С.Гантөмөр: Монголын сайтуудын дуу хөгжим, клип, кино гэсэн буланг бүгдийг хаана

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

С.Гантөмөр: Монголын сайтуудын дуу хөгжим, клип, кино гэсэн буланг бүгдийг хаана

С.Гантөмөр: Монголын сайтуудын дуу хөгжим, клип, кино гэсэн буланг бүгдийг хаана
Хулсан ташуур нь байгаасай, хуруундаа өлгөөд явах юмсан гэхээр “Perfect” хамтлагийн залуус санаанд орох байх. Дөрөв, таван ч жилийн өмнө сураг тасарсан тэд хаана юу хийж яваа юм бол гэдгийг тодруулахаар тус хамтлагийн дуучин С.Гантөмөртэй ярилцлаа. Уг нь бидний яриа “Юндэн гөөгөө”, “Хулсан ташуур”, “Амин зүрхэнд нөмөртэй аав”, “Учрал” гээд л тэдний дуулсан хүмүүсийн аялах дуртай дуунуудын тухай дурсамжид тулгуурлах байсан боловч өөр сэдэв рүү хазайчихлаа. Учир нь та бидний мэдэх дуучин С.Гантөмөр өдгөө Оюуны өмчийн газрын дэд даргын албыг хашиж байгаа юм.

-Та оюуны өмч гэсэн онцгой салбар руу оржээ. Яагаад төрийн албан хаагч болчихов оо?
-Өнгөрсөн наймдугаар сард энэ албанд томилогдсон. Эзэмшсэн мэргэжил, хийж байсан ажил энэ албанд ирэхэд нэгдүгээрт шалтгаалсан. Ер нь соёл, урлагийн байр байдал өнөөдөр ямар байгаа билээ гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөөд энэ салбарыг цэгцлэхэд оролцохоор болсон. Би урлаг, уран сайхны ажил хийж байгаад улс төр, нийгмийн амьдралд идэвхтэй оролцъё гэж боддог байсан. Ингээд л төрийн албан хаагч болсон доо. Энэ албан тушаалыг хашихад эзэмшсэн мэргэжил, ажлын туршлага нөлөөлсөн гэж бодож байгаа. Ер нь би багаасаа нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан.

-Өндөр албан тушаалтнуудын боловсролын байдлыг иргэд их сонирхдог. Үүнд Оюуны өмчийн газрын дэд даргын боловсрол ч хамаатай?
-Би Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байв. Монголд мэргэжлийн продюссерууд байхгүй байсан болохоор СУИС-ийн урлагийн менежментийн ангийг мөн дүүргэсэн.

-Ний нуугүй ярья. Дуучид гэхээр л толгой муутай гэж ойлгодог шүү дээ. Өөрсдөө ч багадаа хичээлдээ муу байлаа гэдэг. Энэ дундаас бичиг цаас хөөсөн цөөн хүний нэг нь та юм болов уу?
-Би их олон хүүхэдтэй айлын бага. Аравдугаар ангиа төгсөөд мэргэжлээ сонгоход миний ах нар тал талаас тамирчин бол, Цагдаагийн сургуульд ор гээд л их олон хувилбар санал болгож байлаа. Бага дүүгээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэчих гээд л надад зөвлөнө. Манай гэрийнхэн бүгд хуульч хүмүүс. Энэ гэрт хуульчид хангалттай байгаа болохоор би өөрийн замаар амьдралаа төлөвлөнө гээд гэр бүлийн уламжлалаа эвдсэн.

-”Perfect” хамтлагийн бусад гишүүн хаана юу хийж яваа вэ?
-Тус тусын ажил амьдралыг хөөгөөд явж байгаа даа. Гэхдээ бүгд урлагтай холбоо-той ажилтай. Манай Баярсайхан дуу бичлэгийн “Намуун” гэдэг студи ажиллуулж байна. Зоригоо киноны хүн болсон. “Үнэний эрэлд”, сүүлд гарсан “Помогите нам” гээд кинонуудыг найрууллаа. Ер нь бид залуу нас хүч ухаанаа урлагт зориулж яваа хүмүүс. Залуу насаа уйдах завгүй
өнгөрөөж байна. Хүн амьдралдаа зорилго тавьдаг шүү дээ. Би ч гэсэн ойрын, хэтийн, алсын гэсэн зорилгууд тавиад л ажиллаж байна.

