Хятад-Оросын залуусын дунд уншлагын марафон зохион байгуулна

Хятад-Оросын залуусын дунд уншлагын марафон зохион байгуулна

Хятад-Оросын залуусын дунд уншлагын марафон зохион байгуулна

ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарынхан хоёр өдрийн турш “Хил орчмын бүс нутгийнхны номын санчдын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын арга хэмжээг зохион байгуулж, гадаад орны зочдоо хүлээн авлаа. Энэхүү арга хэмжээ 2025 оны дөрөвдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Өвөр Байгалийн хязгаарын төв Чита хотноо болсон юм.

БНХАУ-д номын сангийн үйл ажиллагаа ямархуу түвшинд байгаа талаар Хөлөнбуйр хотын тойргийн номын сангийн захирал Хуан Синь Өвөр Байгалийн мэргэжил нэгтнүүддээ танилцууллаа. Энэхүү хоёр өдрийн арга хэмжээ А.С.Пушкины нэрэмжит номын сангийн Өвөр Байгалийн хязгаарын салбарт явагдсан юм.

Захирал Хуан Синь-ий хэлснээр сүүлийн 10 жилийн турш номын сангийн хөгжилд зориулан төсвөөс хуваарилах мөнгөний хэмжээ тогтвортой нэмэгдэж байгаа ажээ. 2023 оны тоо баримтаар Хятадын номын сангийн нийт фонд 1,44 тэрбум ширхэг ном, бүтээлд хүрсэн байна.

Сүүлийн жилүүдэд номын сангийн өвийг хадгалах ажилд цахим технологийг идэвхтэй ашиглаж байгааг Хуан Синь онцоллоо. БНХАУ-ын Үндэсний номын сан 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр хуучны ном судрын 10 дахь ээлжийг олон нийтэд ил болгожээ. Энэ удаа 158 мянган ховор ном, баримт бичгийг олон нийтэд ил болгосон байна. “Эртний Хятадын ном, баримт бичгийг хамгаалах хөтөлбөр нь хуучны ховор ном, судрыг аврах зорилготой. Бидний энэ туршлагыг орос мэргэжилтнүүд маань хэрэгжүүлж, хил хязгаар хавийн үнэт архивыг хадгалахыг санал болгож байна” хэмээн Хуан Синь хэллээ.

Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хүмүүнлэгийн солилцооны эко орчныг хөгжүүлэхийг Хятадын тал санал болгож, “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд Хятад-Оросын залуусын хооронд уншлагын марафон зохион байгуулахыг санал болголоо. “Соёлын харилцаанд идэвхтэй залуу үеийг бэлдэх шаардлага, мөн номын санд залуучуудад зориулсан бүтээлч орон зайг бүрдүүлэх хэрэгтэй байна” хэмээн Хуан Синь хэллээ. Хөлөнбуйрын номын сангуудад дижитал технологи хурдацтай нэвтэрч байгаа ажээ. Тухайлбал, “ухаалаг хана”-н дээр хамгийн эрэлттэй байгаа номын жагсаалт, хэчнээн тооны ном захиалганд байгаа, захиалгаас буцан ирсэн номын нэрс, номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо зэрэг олон мэдээллийг ил нээлттэй харуулдаг болжээ.

Хил дамнасан оюун санааны зангилаа төвийг бий болгох хэрэгтэй гэж үзэж байгаагаа Хуан Синь мөн илэрхийллээ. “Энэ төвөөр дамжуулан Хятад, Оросын уншигчид хоёр орны түүхэнд умбах боломжтой. Жишээ нь, Чеховын зохиолыг орчин цагийн Хятадын уран зохиолтой холбох дижитал уялдаа холбоо хэрэгтэй байна. Мөн ойн түймэр, халдвар өвчин зэрэг онцгой байдлын үед шуурхай арга хэмжээ авах, мэдлэг, мэдээллээ хуваалцах механизм чухал байна” хэмээн Хуан Синь хэллээ.

А.С.Пушкины нэрэмжит номын сангийн Өвөр Байгалийн салбарын захирал Елена Сивцова хэлэхдээ иймэрхүү арга хэмжээ зайлшгүй хэрэгтэй гээд “Энэ бол номын соёлын асуудлаас ч илүү өргөн агуулгатай, энэ бол бүс нутгийн ном, хэвлэн нийтлэх бодлогын асуудал” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Василий Балябин, Николай Кузаков, Василий Никонов, Олег Смирнов зэрэг Өвөр Байгалийн зохиолчдын ном бүтээлийн дээж болон “Оросыг захирагчид” түүхэн цуврал номыг Хятадын мэргэжил нэгтнүүддээ Елена Сивцова бэлэг болгон өргөн барилаа.

Ийм хүндтэй бэлэг авсандаа Хуан Синь талархал илэрхийлээд “эдгээр ном Хөлөнбуйрын номын сангийн тавиур дээр хүндтэй байр суурийг эзлэх болно” гэлээ. Түүхийг гуйвуулах, Европ тивийг фашизмын хар тахлаас аварсан Зөвлөлт холбоот улсын үүргийг бүдгэрүүлэх аливаа оролдлогын эсрэг уран зохиолоор дамжуулан чадах бүхнээ хийх хэрэгтэй гэсэн байр суурийг Хуан Синь мөн илэрхийллээ.

Хятадын төлөөлөгчдөд бэлэглэсэн номын дунд зохиолч Олег Смирновын “Эшелон” гэдэг зохиол байгааг Елена Сивцова цохон нэрлээд энэхүү номонд фашистын Германтай хийсэн дайны төгсгөл, одоогийн Хятадын газар нутгийн нэгээхэн хэсгийг эзэгнээд байсан Японы милитаристуудтай хийх дайны эхлэл хоёрын хоорондох цаг хугацаан дахь орос цэргийн амьдралын тухай өгүүлдэг болохыг тайлбарлалаа.

Оросын хятад судлаач эрдэмтэн Александр Тарасовын үзэж байгаагаар ийм арга хэмжээ нь Хятадын хил орчмын ард иргэд Орос орныг ойлгон, хүлээн авахад ихээхэн ач холбогдолтой гэлээ. Чита хотын “Номын сангийн төвлөрсөн систем”-ийн захирал Татьяна Раздобреевагийн үзэж байгаагаар ийм арга хэмжээ нь ихээхэн ирээдүйтэй гээд “Бид Хятадын төлөөлөгчдийн байр суурь, санал, бодлыг сонслоо. Энэ бол өргөн цар хүрээтэй төсөл юм” хэмээн хэлсэн юм.

Хятадын төлөөлөгчид Читагаас гадна Агийнский болон Могойтын суурины номын санд зочлон танилцлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж