АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт багагүй фенүүдтэй. Тэдний нэг Энэтхэгийн Телегана мужаас гаралтай Бусса Кришна Доналд Трампыг засаглалын эрх авснаас нь хойш бурхан мэт шүтэх болсон аж.
“Трамп бол миний бурхан, тэр үргэлж миний сэтгэл зүрхэнд оршдог. Би Трампад маш их дуртай болохоороо түүнийг шүтдэг” гэж Бусса Кришна ярьжээ.
Тэрбээр Доналд Трампыг “Make America Great Again!” ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх кампанит ажлаас нь хойш дэмжиж ирсэн байна.
Хаана ч явсан Трампын хөрөг зурагтай хамт явах Бусса Кришна өдөрт хэд хэдэн удаа түүнд зориулан мөргөж, өргөл барьдаг гэнэ. Тосгоныхон түүнийг сэтгэц мэдрэлийн эмчид очиж үзүүлэхийг зөвлөдөг ч тэрбээр “Тэр бол миний бурхан” хэмээн хариулдаг аж.
Бусса Кришна Трампын гэх сэтгэлээ бусадтай хуваалцахаар Facebook хуудас нээсэн бөгөөд үргэлж шинэ зураг, видео оруулдаг. Түүний энэ үйлдлийг чин сэтгэлээсээ дэмждэг олон фээсбүүк найзтай болжээ.
“Миний дараагийн төлөвлөгөө бол ойрын зургаан сарын дотор ноён Трампад зориулж сүм байгуулах явдал” гэж Кришна нүүр номдоо бичсэн байна.
Г. Батмандах
Эх сурвалж : 9news