-Тэгвэл та ойрын хугацаанд юу төлөвлөөд байна вэ?
-Урлагийнхнаа олигтой орлогод хүргэчих юмсан гэж бодож байна. Уг нь тэдний уран бүтээл их орлого олдог. Гэхдээ уран бүтээлчид тэр орлогоосоо хүртдэггүй. Гантөмөр гэдэг хувь хүн энэ ажлыг санаж сэдээд хийгээд байгаа юм биш. Магадгүй миний оронд өөр хүн ирсэн бол адилхан хийх л байсан. Нэг дуу нэг сая төгрөгөөр бүтэж байна. Дээр нь клип хийлгэнэ, цомог гаргана, хэвлэл мэдээллээр цацна гээд асар өндөр зардалтай. Ингэж хөдөлмөрлөсөн хүн үр шимээ хүртэх ёстой. Соёл, урлагийн салбарынхны амьдрал өнөөдөр ямар байгаа билээ, хэцүү байгаа шүү дээ. Өөрөө телевиз радиогоор гараад л байна, гэрийнх нь хөргөгч хоосон байдаг. Дэлхийн жишигт хамтлаг, дуучид гаргасан цомгоосоо мөнгө олж байна, телевизүүд мөнгө төлж клипийг нь гаргаж байна. Интернэт сайтууд ч мөнгөө төлөөд дууг нь авдаг. Гэтэл Монголд яагаад бүх юм үнэгүйдээд байгаа юм. Энэ үнэгүйдлийг зогсооно, байхгүй болгоно. Энэ олон салбараас мөнгө олж байгаа бол тэр мөнгөний тодорхой хувь уран бүтээлчдэд хүрэх систем боловсруулж байна.

-Зохиогчийн эрхийн асуудлыг хянаж зохицуулна гэдэг адармаатай ажил санагдаад байдаг юм. Монголын хоёр сая 700 мянган хүний нүдийг дарж, чихийг бөглөхгүй л бол зохиогчийн эрхийн асуудал манайд бүрэн зохицуулагдаж чадахгүй юм биш үү?
-Хэцүү гэж бүү бод, оролдвоос бүтнэ гэдэг үг бий байх аа. Тоог томъёонд оруулж болдог. Үүнийг шийдсэн олон улсын арга замууд байна. Бид хүний чихийг дарж, нүдийг хаах гээд байгаа юм биш. Жишээ нь өнөөдөр зах дээр дуучдын цомгийг хувилаад зарж байгаа хүмүүс эзэнд нь яагаад хувь хүртээж болохгүй гэж. Үүнийг зохицуулахын тулд төрийн болон төрийн бус байгууллагын уялдааг сайжруулах хэрэгтэй. Бид хангалттай биенээ шүүмжиллээ. Одоо гарах гарцаа ярья. Энэ утгаар урлагийн хамтын удирдлагын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Рок поп, нийтийн дуучид, хөгжмийн зохиолчдын хамтын удирдлагын байгууллагууд эвлэлдэн нэгдэж байна.

Төрийн байгууллага нь эрх зүйн орчныг нь бүрдүүлдэг, бизнесийн байгууллага нь уран бүтээлчдээс эрхийг нь худалдаж авдаг, уран бүтээлчид нь цэвэр уран бүтээлээ хийдэг ийм арга замыг бид сонгох гэж байна. Хэрэгжээд эхэлбэл үнэлэмж ч дээшилнэ. Урлаг, уран сайхны хүн  гэхээр л хормой султай гэж худлаа ярьдаг. Урлагийнхан цөөхөн. Ний нуугүй хэлэхэд энэ цөөхөн хүмүүсийнхээ ар өврийн явдлыг ухаж төнхөн, мууг үзэж л энэ олон телевиз, сонин, FM-үүд ажиллаж байна. Шударга бай л даа. Энэ хүмүүс байхгүй бол телевизүүд юу гаргаж, сонинууд юу бичих вэ. Тэгэхээр гаргаад байгаа хүмүүсээ харлуулахаа болих хэрэгтэй. Хоёрдугаарт, 1990 оноос хойш соёл, урлагийн бодлого алдагдсан. Монголд бүх юм эсрэгээрээ. Дуугаа телевиз, FM-үүдээр цацъя гэхээр мөнгө нэхдэг. Телевизийн программын 60 хувь урлагийн нэвтрүүлэг, олон ангит, баримтат кинонууд, орчуулгын нэвтрүүлгүүд байна. Тэр нь ямар ч зохиогчийн эрхгүй.  Өмнө нь би уран бүтээлч байсан хүн. УИХ-ын сонгууль, шинэ жилээр л мөнгө олдог байсан. Одоо бол энэ бүхнийг хасч танасан. Тэгчихээд урлагийнхныг яаж амьдар гээд байгаа юм бэ. Бид яриад л байгаа болохоос яг барьж аваад хийсэн хүн алга. Манайхаас өөр оронд хийж, хэрэгжүүлж болоод байгаа ажлыг бид чадаж л таараа. Түрүү долоо хоногт гэхэд бүх киночдыг цуглуулж уулзлаа.

