрны нөхцөл байдалтай танилцах үеэр сайд тохилог сургууль болсон тухай онцолж, цаашид хэрхэн тохижуулалт хийхийг сургуулийн удирдлагуудаас сонирхож байсан. Түүнчлэн тохилог орчинд ийнхүү хичээллэх болсон нь сайхан үйл хэрэг болохын хажуугаар сургалтын чанарыг улам сайжруулж, чадварлаг мэргэжилтэн бэлтгэн гаргахад илүү анхаарах учиртайг сануулж байлаа.
МУБИС-д гадаад хэлний хичээл заадаг болсоноос хойш буюу 18 жилийн хугацаанд дөрвөн өөр байранд хичээлллэдэг байсан байна. 1000 гаруй оюутан, 100 гаруй багштай, шинээр ашиглалтанд орж буй 2100 метр кв талбай бүхий хичээлийн байр 2,4 тэрбум төгрөгний өртгөөр жил гаруйн хугацаанд барьсан гэнэ. Одоогийн байдлаар таван тэнхимтэй, долоон мэргэжлийн хичээл ордог бөгөөд хичээлийн байрны зохион байгуулалтанд компьютерийн, лабораториуд төлөвлөгдсөн байна. Оюутнуудын тоонд харьцуулсан хичээлийн байрны багтаамжийн хувьд хангалттай тухай тус сургуулийн захирал Д.Цогзолмаа ярьж байсан юм.