-Бүр жижигхэн асуудал ярья л даа. Жишээ нь, би хэд хоногийн өмнө дуучин Ж.Алтанцэцэгийн зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлахыг хориглоно гэсэн анхааруулгатай цомгийг компьютертээ хуулсан. Би хууль зөрчсөн үү? 
-Жижгээр хууль зөрчиж байгаа хэрэг. Гэхдээ хуулийг их, бага зөрчлөө гэсэн ойлголт байдаггүй. Хүнд үсэг заагаагүй байж уншихыг шаардсан юм яримааргүй байгаа юм. Бид урлагийн хүмүүстэй уулзаж байгаад амьдралд хэрэгжихүйц хөрсөн дээрээ буусан юм хийнэ. Жишээ нь тусгай зөвшөөрлүүдийг манай газраас гаргана. Харилцаа холбооны зохицуулах хороо манай Оюуны өмчийн газар контент хэрэглэдэг компаниудыг яах вэ гэсэн хамтарсан журам гаргаж байгаа. Телевиз, FM-үүд Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрхээ аваад л болоо гэж боддог байсан. Одоо бол уучлаарай, телевиз, FM-ийн захирлууд аа. Хүний юмыг ашиглаж байгаа бол орлого хуваах зарчмыг хүлээн зөвшөөр гэсэн журам батална. Зөвхөн FM гэхэд дууг дундуур нь тасалж сурталчилгаа явуулж байна, дуун дээр дөрвөн оронтой төлбөртэй утаснаас захиалга авч байна. Цаашид ингэж ажиллах юм бол орлогынхоо 15-аас доошгүй хувийг уран бүтээлчид, хамтын удирдлагын байгууллагад өгнө. Телевиз, вэб сайтууд ч мөн адил энэ журамд хамрагдана.

-Та хийх гэж байгаа ажлуудаа ярилаа. Хийж хэрэгжүүлсэн ажлууд юу байна вэ?
-Хэрэгжээд эхэлсэн. Ирэх намраас асуудлууд цэгцэрсэн байх байлгүй.

-Түрүүн жижигхэн жишээ татсан. Тэгвэл одоо том жишээ татъя л даа. “Нарантуул” захын ТҮЦ холливудын нэг киног хуулаад заржээ. Монголын ТҮЦ-ээс олсон орлогын хувь гэж холливудад мөнгө төлөхгүйгээс хойш тухайн ТҮЦ-ийн эзэнд арга хэмжээ авах уу?
-ОХУ-ын театрынхан “Парисын дарь эхийн сүм”-ийг тайзнаа тавихдаа дууг нь орчуулж дуулсан гээд Олон улсын шүүхэд очсон байна. Манай “Ньюанс” хамтлагийн дуулсан дууг л адилхан дуулсан гэсэн үг шүү дээ. Манайхан нэг үеэ бодвол оюуны өмчийг ойлгож байна. Сая УДЭТ энэ жүжгийг тавихдаа найруулагч Н.Наранбаатар өөр дуу хийж тавилаа. Холливудад өрсөлдөж буй кино Монголын телевизүүдээр зэрэгцэж гардаг. Уг нь кино театраас эхлээд прокат хүртэл хоёр жил зарагдаж орлогоо олчихоод дараа нь телевизээр гаргадаг жишигтэй. Авууштай нь “Аватар” кино Монголын аль ч телевизээр гараагүй байгаа. Америкт том том кино компаниудаас хамгаалах эрхийг нь өөр компани худалдаж авдаг.

Дэлгэцэнд гаргах, видео цомог болгох гээд бүх эрхийг нь өөр компанид өгдөг. Харин Монголд болохоор таны яриад байгаа үнэн. 2.7 сая хүний нүд чихийг таглахгүй л бол хамгаалж болохгүй ээ гэж. Нийслэлийн сая гаруй хүнээс хүүхэд хөгшид, кино сонирхдоггүй хүнийг нь хасахаар киноны хорхойтнууд цөөхөн гарна. Тэдгээр хүмүүстэй уулзаж ярилцахад Монгол
оюуны өмчийн олон улсын гэрээ конвенцод нэгдсэн л юм бол нэг доллар ч болтугай төлөөч ээ, эрхийг нь аваад үзье гэдэг. Иймэрхүү хүсэлтийн дагуу бид ажиллаж байгаа. Монгол дахь монгол кино, Монгол дахь гадаад киноны асуудлаар дээр ярьсан Америкийн киноны эрхийг худалдаж авдаг “Motion pictures”-тэй хамтарч ажиллахыг хичээж байна. Бид дэлхийн
хүнээс өөр биш шүү дээ. Адилхан хоёр гар, хоёр хөлтэй. Оюуны цангаа байна уу, байна. Тэр цангааг тайлах эрхээ хууль номынх нь дагуу авдаг болчихъё л доо.

-Холливудын киног зарж байгаа ТҮЦ-ийг торгох уу?
-Торгоно.

-Тэгвэл намайг торгох уу. Би хуулбарлахыг хориглосон цомог хуулсан шүү дээ?
-Манай монголчуудын тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ гэсэн дутагдал байна. Барьцаалаад ч байгаа юм шиг. Үүнийхээ оронд болохгүй гэдэг юмыг яагаад ойлгож болохгүй байгаа юм бэ. Бид хүний юмыг зөвшөөрөлгүй авч байна. Та өөр дээрээ жишээлээд үз. Хэн нэгэн таны түрийвчийг булаавал та ямар их уурлах вэ. Өөрийгөө дуучин гээд бод. Уг нь та их олон салбараас мөнгө олох гээд байдаг, дууг тань хулгайгаар борлуулж өөр хүмүүс ашиг олоод байдаг. Шударга биш байгаа биз дээ. Энэ гаж тогтолцоог үүнийг үндсээр нь солино. Интернэт сайтуудтай ч бас тэмцэнэ. Ингэхээр хүмүүс яаж тэмцэх юм гэж асуудаг. Би танд яаж тэмцэх аргыг нь хэлээд өгөх үү.
Хүмүүс мэдэж аваг.

-За.

-Сайт ажиллуулж байгаа хүмүүс уран бүтээлчдийн бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашиглах эрх нь байна уу. Ашиглах эрхийн бичгээ гаргаад ир гэхэд гаргаж ирэхгүй бол мn өргөтгөл дээр домайн нэр авсан сайтуудын дуу хөгжим, дүрс, кино гэсэн буланг бүгдийг хаана. Ижил төстэй эрхээ авсан сайтууд гараад ирэг. Тэндээс хүмүүс мөнгө төлж дуугаа татаг. Olloo.mn гэсэн сайтад дуучин Гантөмөрийн 12 дуутай цомог байна. Надаас лав энд тавилаа гэж асуугаагүй. Би дуугаа татах гэсэн чинь мөнгө нэхэж байгаа юм. Энэ шударга уу. Жүжигчин Хүрлээгийн хийсэн “Боолын гэрээ” кино зах дээр 200 мянган хувь зарагдсан. Хүрлээ 200 сая төгрөгөө зүгээр алдсан байна шүү дээ.

-Намар баахан хуурцаг, цомог устгасан шүү дээ. Ямар үр дүн гарав аа?
-Энэ хууль бус үйлдэл шүү гэдгийг худалдан авагч, худалдагчдад маш сайн ойлголт өгсөн. Дөрөвдүгээр сарын 26-нд дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдөр болдог юм. Улаанбаатарт төвтэй  21 аймагт хуурамч цомог үйлдвэрлэж, зардаг сүлжээ бий болсон. Нэгэнт л ийм болсон юм чинь нэгээс хоёр компанид үйлдвэрлэх эрх өгөх гэж байгаа. Тэд хууль ёсных нь дагуу татвар шимтгэлээ төлөөд үйл ажиллагаа явуулна биз. Ер нь хуурамч цомгийн асуудал цэгцэрч эхэлж байгаа шүү. Та бид хоёрын яриа нэлээд нуршуу болчихлоо. Ахиад ярих юм бол миний ажлын тайлан болчих гээд байна. Яривал дуусашгүй. Гэхдээ бид үүнийг хийх ёстой, хийх цаг нь болчихсон. Хэрлэн, Алтаа эгч гээд л бид хэд суухаараа би ажлаа ярина. Ийм ийм юм хийж хэрэгжүүлж байна гэхээр “Гантөмөрөө чи үүнийг хийвэл чамд хүрлээр хөшөө босгоё” гэдэг юм.

-Таны хэлснээр одоо ажлаа азная. “Perfect” дахин хамтдаа дуулах уу?
-Магадгүй тодорхой хугацааны дараа “Эргэн дурсахуй” ч гэдэг юм уу, тоглолт хийх байх. Ер нь уран бүтээлийн хувьд бид завсарлага авсан байгаа.

-Хамгийн сүүлд хэзээ дөрвүүлээ нийлж дуулав?
-Бид 21 аймгаар “Талын Монгол” аялан тоглолтоо хийгээд уран бүтээлээ завсарласан. Албан бусаар бол студи дээрээ очихоороо гитар бариад дөрвүүлээ сууна. Хааяа найз нөхдийн төрсөн өдрөөр таараад ч юм уу, тал талаас дуудагдаад караокед орох үе бий.

Л.МӨНХЗАЯА   
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж